2000 оноос Үндэсний урлагийн их театраар овоглож, өнгөрсөн сард Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, тэмдгээр энгэрээ мялаалгасан бүжигчин, багш А.Батхүүг “Хүмүүс” буландаа урилаа
-Гавьяат жүжигчин цол хүртэхэд аав, ах хоёр тань танаас илүү баярласан байх. Энэ мэдээг хэрхэн сонсож, хамгийн түрүүнд хэнтэй хуваалцав?
-Манай театрын захирал “Чи маргааш Гавьяат жүжигчин цол хүртэхээр болжээ. Баяр хүргэе. Удахгүй Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэх байх шүү” гэж утасдаж, анх хэлсэн юм. Юу гэхээ ч мэдээгүй. Гайхаж балмаг даад л. Удаа ч үгүй тус газраас залгаж очих цаг, анхаарах зүйлийг тодруулж хэлсэн. Тэгээд хамгийн түрүүнд аав, ээж рүүгээ утсаар ярьсан даа. Тэд минь баярлаад сүйд. Цаг тулгуу учир юу өмсөх учраа олдоггүй. Тэгээд л аавынхаа дээлийг өмсөхөөр шийдлээ. Төрийн ордонд аавынхаа дээл, ахынхаа малгайг өмсөөд, нэрээ дуудуулж шагнуулах бахархам сайхан л юм билээ.
-Таны аав Гавьяат жүжигчин, Үндэсний урлагийн их театрын ахмад бүжигчин Ц.Алтангэрэлийг Ц.Сэвжидийн “Буриад”, Н.Жавзангийн “Мянгад”, Ч.Дамдин багшийнхаа “Хултай биелгээ”-г ямар гайхамшигтай бүжиглэдэг байсныг нь хамтран ажиллаж асан уран бүтээлчид, шавь нар нь, тухайн үеийн үзэгчид шагшдаг.
Мөн таны ах Гавьяат жүжигчин, бүжигчин, бүжиг дэглээч А.Даваахүүг хүмүүс андахгүй. Аав, ахыгаа харж, бүжгийн урлагт багаасаа дурласан уу, та?
-Таван настайгаа л бүжиглэсэн. Нэгдүгээр ангиасаа Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Гавьяат багш Ч.Жаргалсайханы удирдлагад суралцсан. Хүүхэд байхдаа аавтайгаа хамт “Эрээн хавирга” торгууд биелгээ биелж, уралдаанд оролцож байв. Ер нь миний хүүхэд нас Улсын ардын дуу, бүжгийн чуулга (одоогийн Үндэсний урлагийн их театр)-д өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Чуулгын бүжгэн жүжгүүдийн хүүхдийн дүрд “гарчихдаг” байлаа. “Нарны домог” бүжгэн жүжгийн таван баатрын бага насанд тоглосноо огт мартдаггүй. Уг нь сурагч байхдаа Үндэсний телевиз (МҮОНТ)-ийн “Эрдмийн гайхамшиг” теле жүжигт үеийнхнээсээ шилэгдэн тоглож байв. “Бүтэлгүй Бүдээ” хүүхдийн цувралд мөн тоглосон. Тэр үеэс л урлагт дурласан юм болов уу даа.
-Урлагийн гэр бүлд өссөн, тэгээд хүүхдийн кино, жүжигт тоглож байсан юм чинь жүжигчин болъё гэж бодоогүй юу?
-Миний ээж Монголын хүүхдийн ордонд 40 гаруй жил ажиллаж, сурагчдад үндэсний хөгжим заасан, Гавьяат багш хүн бий. Өвөө минь театрын найруулагч хүн байсан. Ээж уг нь “Өвөөгийнх нь мэргэжлийг өвлүүлнэ” гэдэг байв. Гэтэл тавдугаар анги төгсдөг жил аав намайг Хөгжим бүжгийн коллеж (одоогийн Монгол Улсын Консерватор)-д дагуулж очин шалгуулж, би тэнцчихсэн. Ингэж л бүжигчин болох зам руу аав минь хөтөлсөн дөө.
-Үндэсний урлагийн их театртай амьдралаа хэрхэн холбосон юм бэ?
-Би Хөгжим бүжгийн коллежийг 2000 онд төгссөн. Төгсөөд ангиараа Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ахмад уран бүтээлч, Гавьяат жүжигчин Ц.Алтангэрэл, Г.Зоригт тэргүүтэй багш нарынхаа гар дээр ирсэн дээ. Сургуульд заалгасан хичээлээс гадна тэдний бидэнд өвлүүлсэн бүтээл, дэг, үгс маш үнэ цэнтэй санагддаг.
-Чуулгын босго даваад анх ямар дүрээр театрынхаа тайзан дээр гарсан бэ?
-Чуулгад ороод эхний гурван жил гол дүрд бүжиглээгүй. Харин 2003 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар багш “Мэргэнд буусан чоно” модерн бүжгэн жүжиг дэглэж, найруулсан юм. Эл жүжгийн Таху гэх эсрэг дүрийг надад оноосон. Гавьяат жүжигчин Ш.Одонтуяа эгчийн аав нь болж тоглоно гэхэд надад зүүд шиг л санагдаж байлаа. Тайзан дээр гарснаа, жүжиг дуусаж ёслоод зогсож байснаа л санадаг. Тэр хооронд юу болсон юм, бүү мэд. Эл дүрд тоож тоглуулсанд талархаж явдаг юм. Түүнээс хойш чуулгынхаа бүх уран бүтээлийн гол болон туслах дүрээр тайзнаа гарчээ.
-Мэргэжлийн бүжигчин байхын амтыг хэзээ анх мэдэрч, шунав?
-Хэзээнээс мэргэжлийнхээ амтанд орсныг хэлж мэдэхгүй юм. Хөгжим бүжгийн коллежид сурч байхаасаа юм болов уу. Нэг мэдэхэд л өөрийгөө тайзнаас хол байгаагаар төсөөлж чадахаа больчихсон.
-Тайзан дээр бүтээсэн аль дүр тань тантай адил зан араншинтай мэт санагддаг вэ?
-Бид биеийн хөдөлгөөнөөр дүр бүтээдэг. Эсрэг дүр бүтээх амаргүй. Тийм ч болохоор “Мэргэнд буусан чоно”-ын Тахугийн дүрдээ их хайртай. “Нарны домог”-ийн Ногоон баатартаа ч хайртай. “Алтан ураг”-ийн Дармаладаа ч хайртай. Энэ мэтчилэн дурлаж бүтээсэн, хайрлаж явдаг дүр олон бий.
-Тайзан дээр байхдаа юу мэдэрдэг бол?
-Тухайн уран бүтээл, дүрийн онцлог, үзэгчдэд хэрхэн хүрч буйгаас шалтгаалаад өөр өөр мэдрэмж төрдөг. Уран бүтээлийн санаа, агуулгыг хэрхэн мэдэрснээ хөдөлгөөнөөрөө илэрхийлж үзэгчдэд хүргэх л хамгийн гол нь. Гэхдээ аль нь ч байсан би тайзан дээр яг өөрийнхөөрөө байж, жаргадаг. Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд хэцүү юм.
-Бүжгийн өөр төрлийг сонирхож, оролдож байв уу?
-Чуулгад ороод удалгүй үе тэнгийн бүжигчидтэйгээ хамт “Clever monkeys” гэж хамтлаг байгуулсан. Брек бүжиг ид моодонд орж байсан үе. Чуулгынхаа өдөр тутмын сургуулилалт, тоглолтод оролцчихоод үлдсэн цагт нь хамтлагийнхаа бүжгийг дэглэж, бэлтгэнэ. Уралдаанд ч амжилттай оролцдог байлаа.
-Ингэхэд та аавтайгаа хамт тайзан дээр гарч байсан уу?
-Багадаа “Нарны домог” тэргүүтэй бүжгэн жүжигт аавтайгаа тоглодог байсан. Оюутан байхдаа чуулгын тоглолтод оролцдог, дадлага хийдэг байв. Тэр үед аав багш. Олон ардын дасгал, сургуулилалтыг аавынхаа заавар, удирдлагад хийдэг байлаа. Харин намайг сургуулиа төгсөөд ирэх үед аав тэтгэвэртээ гарчихсан.
-Ахтайгаа хамт уран бүтээл хийх бодол бий юү?
-Манай гэр бүлийнхний хамгийн үнэнч үзэгч, шударга шүүмжлэгч нь ээж. 1996 онд ах “Алтан уран” бүжгэн жүжгийн Жамухын дүрд тоглосон юм. Тэгэхэд ахад “Ингэвэл зүгээр. Тэр алдаагаа засаарай” гэж зөвлөгөө өгөөд л. Харахад их сайхан санагддаг байлаа. 2003 онд би “Мэргэнд буусан чоно”-д бүжиглэчихээд хамгийн түрүүнд ээжийнхээ юу гэхийг сонсохыг хүсэж билээ. 2010 онд ах “Шилийн богдын салхи” бүжгэн жүжиг дэглэж, би гол дүрд нь тоглов. Гайхалтай санагдсан. Хамтран уран бүтээл хийх хүсэл бий.
-Таны хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөх шинж байна уу. Тэгвэл гурван үеийн уран бүтээлч гэр бүл болох нь.
-Миний хань бас бүжигчин. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүү багадаа “Нарны домог”, “Монголын их хатад” бүжгэн жүжигт тоглодог байлаа. Одоо Монгол Улсын Консерваторт лимбэ хөгжмөөр суралцаж байна. Удаах охин ятга, дунд хүү хийл хөгжмийн ангид суралцдаг. Бага нь наймхан сартай. Бүжигчин болгочих юм сан гэсэн нууцхан хүсэл бий.
-Бүжигчин бол богино настай, залуу насны мэргэжил. Тэтгэвэрт гарахаараа бүжиг дэглээч болж, эсвэл багшилсан бүжигчин олон. Та ч багшилж эхэлсэн гэсэн үү?
-Харгис мэргэжил гээд хэлчихвэл буруудахгүй л байх. Бүжигчид 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарах ёстой. Түүний дагуу л тэт гэвэртээ гарлаа. Харин театрын удирдлагууд санал тавьснаар дасгалжуулагч багшаар ажиллаж эхлээд байна.
-Тайзан дээр гаралгүй ард нь үлддэг болох гунигтай санагдаж байна уу?
-Нэгт, нас ахих нь жам. Хоёрт, мэргэжлийн минь онцлог иймээс хойш яалтай билээ. Одоогоор зарим бүжгэн жүжиг, тоглолтдоо оролцож байгаа. Гэхдээ мэдээж цөөн. Цаашид тайзан дээр бүр гарахгүй болно. Тэр цагт жаахан гунигтай санагдах, эсвэл бүр дотроо шатахыг одоо хэлж мэдэхгүй юм. Гэхдээ залуу уран бүтээлчдээ бэлтгэж, тэднийг тайзан дээр гаргачихаад харж суух сайхан болов уу.
-Мэдээж авьяастай байж бүжигчин болно. Түүнээс гадна залуу уран бүтээлчдэд юуг захимаар санагддаг вэ?
-Бүжиглэнэ гэдэг хөдөлгөөн холбож хийхийн нэр биш л дээ. Бүжигт мэдрэмж, авьяасаас гадна ур гэж зүйл бий. Тэдгээрийг бүжигчин хүн өөртөө нэвт шингээх учиртай. Тэр урыг тууштай байдал, тэвчээр, хөдөлмөрч чанараар суулгадаг.
-Ойрын үед хийхээр төлөвлөж буй уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцаач?
-Төлөвлөсөн зүйлс бий бий. Хийхээсээ өмнө биш, хийчихээд л ярьсан нь дээр болов уу.