Жүжигчин, найруулагч Б.Батбаатартай тун удахгүй үзэгчдэд хүргэхээр зэхэж буй “Сүүдрээр гэтэгч” киноных нь талаар цөөн хором ярилцлаа.
-“Сүүдрээр гэтэгч” киноны зохиолыг та өөрөө бичсэн үү. Киноны зургийг хэдий хугацаанд, хаана авсан бэ?
-“Тоонот” пикчерс байгуулан уран бүтээлээ туурвиж байна. Өнгөрсөн есдүгээр сард “Цасан хүн” киногоо хүргэлээ. Тун удахгүй дараагийн бүтээлээ гаргана. “Сүүдрээр гэтэгч” киноны зургийг Улаанбаатар хот болон Дуган хад, Ёл уул, Гүнтэд 2019 оны өвөл авч дуусгасан ч цар тахлын нөхцөл байдлаас болоод нээлтийг нь хойшлуулсан. Ирэх оны эхний сарын 14-нөөс үзэгчдэд хүргэнэ.
-Эл киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн юм билээ. Монголын ямар уран бүтээлчид тоглосон бэ. Ямар шинэ, сонирхолтой багтай хамтрав?
-Ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, зураачаар Г.Хүрэлтулга, гэрлийн найруулагчаар Э.Батнямбуу, нүүр хувиргагч Э.Оюун-Эрдэнэ нарын туршлагатай чадварлаг уран бүтээлчтэй хамтран ажиллалаа. Өмнө нь олон уран бүтээлд гар нийлэн ажиллаад дадчихсан хамт олон. Киноны дүрүүдэд Өмнөд Солонгосын жүжигчидтэй хамтран манай Д.Мөнхтөмөр, Э.Пүрэвжаргал нар тоглосон.
-БНСУ-ын найруулагч Жан Ю Гён, Пак Жэ Хун нартай хамтран өөр нэг кино бүтээсэн гэсэн. Түүнийгээ хэзээ үзэгчдэд хүргэх вэ?
-“Сүүдрээр гэтэгч”-ээс гадна “Six demons” адал явдалт, уран зөгнөлт төрлийн кино, нээлтийг хараахан товлоогүй.
-Өмнөд Солонгосын олны танил жүжигчдэд кинонд тоглуулах санал тавихад хэрхэн хүлээж авав. Хамтран ажиллах ямар байв?
-Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл учраас жүжигчид саналыг таатай хүлээж авсан. Монголд ирж киноны зураг авхуулахдаа ч дуртай байсан. “Мэдрэхүй”, “Жааз”, “Аав” зэрэг телевизийн олон ангит 20 гаруй, “Мөрөөдөл биелнэ”, “Уран зөгнөл” гэхчлэн мөн тооны бүрэн хэмжээний уран сайхны киноны гол болон туслах дүрд тоглосон Пак Жэ Хун, телевизийн олон ангит киноноос гадна “Хайрын хичээл”, “Өдрийн тэмдэглэл”, “Өндөрт нис”, “Гүйгч эр”, “Хөлдүү цэцэг”, “Пандора” киногоор нь үзэгчид эчнээ мэдэх Мин Жи Хюк нартай ажиллалаа. Мөн Өмнөд Солонгосын И Сол Гү, Жи Дэ Хан нарын туршлагатай, ахмад жүжигчидтэй ч хамтарлаа. Түүнчлэн үзэгчдийг дэлгэцэд уясан “The penthouse” цувралд тоглосон Ан Ён Хун жүжигчинтэй ажилласан.
-Дараагийн төлөвлөсөн уран бүтээлийн сониноосоо хуваалцаач?
-Түүхэн кино бүтээх төлөвлөгөөтэй.