Беларусь улсын Гомель хотод 2018 онд зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ зохион байгуулахад Монголоос 24 тамирчин өрсөлдсөнөөс Б.Есүй блиц (түргэвчилсэн) тоглолтод түрүүлж, алтан медаль, аваргын цом гардсан. Тэрбээр охидын 8-10 насны ангилалд есөн өрөг тоглохдоо долоо хожиж, нэг тэнцэн, нэг хожигдсоноор медалийн тавцанд зогссон юм. Үүнээс өмнө тэрбээр Польш улсын Дабки хотод 2017 онд болсон ДАШТ-ээс турк даамын төрөлд алт, блиц тоглолтынхоос мөнгөн медальтай ирж байв. Дэлхийн даамын холбооны дэд мастер цолтой, “Монгени” сургуулийн 9е ангид сурдаг түүнд оролцоогүй гадаад, дотоодын тэмцээн ховор. Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлж, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн түүнтэй ярилцлаа.
-Монголын даамчид Польш улсад зохион байгуулсан ДАШТ-д өрсөлдөх байсан ч визийн асуудлаас болоод оролцоогүй дуулдсан. Та 2017 онд тус улсад дэлхийн аварга болж байлаа.
-Тийм ээ, тус улсад болсон энэ удаагийн ДАШТ-д оролцсон бол миний хувьд хоёр дахь удаагаа хөл тавих байв. Өмнө нь 2017 онд зохион байгуулахад нь өсвөр насныхны ангилалд анх удаа өрсөлдөж, турк даамын төрөлд алт, блиц тоглолтод мөнгөн медаль хүртсэн юм. Би тэр үед есөн настай байлаа.
-Танд аав тань даам тоглохыг анх заасан гэл үү?
-Долоон настай байхдаа ааваараа даам тоглохыг заалгаж дараа нь Д.Чойжилсүрэн багшийн удирдлагад хичээллэсэн. Багш минь ур чадвартай, туршлагатай дасгалжуулагчдын нэг. 2015 онд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн даамын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн минь хойшид амжилт гаргах эхлэл байв. Тэр жилдээ УАШТ-ээс мөнгөн медаль зүүж, Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан Азийн АШТ-д оролцох эрх авсан юм. Тэнд тэмцээн эхлэхийн өмнөх өдөр сэтгэл зүйгээ бэлдсэн болохоор тайван тоглосон. Тэмцээний салхи хагалж, нутгийнх нь тамирчинтай эхэлж нүүсэн. Тэрбээр намайг ялна гэсэн бодлоор тоглосон ч хожигдчихоод ихэд гонсойж, урам нь хугарсан харагдаж байлаа. Дараагийн өрөгт Казахстаны тамирчныг мөн л хожиж, тоглолтоо үргэлжлүүлсэн. Бид тус тэмцээний гурван төрөлд медаль хүртсэн. Гадаадын тэмцээнд нутгийнхаа тамирчинтай таарч тоглох хамгийн хэцүү. Хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ нэгийгээ медальгүй хоцорчих вий гэж их түгшдэг. Тэндээс би нэг алт, хоёр хүрэл медальтай ирж байв.
-Аваргын төлөө тоглоход багш тань шавьдаа юу гэж зөвлөсөн бэ?
-Д.Чойжилсүрэн багш миний өргийг харчихаад “Өөрийнхөөрөө тогло, сайн бод, чи чадна” гэж хэлсэн. Би ч зөвлөснөөр нь бүх нүүдлээ тооцоолж, анхаарлаа төвлөрүүлэн хариуцлагатай тоглосон. Хүчтэй өрсөлдөгчтэй таарсан болохоор нэг л алдах юм бол хожигдох магадлал өндөр байлаа. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Хөвсгөл аймгийн Б.Ану хэмээх охин байв. Түүнийг хожиж, Азийн аварга болсон. Миний хувьд Азийн тэмцээнд анх удаа түрүүлчихээд сэтгэл их догдолсон. Монголд ирэхэд аав ээж, ангийн багш, хамт олон, үе тэнгийн тамирчид гээд олон хүн сэтгэл өндөр угтаж билээ. Тэр үед аав, ээжээсээ сонссон урмын үг шагнал хүртсэнээс дутуугүй сайхан санагдаж байлаа. Намайг амжилтад хүрэхэд гэрийнхний минь дэмжлэг их нөлөөлсөн. Тиймээс медаль хүртэх бүртээ аав, ээж, багш нартаа баярладаг.
-Дандаа хожно гэж юу байх вэ, хааяа алдаа гаргаж ялагдсан тохиолдол байдаг биз?
-Бий, бий. Хожигдсон үедээ сэтгэл нэг хэсэгтээ л тавгүйрхдэг. Хүн ялсан бус, ялагдсан үедээ алдаа, дутагдлаа их боддог юм билээ.
-Та ДАШТ-д түрүүлдэг хэрнээ Монголд болсон Азийн АШТ-ээс хоёр удаа хүрэл медаль хүртсэн. Тэгэхээр хүчтэй өрсөлдөгчид тань энд байдаг гэж ойлгож болох уу?
-Болно. Монголд 2016 онд Азийн АШТ зохион байгуулахад 8-10 насныхны ангилалд Э.Хүслэн эгч түрүүлж, би хүрэл медаль хүртсэн. Би тэр тэмцээнд өмнөд хөршийн тамирчидтай тоглосон. Тэднийг амжилт гаргуулахын тулд улс нь бүх талаар дэмждэг. Хичээлээс нь чөлөөлж, цалинжуулна. Тамирчид нь зөвхөн даамын бэлтгэлд анхаарал хандуулсны ачаар ур чадвараа хөгжүүлж, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болдог. Тэгвэл Монголын даамчид өглөө хичээлдээ сууж, өдөр нь бэлтгэл хийж, орой гэрийн бараа хардаг. Хэдийгээр бид тэдний бэлтгэл хийдэг орчин, нөхцөлийн хэмжээнд хүрэхгүй ч тэмцээнд бол эн тэнцүү өрсөлддөг.
-Өөрийнхөө насны ангилал дахь хүчтэй өрсөлдөгчдөө хэр судалдаг вэ?
-Би завтай үедээ өрсөлдөгч тамирчдынхаа тоглох арга барил, өргүүдийг сонирхож хардаг. Беларусь улсын Гомель хотод 2018 онд болсон зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцохын өмнө өрсөлдөгчдөөсөө БНХАУ-ын Гао Ши Хуагийн тоглолтыг судалсан. Бид өмнөх жилийн дэлхийн аваргад учраа таарсан болохоор даагаа нэхэх бодолтой байв. Гэтэл тэрбээр тэр тэмцээнд оролцоогүй учраас Беларусийн тамирчинтай тоглосон. Түүнийг хараахан судалж амжаагүй тул өөрийнхөө мэдрэмжээр нүүсэн. Тэрбээр сайн тооцоолж, бүх нүүдлээ минийхтэй тааруулж, тэнцсэн юм. Би тэр үед өөрийнхөө тэнцээг голж, түүнд үндсэн тоглолтод хожигдож байлаа. Харин блиц (түргэвчилсэн) тоглолтод аваргын төлөө ОХУ-ын Даяана Алексееваг хожиж, дэлхийн аварга болсон. Блиц үндсэн тоглолтоос өөр. Хурдан сэтгэж нүүдэг болохоор энэ төрөлд илүү дуртай.
-Хөлөг дээр ямар улсын даамчинтай хамгийн удаан тоглолт өрнүүлж байв?
-2018 онд Хятадын Шинтай мужид болсон Азийн АШТ-д хоёр мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д оролцох эрх авсан. Тэр жилийн ДАШТ-ий зуун буудалт даамын үндсэн төрөлд Беларусийн Любов Кобринатай хамгийн удаан тоглолт өрнүүлсэн. Олон тэмцээнд өрсөлдөж, туршлага хуримтлуулсан түүнтэй анх удаа тоглосон юм. Оросын тамирчид голдуу сонгодог байрлалаар тоглодог. Польшид болсон энэ жилийн ДАШТ-д ОХУ-ын Даяана Алексеева түрүүлж, аваргаар шалгарсан. Би тэр жил дэлхийн аваргад оролцохын тулд маш завгүй хөдөлмөрлөсөн. Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулиас “Монгени” руу шилжсэн тул хичээлээс чөлөө авах боломж гараагүй. Тэмцээн эхлэхээс өмнөх долоо хоногт чөлөө авч бэлтгэл хийсэн. Оросын тамирчдаас Саяана Наумоваг багагүй судалсан боловч ирээгүй. Тиймээс Даяана Алексееватай тоглоод тэнцэж байлаа.
-Монголын даамын өсвөрийн тамирчдаас таныг Азийн АШТ-ээс хамгийн олон медаль хүртсэн гэж ярих юм билээ.
-Азийн АШТ-ээс 13 медаль хүртэхдээ дөрвөн удаа түрүүлж, аварга болсон. Үүнээс гадна таван мөнгө, дөрвөн хүрэл медальтай. Узбекистан улсад болсон тэмцээнээс дөрвөн алт, гурван мөнгөн медальтай ирсэн. Азийн АШТ-ий ихэнх медалийг тэндээс хүртсэн байдаг юм. Монголд зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртэж байв.
-Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбатын удирдлагад хэзээнээс хичээллэв?
-Би Ц.Сүхбат багшийн удирдлагад өнгөрсөн жилээс хичээллэсэн. Тэрбээр шавь нараа бэлтгэл хийлгэхдээ ур чадвар хөгжүүлэх онолын системтэй гарааг цээжлүүлж, тооцооны дасгалуудыг бодуулдаг юм. Бодлого бодохоор тооцоолол сайжирдаг. Миний ойрын үед төлөвлөсөн гол зорилго бол даамын үндсэн төрөлд түрүүлэх. Үндсэн төрөлд түрүүлбэл Дэлхийн даамын холбооны мастер цол хүртдэг. Би 2017 онд Дэлхийн даамын холбооны дэд мастер цолтой болсон. Одоогоор миний гадаад чансааны оноо 1945. Гадаадын тэмцээнд оролцдог тамирчид хэлний мэдлэгтэй байх нь чухал. Тиймээс англи, орос хэлийг шаргуу сурч байгаа.
-Польш улсын Дабки хотод 2017 онд болсон ДАШТ-д түрүүлж, аваргын цом гардсан тухайгаа сонирхуулж яриач.
-Миний хувьд анх удаа оролцсон ДАШТ байсан тул сэтгэл их хөдөлсөн. Биднийг тэнд очиход борооны улирал нь эхэлчихсэн байлаа. Тэнд хөл тавиад л Азийн тэмцээнээс ДАШТ өөр уур амьсгалтай болдгийг мэдэрсэн. Тэмцээнд өрсөлдсөн дэлхийн шилдгүүдээс өмнөд хөршийн Гао Ши Хуа сонирхолтой тоглолтууд харуулсан. Би түүний хожилд хөтөлсөн өргүүдийг үзэх дуртай. Бидэнд түүнээс суралцах зүйл олон бий. Тэрбээр тоглолтын дунд үед сайн тоглож, төгсгөл хэсэгт хождог. Миний ажигласнаар Хятадын даамчид тэмцээний үед толгойныхоо чамархайн тус газарт гавар түрхэж, гаа хүлхэн, нүдний дусаалга хэрэглэдэг. Гаа хүлхэхээр нойр хүрэхгүй, гавар түрхэхээр тархины үйл ажиллагааг сэргэг байлгадаг. Ширээний ард олон цаг сууж тоглодог болохоор нүдээ чилээхгүйн тулд дусаалга хэрэглэдэг юм билээ. Тэд бэлтгэлээ цагийн хуваарийн дагуу нарийн төлөвлөж хийдэг. Тоглолтын ид ачаалалтай үед тэд сэргэг байхад бусад нь олон цаг тоглоод ядарсан байдаг. Туркийн Измир хотод 2019 онд зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын ДАШТ-д би оролцоогүй. Тэнд оролцсон Монголын тамирчдаас Э.Хүслэн эгч түрүүлж, дэлхийн аварга болсон.
-Ангийн нөхөд тань тэмцээнд оролцоход хэр дэмжиж, тусалдаг вэ?
-Тэмцээнтэй, завгүй үед ангийн багш намайг ойлгож, хичээлээс чөлөөлдөг. Хамт олон минь тусалж, хичээлийг минь бичиж, тэмдэглэнэ. Амжилттай оролцохын тулд чөлөө авч, хичээлээ дараа нь нөхөх заримдаа амаргүй санагддаг. Манай ангид дэлхийн аварга болсон хоёр сурагч бий. Нэг нь би, нөгөө нь шатрын дэлхийн аварга Э.Азжаргал. Анги дэвших тусам сурагчдад сурах зүйл их байдаг шиг даамын тамирчдад ч гэсэн мэдэх зүйл гардаг. Би өрөг, нүүдлээ өмнөх үеийнхтэйгээ харьцуулж, тоглох арга барил, тактикаа хэрхэн өөрчлөгдсөнийг олж хардаг. Өмнө нь бэлтгэл хийхдээ бодлого түлхүү боддог байсан бол одоо тооцоолох аргаа сайжруулж байгаа. Даам тог лоход байнга сэтгэж, тооцоолдог тул хими, физик, математик, геометрийн хичээлд илүү сонирхолтой. Тэмцээнд оролцох тусам тамирчдын ур чадвар дээшилж, туршлага хуримтлуулдаг. Хоёр багшийн минь бэлтгэл хийлгэсэн арга барил хэрэг болдог. Намайг дуурайж даамаар хичээллэсэн хүүхдүүд бий. Тэд одоохондоо сонирхогчийн түвшинд тоглодог.
-Даамаас өөр спортын төрлөөр хичээллэдэг гэсэн байх аа?
-Бүжиг, усанд сэлэлтээр хичээллэдэг. 42 дугаар сургуульд сурч байхдаа сургуулиас зохион байгуулсан спорт, урлагийн үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцдог байв. Тэр үед “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн, нэвтрүүлэгт цөөнгүй оролцсон. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан даамын тэмцээнд сургуулиа төлөөж өрсөлддөг. Бүжгийн чөлөөт, цэнгээнт, үндэсний гэсэн төрлөөр хичээллэдэг. Идэвхтэй, эрч хүчтэй байхад хөдөлгөөн зайлшгүй хэрэг болдог. Олон цаг сууж бэлтгэл хийсний дараа бүжиг хийж, алжаалаа тайлдаг юм.
-Гадаадын тамирчидтай хэр холбоотой байдаг вэ?
-Надад Польш улс сайхан дурсамж, сэтгэгдэл үлдээсэн болохоор тамирчидтай нь ойр байдаг. Балтийн тэнгисийн эрэг дээр зохион байгуулсан ДАШТ-ий уур амьсгал, орчин нөхцөл, тамирчдынх нь харилцаа дахин очих хүсэл төрүүлсэн шүү.
-Амжилт гаргахад тань тусалсан ямар хүмүүст талархаж явдаг бол?
-Тамирчин хүн ойлгож дэмждэг гэр бүлтэй байж амжилт гаргадаг. Намайг ойлгож, бүх талаар дэмжиж ирсэн аав ээж, мөн даамын эрдэм заасан Д.Чойжилсүрэн, Ц.Сүхбат багш нартаа маш их баярладаг. Оюуны спорт намайг амжилтад хүргэхээс гадна олон зүйлээр өөрчилсөн. Аливаа зүйлд тууштай, тэвчээртэй хандаж, уйгагүй суралцахад сургасан.
-Үеийнхээ хүүхдүүдэд өөдрөг үгээр урам хайрлаач
-Оюуны спортоор хичээллэсэн хүүхдүүд өөрийгөө олон талаар хөгжүүлж чаддаг. Хамгийн түрүүнд тамирчин болно гэж зорихоос илүү ирээдүйгээ бодож, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хүний сурсан зүйл хаана ч явсан хэрэг болдог. Спорт хүнийг зөв хүмүүжүүлж, төлөвшүүлдэг давуу талтай. Өдөр бүрийг зорилго, тэмүүлэлтэй, цагийг сонирхдог зүйлдээ үр дүнтэй өнгөрүүлж сурна гэдэг том соёл юм шүү гэж хэлье.