Заримдаа дээд албан тушаалтныхаа урмыг хугалахгүй гэсэндээ “үгүй” гэж хэлж чадахгүй үе тулгардаг. Үүнээсээ болж “тийм” гэж хэлээд амралтын өдрөө ч амарч чадахгүй, хувийн амьдралдаа зарцуулах цагтаа халдах тохиолдол танд гарч байсан уу? Тэгвэл яг одооноос эхлээд “үгүй” гэдгийг “маш тойруугаар” ингэж хэлээрэй.
1. Тэнэг шалтаг хэлж болохгүй
“Үгүй” гэж хэллээ гээд өөрийгөө буруутгаж, даргаасаа айх хэрэггүй. Учир нь дарга тань эсхүл хамтран ажиллагч тань ухаантай л хүн бол үүнийг хүлээн зөвшөөрөх болно. Гэхдээ шууд “үгүй” гэж хэлж болохгүй нь мэдээж. Энэ нь маш бүдүүлэг мэдрэмж төрүүлэх болно. Тиймээс шалтаг шалтгаан таньд хэрэгтэй болно. Гэхдээ "нохойгоо салхилуулж байна", "гэртээ хөшиг авч байна" гэсэн шалтаг хэлж болохгүй бөгөөд маш итгэлтэйгээр зөв шалтаг олж хэлээрэй.
2. Буугаа барь
Зарим “мэдрэмжгүй” дарга нар таныг “үгүй” гэж маш тойруугаар хэлсэн ч амралтын өдөр ажиллахыг тушааж мэднэ. Таны бодлыг өөрчлөх гэж ятгаж магадгүй. Гэсэн ч бодлоо битгий өөрчлөөрэй. Анхны хариултаа өөрчлөхгүй байх нь чухал. Энэ нь дараагийн удаа таныг амралтын өдрөөр ажиллуулах шаардахгүй байх эхлэл болж магад.
3. Хариултандаа итгэлтэй бай
Итгэлгүй хариулбал таныг ятгасаар байгаад ажилдаа ирүүлэх шийдвэр гаргуулж мэднэ. Үүнийг бүү зөвшөөр. Зүгээр л зоригтой бай. Хэрэв таны шийдвэр "үгүй" бол "магадгүй" гэж битгий хэлээрэй. Өөрийнхөө үзэл бодолд тууштай байвал таны хариултыг хүлээж авах магадлал өндөр байх болно.
4. Дараагийн удаа “тийм”
Магадгүй үгүй гэж хэлбэл, дараагийн удаа танд ч бас үгүй гэж хэлэх байх гэж айж байна уу. Тэгвэл яг одоо л “үгүй” гэж байгаа боловч дараагийн удаа заавал “тийм” гэх болно гэдгийг даргадаа сайн ойлгуулаарай.
5. Асуудлыг шийдэх гарцыг санал болго
Яг одоо үнэхээр боломжгүй байгаа учраас л энэ асуудлыг шийдэх боломжгүй байна гэдгээ сайн ойлгуулаарай. Мөн таньд даалгаж байгаа ажлыг өөр хүнд даалгах боломжгүй байгаа эсэхийг лавлаарай. Түүнчлэн ажлын цагаар очиж, асуудлыг шийдэх боломжтой гэдгээ ч хэлж болох юм.
6. Заналхийлэлд бүү өрт
Иймэрхүү нөхцөлд зарим “мэдрэмжгүй” дарга нар таныг ажлуулахын тулд ямар нэгэн заналхийллийн шинжтэй зүйл хэлж мэдэх л юм. Сайн менежер таныг хувийн амьдралтай гэдгийг үл тоомсорлож, хариуцлага хүлээлгэнэ гэж заналхийлэхгүй. Таны ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хүндэтгэн үзэх болно.
7. Өөрийнхөө бодлыг дахин давтаж хэлээрэй
Муу менежер таныг ятгасаар байвал хөдөлмөрийн тухай гэрээг сөхөж үзэхэд илүүдэхгүй болов уу. Энэ гэрээний зүйл заалтыг маш эелдгээр ойлгуулахыг хичээгээрэй.
8. Тийм гэж хэлэхийн үр дагаврыг тооцож үзье
Хэрвээ та ажлын бус цагаар ажиллахыг зөвшөөрлөө гэвэл, хамгийн наад зах нь та чөлөөт цагаа золиослох болно. Найзууд, гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх боломжгүй. Хувийн амьдралд тань нөлөөлөх болно. Тиймээс ажил амьдралынхаа тэнцвэртэй байдлыг хангахын тулд “үгүй” гэж хэлж сураарай.
Эцэст нь хэлэхэд, ажилдаа идэвхи санаачлагатай байхын тулд илүү цагаар ажиллахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь таны хувийн амьдрал, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг анхаарч үзэх шаардлагатай. “Үгүй” гэж хэллээ гээд өөрийгөө буруутгах хэрэггүй. Мөн бусдаас ирэх дарамтыг бүү зөвшөөр.