УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн үйлчилгээний цахимжуулалтын талаар мэдээлэл хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ үеэр "Хөгжлийн бэрхшээлтэй хүн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх, нийгмийн халамжийн бүхий л үйлчилгээнд хамрагдах үндсэн баримт бичиг болох хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхээ шинээр авах, сунгуулахад уг үйлчилгээг үзүүлэгч төрийн байгууллага дээр биеэр очих шаардлагатай байдаг. Тэгвэл Е-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийг шинээр авах, сунгуулах хүсэлт илгээх боломжтой боллоо.
Тодорхой хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй цахим үндэстэн болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийг Е-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан шинээр авах, сунгуулах үйлчилгээг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн биеэр оршин суугаа газрын ЗДТГ дээрээ очих шаардлагагүй болж хүсэлтээ цахимаар илгээн төлөөллийн хүнээрээ үнэмлэхээ авахуулах боломж нээгдэж байна" хэмээн мэдээлсэн.
Мөн нийгмийн даатгал, халамж болоод шинээр цахимжуулсан үйлчилгээнүүд тэр дундаа ажилгүйдлийн тэтгэмжээ цахимаар авах боломжтой болсон, ажил олгогч шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулж цахимаар илгээж цаг зав, зардлаа хэмнэх боломжтой зэрэг сүүлийн үеийн цахимжуулалтын ажлаас цохон дурдсан юм.