Монголын жимс, жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн, Гавьяат эдийн засагч Д.Насанжаргалтай ярилцлаа.
-Манай улсын жимс, жимсгэнийн тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл өдгөө ямар хэмжээнд байгаа бол?
-Тарьсан болон байгальд ургаж буй жимс, жимсгэнийн хэмжээг оролцуулбал бид хэрэгцээнийхээ 10 орчим хувийг дотоодоос ханган, 90 хувийг нь импортолдог судалгаа бий. Сүүлийн 5-6 жилд жил бүр 20 000-25 000 тонн жимс импортолжээ. Нэг кг-ыг нь багадаа 5000 төгрөгөөр худалдан авсан гэж тооцвол хэдэн арван сая ам.доллар зарцуулж буй хэрэг. Түүнчлэн импортын жимс, жимсгэнүүд хүнсний аюулгүй байдлыг хангаж чаддаг уу гэх асуудал хөндөгдөнө. Тухайн бүтээгдэхүүнийг тарьж, ургуулан, өвчин болон хортноос хамгаалж, хадгалалтыг нь уртасгахын тулд ямар бодис хэрэглэсэн, тэр нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг шинжлэн дүгнэх лаборатори хилийн боомтууд, Улаанбаатарт ч байхгүй гэж болно. Тиймээс эх орны жимсний тариалалт, нэр, төрлийг нэмэх, дотоодын нийлүүлэлтийг өсгөх, импортын хамаарлыг бууруулах зайлшгүй шаардлага байгаа юм. Ийм зорилгоор Засгийн газраас амжилттай хэрэгжүүлсэн томоохон төсөл нь “Чацаргана”, “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр юм. Үүний үр дүнд манай орны байгаль, цаг уурын онцлогт дасан зохицсон, он удаан жил ургах боломжтой гэж болохуйц чацаргана, үхрийн нүд, алим, чавга, бусад жимсний тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл харьцангуй өссөн.
-Жимс, жимсгэнийн тариалалтыг өргөжүүлэн, эл салбарыг хөгжүүлэхэд ямар бэрхшээл тулгардаг юм бэ?
-Гол нь байгаль, цаг уурын нөхцөл хүнд, эрс тэс уур амьсгалтай, салхирхаг гэдэг нь сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлүүлсэн 2010 оноос хойш жимс, жимсгэнийн тариалалтын хэмжээ долоо, хураасан ургац нь 4-5 дахин өссөн. Ер нь жимсний тариалалт, ургацын 90 орчим хувийг чацаргана эзэлж буй нь манай орны цаг уурын онцлогт хамгийн сайн тохирох таримал гэсэн үг. Цаашилбал импортлоход хамгийн их хөрөнгө зарцуулж буй алим, чавга, лийр, жүрж, усан үзэм зэрэг яст болон үрт жимсийг ил талбайд, хүлэмжид тарих ажлыг өргөжүүлэх шаардлагатай. Гэхдээ анхаарах асуудлууд бий.
-Юуг анхаарвал зохих вэ?
-Манайх эрс тэс уур амьсгалтай, хүйтэн сэрүүн цаг агаартай төдийгүй жилийн 365 хоногийн бараг 60-70 хувьд нь салхитай байдаг. Ийм онцлог нөхцөлд жимс, жимсгэнэ тариалахад ойн зурвас үүсгэхгүйгээр амжилтад хүрэхгүй гэдгийг гадаад, дотоодын мэргэжилтнүүд зөвлөж, бодит байдалд ч нотлогдож буй. Тиймээс юуны түрүүнд ойн зурвас байгуулж, жимс, жимсгэнэ ургах уур амьсгалын таатай орчин буюу экосистем бүрдүүлэх хэрэгтэй. Мөн сортын сонголт нэн чухал. Бид цаг уурын нөхцөлдөө тохирсон сортыг байгаль, цаг уур ижил төстэй орнуудаас импортлон нутагшуулж, шинэ сорт гаргах учиртай гэсэн үг. Түүнчлэн аль аймаг, сумд ямар жимс тарих талаар судлан, газар тариалангийн бүсчлэлийг шинээр тогтоох шаардлага байгаа юм.
-Хаана ямар жимс таривал илүү өгөөжтэй талаарх анхан шатны судалгаа бий юү?
-Аль ч нутагт жимс ургуулах боломжтой. Гол нь нэр, төрөл, сортыг зөв сонгох, агротехнологийг зөв мөрдөх юм. Манай оронд цөөнгүй аймаг, сум, сангийн аж ахуйд жимсний эрдэм шинжилгээ, туршилтын станц байгуулан, төрөл бүрээр нь тарьж, ургац авч байсан туршлага бий. Тухайлбал, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Дорнод, Баянхонгор аймгийн хэд хэдэн сумыг нэрлэж болно. Өдгөө тийм суурь бааздаа түшиглэн алим, чавга зэргийг тарьж хэвшин, жимсний аж ахуйгаа улам өргөжүүлж буй жишээ олон болсон. Цаашид импортыг орлох, дулаан шаарддаг, яст болон үрт жимснийн тариаланг говийн бүсэд түлхүү өргөжүүлж болно. Говь нутагт жимс, жимсгэний хүлэмжийн аж ахуйг ч хөгжүүлэх боломж бүрэн бий. Шинээр барьж буй төмөр замыг дагуулан ойжуулалт хийх юм гэсэн. Үүнтэй хамт хүлэмж, жимсний аж ахуй байгуулахад болохгүй зүйлгүй.
-Ойн зурвас, төгөл үүсгэхийн зэрэгцээ ашигт ургамлын тариалан эрхлэх буюу агро ойжуулалтыг эхлүүлье. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хийж болох хамгийн оновчтой шийдэл гэж та дурдсан. Энэ талаараа тодруулна уу?
-“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх санааачилга нь биелэхгүй, боломжгүй зүйл биш. Эл ажлын хүрээнд жимс, жимсгэнэ болон хүнсний ногоо, малын тэжээл, эмийн зэрэг ашигт ургамал тариалж, хүлэмжийн болон зөгийн аж ахуйг ч хамтад нь хөгжүүлбэл бид нэг сумаар хэд хэдэн туулай буудна гэж хэлэхэд буруудахгүй. Мэдээж улсаа ойжуулж, ногооруулж, цөлжилтөө бууруулах үндсэн зорилгоо хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ ойн зурвас, төглийг түшиглэн дээр дурдсан ашигт ургамлын аж ахуй ялангуяа, жимс, жимсгэнийг газар бүрт 5-10 га талбайд тарих хэрэгтэй. Улмаар жимсний ургац аваад эхэлбэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь хөгжөөд, ажлын байр бий болж, ашиг орлого өсөөд ирнэ. Хүлэмж барин, нарийн ногоо тариалаад эхэлбэл бүр өгөөжтэй. Уул уурхайн компаниуд “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хэдэн арван сая мод тарих үүрэг, амлалт өгч байна. Тэдгээр аж ахуйн нэгж ойжуулалтын ажил эрхлэхийн зэрэгцээ агро ойжуулалтын загвар үүсгэн, жимс, жимсгэнэ, нарийн ногоо дагнан тарьдаг энгийн, эсвэл ухаалаг хүлэмжийн аж ахуй байгуулбал олон талын ашигтай.
-Манай орны байгаль, цаг уурын онцлогт хамгийн сайн тохирдог, ургах боломжтой нь ямар жимс бол?
-Дээр дурдсанчлан яст, үрт жимсийг ургуулж болно. Гэхдээ чацаргана бол манай жимс, жимсгэнийн салбарын тэргүүлэх бүтээгдэхүүн. Өдгөө улсын хэмжээнд чацаргана боловсруулах 40 орчим үйлдвэр, цех бий. Тэдгээрт жилд 20 000 тонн чацаргана боловсруулах хүчин чадал бүрдсэн. Гэтэл жилд 2500-4000 тонн ургац авч буй нь тун бага дүн. Чацарганын ургацыг 20 000 тоннд хүргэж, түүгээр хийх, хольж найруулдаг бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулбал эдийн засагт томоохон дэмжлэг болно. ХБНГУ-ын нэгэн жижгэвтэр үйлдвэрт чацарганаар хүнс, амттан болон эрүүл мэнд, гоо сайхны зориулалттай 101 төрлийн бүтээгдэхүүн хийж буй туршлагыг бид харсан. Үүнээс гадна манай орны чацарганын биохимийн найрлага дахь төрөл бүрийн аминдэм, хүчил, эрдэс бодисын агууламж нь БНХАУ, ХБНГУ-ынаас эрс ялгаатайг тогтоосон. Ялангуяа тосны агууламж, омегагийн хэмжээ, антиоксидант чанар зэргээрээ дэлхийн хаана ч ургуулснаас илүү нь батлагдсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн. Япон, БНСУ, БНХАУ, Европын Холбооны орнуудаас чацарганы тос, шүүс зэргийг худалдан авах саналаа үргэлж илэрхийлдэг ч бид их хэмжээгээр нийлүүлж чаддаггүй. Чацаргана бол зөвхөн хүнс бус, эм, био бэлдмэл, гоо сайхны, малын тэжээл зэргийн үйлдвэрлэлд ашиглах үнэ цэнтэй түүхий эд юм. Нэг га талбайд 1250 ширхэг мод тарьдаг бөгөөд нэг модноос нь 5-9 кг чацаргана хураан авдаг. Бид улсынхаа өнцөг булан бүрт чацаргана тариалж, талбайн хэмжээгээ өргөжүүлэх сэн. Мэдээж сайн арчлах, агро технологийг зөв мөрдөн, нутагшсан, чанартай сорт үржүүлж, жимс хураах арга ажиллагааг хөнгөвчлөхөө мартаж болохгүй. Талбайнхаа хортон шавжтай тэмцэхдээ ч ямар арга технологи ашиглах вэ гэдгээ тодорхойлж, мэргэжлийн түвшинд ажиллах хэрэгтэй гэсэн үг.
-Чацарганын тариалалтыг өсгөн, ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор кластер байгуулах талаар олон жил ярьж буй.
-Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд манай холбоо 2013 оноос эхлэн “Чацарганын кластерын санаачилга” багийг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирлын удирдлагаар байгуулан ажиллаж буй. Мөн Увс аймагт ийм кластерыг хөгжүүлж байгаа. Чацаргана тарилаа гэхэд худалдан авагч олдохгүй, боловсруулах үйлдвэргүйн бэрхшээл байхгүй. Хаана ч тариад, үйлдвэрлэлийг хөгжүүлээд, хамтран ажиллаж болно.
ОХУ-д жимсийг гол төлөв өрхийн аж ахуйчид нь тарьдаг юм билээ. Манайд ч болно. Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны хангамж сайн, үнэ хямдавтар учраас эдгээрийг хашаандаа тарих хэрэггүй гэж боддог. Харин өрхүүд жимс, жимсгэнийн мод суулгая. 0.07 га талбай бүхий хашаа, газарт олон өнгөөр цэцэглэдэг, анхилам үнэртэй монос, өрөл, долоогоно, гүйлс, нохойн хошуу зэрэг гоёл чимэглэлийн мод, сөөгийг салхи хаах маягаар зурваслан суулгаад, дунд нь жимс таривал зохино. Жишээ нь, чацарганын есөн эм, нэг эр мод, нөмөр талд нь үхрийн нүдний 5-10, алим, чавга, интоор, бөөрөлзгөнийн 3-10 ширхэг мод тариад, сайтар арчилж ургуулж чадвал нэг айлын хэрэгцээг бүрэн хангана. Үүнийг агро ойжуулалт гэдэг. Энэ бол ашиг, ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон боломж. Нийслэлийн гэр хорооллын 200 000 гаруй өрхийн тал хувь, аймаг, сумын төвийнхөн хашаандаа ийм загвараар тарьж хэвшвэл жимсний хэрэгцээгээ хангаад зогсохгүй агаарын бохирдлыг бууруулахад томоохон ахиц болно. Харин ажиллах хүн, мэргэжлийн боловсон хүчин хомсдолтой энэ үед аж ахуйн нэгжүүд 5-10 га талбайд л жимс таривал тохиромжтой. Ер нь 3-5 га бол тун зохист дүн бөгөөд ийм талбайд агро арчилгаагаа цаг тухайд нь бүрэн хийж, хог ургамал, хортон шавжтай нь тэмцэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн ургуулахад тохиромжтой байдаг. Хөрөнгө, ажиллах хүч ихтэй бол том хэмжээний талбайд тарихыг үгүйсгэхгүй. Гэсэн ч чацаргана хураах ажиллагаа механикжаагүйгээс хүн хүч их шаарддаг, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтад зарим хүндрэл гардгийг тооцож бодууштай. Хэдэн арав, зуун га талбайд тарьсан чацарганын найрлага дахь хар тугалга, пестицидийн хэмжээ өндөр байх тохиолдол олон гардаг учраас ингэж хэлж буй юм.
-Манай улсад жимсний аж ахуй сайн хөгжөөгүй нь байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалав уу?
-Тийм ээ, жимс, жимсгэнийг тариалж нутагшуулах, арвин ургац авах асуудал нь яах ар гагүй байгаль, цаг уурын нөхцөл, хөрсний бүтэц, усны хүрэлцээ хангамж гээд олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Гэхдээ өдгөө тарьж буй жимснийхээ нэр, төрлийг илүү олшруулж, дэвшилтэт технологи нэвтрүүлж, хөгжүүлсээр байгаа. Ямар ч аж ахуйг хөгжүүлэхэд санхүүгийн чадавхаас гадна хүний нөөц, урамшуулал, дэмжлэг чухал. Улаан буудай, төмс, хүнсний ногоо тариалдаг, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд төрөөс багагүй дэмжлэг үзүүлдэг ч жимсний салбарынханд энэ нь хүртээмж багатай. БОАЖЯ-наас таримал ойг үнэлж урамшуулал олгодог журам бий. Гэтэл чацарганын талбай байгуулсан хүнд урамшуулал өгдөггүй. Чацарганын мод нүүрсхүчлийн хий шингээж, хүчилтөрөгч ялгаруулахын зэрэгцээ хөрс хамгаалж сийрүүлэн, ажлын байр ч бий болгодог. Ер нь дэлхийн олон оронд ямар ч мод, бут тарин, орчныг нөхөн сэргээсэн тохиолдолд мөнгөн дэмжлэг олгож ирсэн жишиг бий. Үүнийг жимс, жимсгэнийн тариалалтад нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн эл салбарт ажиллах мэргэжилтэн, мэргэшсэн ажилчдыг сургаж бэлтгэхэд төрөөс анхаарч, төгсөгчдийг орон нутагт ажиллах орчин бүрдүүлэн, хөшүүрэг бий болговол зохино. Бас жимс, жимсгэнэ тариалагчдад газар олгох асуудалд анхаарал хандуулахгүй бол ийм хүндрэл бэрхшээл цөөнгүй гардаг.
-“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд мод, бут, суулгац импортлохгүй бол дотоодын нөөц хүрэлцэхгүй гэх хүн цөөнгүй байна. Ийм шаардлага бий юү?
-Эхний ээлжид есөн сая гаруй суулгац хэрэгтэй гэсэн дүн байгаа юм билээ. Жимс, жимсгэнэ болон шинэ төрлийн, гоёл чимэглэлийн мод, мөөгний тарьц, суулгац, үр худалдан авах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Харин ойжуулалт, ойн зурвас, төгөл байгуулахад хэрэгтэй мод, үр, бут, ургамлыг дотооддоо үржүүлж тариалах хэрэгтэй. Мөн аймаг, сумдад мод үржүүлгийн газар байгуулах ажлыг шуурхайлж, тодорхой дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
-Танай холбооныхны сүүлийн үед хийж буй зарим ажлаас сонирхуулахгүй юу?
-Жимс, жимсгэнийн тариалалтын салбарт баримтлах технологийн баримт бичгүүд цөөн, зарим нь өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцэхгүй болсны улмаас шинэчлэл хийх, арга зүйгээр баяжуулан дахин боловсруулах шаардлага гарсан. Улмаар бид Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Стандарт, хэмжил зүйн газар зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран 2010 оноос хойш 22 стандарт боловсруулсан. Жимс, жимсгэнийн тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай арга зүй, технологийн мэдлэгийг багтаасан 30 орчим ном, товхимол хэвлүүлжээ. Дэлгэрүүлж яривал цөөнгүй ажил хийсэн байна.
Нэмж хэлэхэд, бид байгалийн жимсээ хамгаалах, хайрлах, зохистой ашиглах талаар анхаарал хандуулах шаардлага үүссэнийг онцолъё. Тухайлбал, Тарвагатайн нурууны салбар уулсад нэрс өргөн тархалттай, сайн ургадаг байв. Гэтэл сүүлийн хэдэн жил иргэд нэрс түүхдээ төмрөөр савардсанаас шалтгаалан ургац нь үлэмж багассан гэнэ. Хэрэв байгалийн жимсний ургалтыг бууруулахгүй, зүй зохистой түүж, хэрэглэвэл түүгээр хийсэн бүтээгдэхүүний эрэлт их. БНСУ руу байгалийн нэрсний чанамал нийлүүлж буй аж ахуйн нэгж ч бий бөгөөд захиалгаа биелүүлж дийлдэггүй гэсэн. Гэтэл байгалийн жимсний ургацын хэмжээ жил ирэх бүр буурч, нэр, төрөл нь цөөрч, генетик нөөцөд нь аюул учирч, экологийн тэнцвэр алдагдаж буй нь тун харамсалтай.