Монголын хөлбөмбөгийн шигшээ баг, “Атлетик 220” клубийн хагас хамгаалагч А.Тэмүүжин “Дэрэн” клубээс тамирчин болох гараагаа эхлүүлсэн нь өнөөгийн амжилтад хүрэх эхлэл байв. Тэрбээр энэ спортод урвуулж, ногоон талбайд бөмбөгтэй нөхөрлүүлсэн Б.Болд багшдаа баярладаг. “Атлетик 220” клубт хөл тавьсан цагаасаа ах нарынхаа ур чадвар, туршлагаас багагүй суралцсан нь хүсэл, мөрөөдлөө биелүүлэхэд нь нөлөөлжээ. Тэрбээр Монголд 2018 онд Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан I шатны тоглолтыг анх удаа зохион байгуулахад багийнхантайгаа амжилттай тоглож, ялалтын баяраа хөгжөөн дэмжигчидтэй хуваалцаж байлаа. Зорилго, тэмүүллээрээ жигүүр хийж, хичээл зүтгэлээр өөрийгөө хөгжүүлэн, энэ оны“Алтан бөмбөг”-ийн эзэн болж, “Шилдэг эрэгтэй тоглогч”-ийн шагнал гардсан түүнтэй ярилцлаа.
-Оны шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа хөлбөмбөгийн спорт сонирхогчдыг догдлуулсан хамгийн сайхан мөч байдаг. Энэ удаа та “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор шалгарч, “Алтан бөмбөг” гардана гэж төсөөлөв үү?
-Өөрийгөө шилдэг гуравт үлдэхэд энэ удаа яах бол гэж бодсоноос биш, “Шилдэг тоглогч”-оор шалгарч, “Алтан бөмбөг” гардана гэж төсөөлөөгүй. Харин “Улаанбаатар” клуб, үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Б.Балжиннямыг 23 хүртэлх насныхны ангилалд тухайн жилд сайн тоглосон болохоор шилдгээр тодрох болов уу гэж бодож байлаа. Энэ ташрамд намайг дэмжиж, санал өгсөн бүх хүнд баярлаж талархсанаа “Өнөөдөр” сониноор дамжуулан уламжилъя. Мөн удахгүй айлчлан ирэх шинэ оны мэнд дэвшүүлье.
-“Атлетик 220” клубийн хагас хамгаалагч гээд нэрийг тань тайзан дээр зарлах мөчид хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Нэг л мэдэхэд тайзан дээр гарчихсан зогсож байлаа. Хамгийн хүндтэй шагнал гардана гэхээс сандарч, догдлоод баярласандаа юу хэлэхээ мэдэхгүй хэсэг зогссон. Би дээд лигт анх удаа оролцож тоглохдоо Н.Наранболд ахыг харчихаад түүн шиг тоглох сон гэж бодож байлаа. Түүнийг алтан бөмбөг гардаж байхад нь “Хэзээ нэгэн өдөр түүн шиг шилдгээр шалгарч, ийм шагнал гардах бол” гэж мөрөөдсөн. Миний хүсэл, мөрөөдөл энэ удаа биеллээ. “Атлетик 220” клубээс хоёр хүн шагнал гардсаны нэг нь “Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч”-аар шалгарсан Б.Гарьдмагнай ах байв. Багийнхаа дасгалжуулагчтай тайзан дээр хамт шагнал гардсан тэр мөчийг үгээр зүйрлэж хэлэхэд багадмаар санагдаж байна. Шагнал хүртсэнээс хойш олон хүн баяр хүргэж, урмын үг хайрлалаа.
-Тэр үед өөртөө ямар зорилго тавьснаа сонирхуулаач.
-Хүн амжилтын төлөө дахиж шунадаг юм билээ. Багийнхантайгаа ирэх жилийн дээд лигийн тоглолтод амжилттай оролцож, аваргын цом гурав дахь удаагаа өргөнө, мөн шилдгүүдийн нэг шалгарч, “Алтан бөмбөг” дахин гардана гэж өөртөө амлаж, зорилго тавьсан. Намайг хөлбөмбөгийн спортод хөтөлж оруулсан Б.Болд багшдаа маш их баярладаг. Шагнал гардчихаад хамгийн түрүүнд багштайгаа холбогдоход “Шавьдаа баяр хүргэе, чамаар маш их бахархаж байна” гээд баярын нулимс унагасан. Багшаасаа урмын үг сонссон би ч бас уйлсан. Багш хүн тийм л үед шавиараа бахархдагийг ойлгосон
-Танд өөрийн бодол, төсөөллөө амжилт болгосон удаа бий юү?
-Бий бий. Өмнө нь дээд лигийн тэмцээнд багаараа түрүүлээд аваргын цом өргөж зогсох сон гэж хүсдэг байлаа. Би аливаа зүйлийг мөрөөдөж, сэтгэлдээ төсөөлж бодох дуртай. Багадаа “Дуулиан 2020” тэмцээнд оролцохдоо А.Мөрөн ахыг харчихаад “Түүн шиг тоглодог болчихоод гоол хийгээд гүйх сэн” гээд бодож байв. Дараа нь хөлбөмбөгийн талбайд тоглохоор очихдоо Х.Цэнд-Аюуш ахыг мөн л хараад “Энэ тамирчин ямар гоё тоглодог юм бэ, түүн шиг тоглож сурах сан” гэж мөрөөдөж зогссон. Удалгүй 15, 17 насныхны УАШТ-д багийнхантайгаа оролцож, футзалын дээд лигт нөгөө бахархаж явсан ах нартайгаа тоглохоор таарч билээ. Тэр үед бодож байсан хүсэл, мөрөөдөл минь түрүүчээсээ биелж эхэлсэн. Миний зорилго алхам алхмаар урагшилж байна. Одоо ч гэсэн надад зорьж, төлөвлөсөн зүйл олон бий.
-Талбайн теннисээр хичээллэдэг байсан таныг Б.Болд багш хөлбөмбөг рүү урвуулчихсан гэдэг, үнэн үү?
-Тийм ээ, миний хувьд спортын гараагаа талбайн теннисээр анх эхлүүлсэн. Үеийнхээ нөхөдтэй гудамжинд тоглож явсан намайг Б.Болд багш нэг өдөр дуудаж “Чамайг талбайн теннис тоглуулж үзье, хүрээд ир” гэж санал тавьсан юм. Хэдэн жил хичээллэсэн би өсвөр үеийнхний тэмцээнд түрүүлчихээд ээжээсээ “Би одоо медалийн төлөө дахиж тоглох уу” гэж асуусан гэдэг. Тэр үед Б.Болд багш талбайн теннисний сонирхогчдын тэмцээнд оролцдог байв. Тэрбээр талбайн теннисний хүүхдүүдийг хөлбөмбөгийн тэмцээнд оролцуулж “Энэ хүүхдүүдээс хөлбөмбөг тоглох авьяас ч харагдана” гээд хичээллүүлсэн. Миний хувьд аль алинаар нь хичээллэж байгаад хойшид хөлбөмбөгөөр дагнасан. Түүний удирдлагад “Биокамбинат”-д хичээллэдэг хүүхдүүдээс хөлбөмбөг, талбайн теннисний шигшээ багт бий. Миний хувьд талбайн теннисний талбарт спортоор зөв хүмүүжих, бас өрсөлдөгчөө хүндлэх хүндлэлийг сурч байлаа.
-Та “Дэрэн” клубт анх хөл тавьж, дээд лигт тоглох гараагаа эхлүүлсэн байх аа?
-Өмнө нь Б.Болд багштай дүүргийн болон сонирхогчийн тэмцээнд оролцохдоо багийнхаас илүү ганцаарчилсан тоглолтод анхаарал хандуулдаг байлаа. Намайг “Дэрэн”клубт 2014 онд хөл тавихад одоогийн “Атлетик 220” клубийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай ах туслах дасгалжуулагчаар ажилладаг байлаа. “Дэрэн”-д анх ирсэн өдрөөсөө л хөлбөмбөгийн бэлтгэлийг клубийн системээр техникийн дагуу хийж эхэлсэн. Тэр үед намайг халуун дотноор хүлээж авсан болохоор багийнхантайгаа хурдан ойлголцож, дассан. Тамирчдад дээд лигт тоглох хүсэл их байдаг. Тус клубийнхэнтэй дээд лигт анх оролцсон жилээ хожигдож, дараа жилээс нь амжилтаа ахиулан, холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Миний хувьд хоёр жил тоглох хугацаандаа туршлага багагүй хуримтлуулж, 2017 оноос “Атлетик 220” клубт нэгдэн ах нараасаа суралцсаар өнөөг хүргэлээ.
-Хөлбөмбөг талбайн теннис тоглохоос ялгаатай. Талбайд олон цаг бэлтгэл хийхэд эхэндээ шантардаг байв уу?
-Хөлбөмбөгөөр хичээллээд халширч байгаагүй. Харин бэлтгэлийн үед чаддаг зүйлээ хийж чадахгүй байх үед шалтгааныг нь олох гэж хичээдэг сэн. Хааяа бэлтгэлийн ачаалалтай үед ядарч, уналтад орсон үед ах нар зөвлөж, урагшлуулдаг. Тэд ийм зүйлийг өөрийн бие, сэтгэлээр туулсан болохоор биднийг сайн ойлгодог. Клубийн ах нар ажил, амьдрал, спортын талбарт нэг л зангаараа байж, мэддэг, чаддаг зүйлээрээ харамгүй тусалж ирсэн. Багийнхныхаа нэгдмэл байдал, эерэг уур амьсгалыг тэдэнгүйгээр төсөөлдөггүй.
-Тамирчдыг амжилт гаргахад гэр бүлээс гадна тойрон хүрээлж буй хүмүүсийнх нь хандлага их нөлөөлдөг юм билээ.
-Хүүхэд байхдаа зарим хүний “Чи хөлбөмбөг тоглох хэрэггүй, хичээлээ л хий” гэдэг эсэргүүцэлтэй тулгардаг байхад аав, ээж минь дэмжиж, дуртай спортоороо тууштай хичээллэхийг зөвлөдөг байв. Манай гэрийнхнээс гадна ах дүүс, найз нөхөд, хөгжөөн дэмжигчид урам хайрлахаар илтгэлийг нь алдахгүйн тулд амжилтын төлөө хичээх бодол өөрийн эрхгүй төрдөг байлаа. Энэ удаагийн “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг зурагтаар үзсэн ах, дүүс минь намайг шагнал гардахыг харчихаад баярлаж, нэгэн рүүгээ утасдаж баярт мэдээг дуулгасан гэсэн.
-Хөлбөмбөгийн дээд лигийн тоглолт энгийн тэмцээнээс өөр болохыг анх тоглосон өдрөөсөө л мэдэрсэн биз?
-Би Б.Болд багшийн хичээллүүлдэг багт тоглодог байхдаа 2013 онд сонирхогчийн, лигийн багуудын цомын АШТ-д тоглож үзээд өөрийгөө болоогүй байна, хойшдоо ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэж голсон. Дараа нь “Дэрэн” клубт ирж, тоглох арга барилаа олсон. “Атлетик 220”-д хөл тавиад 2017 онд дээд лигийн тоглолтод анх оролцож, хүрэл медаль хүртэж байлаа.
-Медалийн буухиаг цаашид хэрхэн үргэлжлүүлэв?
-Манай “Атлетик 220” клубийнхэн 2018 онд лигийн тэмцээнд медальгүй хоцорсон. Хэрвээ хожсон бол хүрэл медаль хүртэх байв. Дараа жилийнх нь тоглолтоос мөн л мултарсан ч холбооны цомын тэмцээнд аваргаар шалгарав. Лигийн хоёр ч тоглолтоос медальгүй үлдсэн ялагдал бидний хор, шарыг хөдөлгөж, дараа жил заавал түрүүлнэ гэсэн зорилго өвөртлүүлсэн. 2020 оны дээд лигийн тоглолтод түрүүлж, алтан медаль, аваргын цом өргөж баярласан. Цар тахлын улмаас бэлтгэл хэдэн удаа тасалдсан ч бид зорилгынхоо төлөө зүтгэсэн, бас хичээсэн. Энэ жилийн дээд лигийн тоглолтын аваргын цом бидэнд амархан ирээгүй. Өмнөх жилийнхээсээ хэцүү оролцсон. Багийн зарим тоглогчийн бие сульдаж, сэтгэл, санаа нь хүндхэн байлаа. Ядаж байхад хөл хорионы үеэр бэлтгэлээ тууштай хийгээгүй тул сүүлийн хэдэн тойрогт сэлгээний тоглогч байхгүй хожигдож, их ядарсан. Тэр үед оноо их алдахгүй, хойно яваа багийнханд гүйцэгдэхгүйг л хичээж байв. Дээр нь өмнөх жилийн тэмцээнээс алтан медаль зүүсэн болохоор аваргын цомоо хамгаалах үүрэг, хариуцлагыг давхар үүрсэн. Яаж ч ядарсан зорилгоо бодож хичээсээр хоёр дахь удаагаа аваргаар шалгарч, алтан цом гардсан даа.
-Аваргын цом өргөж зогссон баярт мөчөө эргэн дурсвал сонирхолтой зүйл олныг өгүүлэх байх.
-Бидэнд хямдхан ирээгүй аваргын цом өргөх хамгийн сайхан агшин байв. Би энэ жил ах нараасаа багийн ахлагчийн туузыг гардаж авсан. Өнгөрсөн жилийн тэмцээнд Н.Наранболд ах цом өргөсөн бол энэ удаа би өргөсөн. Миний хувьд саад бэрхшээлийг багийнхантайгаа даван туулж, амжилтаас атгасан өөдрөг жил байлаа. Манай багаас гурван тамирчин энэ удаа бэлгэдлийн 11 тоглогчийн эгнээнд багтсан. Сүүлийн үед дээд лигийн тоглолтод оролцсон багууд эн тэнцүү тоглож, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгож байгаа. Жилээс жилд тоглогчдын ур чадвар ахиж, залуу тамирчид хүч түрэн цахиур хагалах боллоо. Бидэнд ирэх жил өмнөхөөсөө илүү хичээж, хөдөлмөрлөхийг багуудын өрсөлдөөн сануулсан.
-Багийнхан тань ярилцаж байгаад өөрийг тань ахлагчаар сонгосон уу?
-Нэг өдөр бэлтгэл хийсний дараа бүгдээрээ сууж байтал багийн ахлагч Н.Наранболд ах “Та нарт хэлэх зүйл байна. Би багийн ахлагчийн туузаа энэ жилээс А.Тэмүүжинд шилжүүллээ” гэхэд манайхан бүгд дэмжсэн. 2017 оноос өнөөг хүртэл хамт тоглосон болохоор ах нар минь надад ийм өндөр итгэл, найдвар хүлээлгэсэн болов уу. Зөвхөн өөрийнхөө бэлтгэлд анхаарал хандуулдаг байсан надад багийн ахлагч болсноор тамирчдаа амжилтад хөтлөх үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Манай багийн гишүүдийг гэр бүл, ах дүүс, найз нөхөд гээд ойр дотнынх нь хүмүүс сайн дэмждэг. Миний хувьд энэ жилийн дээд лигийн тэмцээнд багийнхныгаа ахалж оролцлоо. Аваргын цом гардталаа нөхөдтэйгөө амжилтын төлөө зүтгэж, итгэл, найдварыг нь алдахгүйг хичээсэн.
-Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг дасгалжуулсан Япон мэргэжилтэн Масэ Шүичиа ажлаа хүлээлгэж өгсөн тухай мэдээлэл чих дэлссэн. Одоо ямар дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаах вэ?
-Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэж өгсөн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож ажиллахдаа “ДАШТ-2022” болон “Азийн АШТ-2023” оны урьдчилсан шатны хэсгийн сүүлчийн тоглолт болох Киргизийн шигшээ багийг 1:0 харьцаатай хожиж, мөн АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатны тэмцээнд амжилттай оролцуулсан. Саяхан болсон “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцоод нутаг буцлаа. Тэрбээр биднийг бэлтгэл хийлгэх хугацаандаа техник, тактикт анхаарал хандуулсан. Шинэ оны дараахан Японоос ирэх шинэ дасгалжуулагч Оцүка Ичирогийн удирдлагад үндэсний шигшээ багийнхан бэлтгэл хийж, тэмцээнд оролцох байх.
-Монголд 2018 онд Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан I шатны тоглолтыг анх зохион байгуулахад эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан амжилттай өрсөлдсөн. Тэр тэмцээний гал гарсан тоглолтууд хөгжөөн дэмжигчдийг тань огшоож, догдлуулсныг тодхон санаж байна.
-Монголд тэр жил зохион байгуулсан Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан I шатны тэмцээн спортын онцлох үйл явдлын нэг болсон. Манай эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг тэргүүлж, аваргаар шалгарсан тоглолтыг хөгжөөн дэмжигчид одоо ч марталгүй ярьдаг. Германы дасгалжуулагч Майкл Вайссын удирдлагад бэлтгэл базаасан манайхан эхний тоглолтоо Макаогийн багийнхантай хийж хожсон. Дараа нь Умард Марианы арлуудын багийг буулган авч, хамгийн сүүлд Гуамчуудтай гал гарсан тоглолт өрнүүлсэн. Тоглолтын явцад манайхан гоол алдаж, сандарсан. Хэрвээ хожигдвол дараагийн шатанд шалгарахгүй тул их хичээсэн. Сүүлийн минутад Н.Цэдэнбал ах тэнцээний гоолыг хийснээр Монголын баг хэсгээсээ гарч, дараагийн шатанд тоглохоор шалгарсан. Тэр тоглолт бидний сэтгэлд хамгийн сайхан дурсамж үлдээсэн. Түүний хожил авчирсан тэр гоол хөгжөөн дэмжигчдийг огшоож, суудлаас нь бостол өндөлзүүлж билээ. Бид ч гэсэн эмэгтэйчүүдийн багийнхныг Гуамын тамирчдыг хожиж, ялалт байгуулахад нь дэмжиж суусан. Тэр үед фэнүүдийнхээ дуу хоолой, хүлээж авч байгаа уур амьсгалыг мэдрэх сайхан байлаа. Хөлбөмбөгийн спортод хөгжөөн дэмжигчдийг багийн 12 дахь гишүүн гэж ярьдаг. Ямар ч тэмцээнд хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал чухал байдаг.
-Таныг ӨМӨЗО-ы Шилийн хотод багш дасгалжуулагч мэргэжлээр суралцсан гэж сонссон.
-Би 2015-2017 онд тус хотод багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцсан. Дараа нь ҮБТДС-д үргэлжлүүлэн сурч өнгөрсөн жил төгссөн. Хүний нутагт үеийнхээ залуустай хамт байхдаа бие дааж, зорьж буй олон зүйлдээ өөрийгөө дайчилдаг байлаа. Тэнд байхдаа Шилийн хотын хөлбөмбөгийн шигшээ багт дуудагдаж, Эрээн хотод зохион байгуулсан тоглолтод нэг бус удаа оролцсон. 2017 онд болсон футзалын АШТ-д шигшээ багийнхантай нь түрүүлж, алтан медаль хүртэж байв. Миний хувьд дээд лигт тоглосноос хойш өмнөхөөсөө завгүй болсон. Тамирчин болсноор амьдралын хэв маяг өөрчлөгдөж, зөвхөн зорьсон зүйлдээ цагийг зарцуулж байна. Хөлбөмбөг намайг тэвчээртэй, хүлээцтэй болгож, хүний үгийг сонсож, хэн нэгний магтаал, шүүмжлэлийг даахад сургалаа. Аливаа зүйлийн сайн талыг өөр дээрээ тусган авч, дутагдлуудаа ч зассан. Багийн спортод тамирчин хүн би бус, бид гэсэн үүрэг, хариуцлагыг ухамсарладаг болдог.
-Хөлбөмбөгийн спортод сэтгэл татагддаггүй эрчүүд ховор. Энэ спортод хөл тавьсан тамирчдад, мөн сонирхон хичээллэж байгаа залууст өөдрөг үгээр урам хайрлаач?
-Б.Болд багш бидэнд “Тамирчин хүнд өрсөлдөгчөөс нь илүү хэцүү дайсан бол бэртэл, гэмтэл байдаг. Тиймээс та нар бэртлээс хол яваарай. Бэлтгэлийн дараа сайн амарч, зөв хооллож бай” гэж захидаг. Би зөвлөж хэлсэн үгийг нь байнга санаж явдаг. Тиймээс тоглогчдодоо ч гэсэн багшийнхаа захисныг уламжилъя. Энэ ташрамд, дээд лигийн тэмцээнд оролцдог бүх баг, клубийн тамирчдад спортын өндөр амжилт хүсээд, шинэ оныг амжилт дүүрэн угтаарай гэж ерөөе. Биднийг хөлбөмбөгийн талбайд олон тэмцээн хүлээж байгаа шүү, бэлтгэлээ сайн базааж, аварга болохын төлөө тэмүүлээрэй. Бүгдээрээ 2022 оны дээд лигийн тоглолтын талбайд баяртайгаар эргэн уулзъя.