Иргэд, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараасантай холбоотой шүүхээр шийдвэрлэсэн хэргийн нөхцөл байдлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяатай ярилцлаа.
-Мэдээлэл олж авах нь тухайн хүн, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх боловч олж авсныгаа түгээхдээ алдаа гаргаж, бусдын нэр хүндэд халдсан бол хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх аа?
-Үндэслэлгүй мэдээлэл тарааж бусдын нэр хүндэд халдах тохиолдол цөөнгүй гардаг. Үүнээс гадна мэдээлэл олж авахдаа хууль зөрчөөгүй хэдий ч түүнийгээ түгээхдээ алдаа гаргах тохиолдол бас бий. Энэ бол бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйтэй холбоотой гардаг алдаа юм. Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол Иргэний хуулийн 21.3-т зааснаар мэдээг тараасан арга, хэлбэрээр няцаах, гэм хорыг арилгах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй нь үндэслэлгүй мэдээ тараасантай адил хариуцлага хүлээдэг л дээ.
-Нэр хүндэд халдсан гэх гомдол шүүхэд багагүй гаргадаг. Энэ төрлийн хэрэг маргааны хэчнээн хувийг эрүүгийн, хэдэн нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэдэг бол. Ямар нэг судалгаа, статистик бий юү?
-Нэр хүндэд халдсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэдэг хуулийн заалт үйлчилж байгаа. Зөвхөн 2020 онд гэхэд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 10 хүнд холбогдох 10 хэргийг хянан шийдвэрлэж нийт таван сая 230 мянган төгрөгөөр торгох ял ногдуулжээ.
Харин гэмт хэргийн шинжгүй бол асуудлыг иргэний шүүх шийддэг. Сүүлийн гурван жилийн мэдээнээс үзвэл энэ төрлийн маргаан 2018 онд 117, 2019 онд 89, 2020 онд 106-г иргэний хэргийн анхан шатны шүүх шийдсэн байна.
-Гэмт хэргийн талаарх мэдээллийг холбогдогчийг нь тодруулаад сэтгүүлчид бид мэдээлдэг л дээ. Энэ нь бусдын нэр төр, алдар хүндэд халдаж байгаа хэлбэр мөн үү. Ийм гомдол хэр их гардаг бол?
-Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ёсгүй. Хэн нэг этгээд гэмт хэрэгт холбогдсон нь түүнийг гэмт хэрэгтэн гэж үзэх үндэслэл биш л дээ. Тэр хүнийг гэмт хэрэг хийсэн, эсэхийг нэг л байгууллага тогтоодог. Тэр нь шүүх. Шүүх тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.
-Тэгэхээр гэмт хэрэг “үйлдсэн” гэж биш, харин “холбогдсон” гэж бичих ёстой юу?
-Ер нь иймэрхүү мэдээллийг хараад байхад “Шалгаж байгаа юм байна. Гэмт хэрэг үйлдээгүй байж магад” гэдэг талаас нь биш, харин “Гэмт хэрэг үйлдсэн тул шалгагдаж байгаа” гэсэн утгаар бичих нь түгээмэл ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гараагүй, эсхүл асуудлыг дөнгөж шалгаж эхэлж байхад гэм буруутай мэт ойлголт нийгэмд өгчихөөд байна. Мэдээж зохих хууль журмын дагуу шалгаж дуусахад тодорхой хугацаа зарцуулна. Үүнээс хамаараад хүний нэр хүндийг гутаасан мэдээллийг хожим залруулах нь төдийлөн ач холбогдолгүй үлддэг. Иймд анхнаасаа үнэн, зөв мэдээлэл гаргаж байвал бусдын эрхийг зөрчихгүй шүү дээ.
-Шүүх, шүүгч рүү дайрч, доромжилсон мэдээлэл олон нийтийн сүлжээгээр их гардаг. Энэ юутай холбоотой вэ. Шүүхээс бусдыг хохироосон, хууль бус шийдвэр ингэж ихээр гаргаад байна уу?
-Шүүх бол хэрэг, маргаан шийддэг газар. Шүүхийн шийдвэр маргалдагч талуудын аль нэгний талд гардаг учраас маргааны нөгөө нь гомдолтой үлдэх нь ойлгомжтой. Нэн түрүүнд шүүгч нар бусдыг хохироосон, хууль бус шийдвэр гаргаад байна уу, энэ мэдээлэл бодитой юу гэдгийг тодруулах нь зөв байх.
Монголд гурван шатны шүүх байдаг шүү дээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой бол давж заалдах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдолтой бол Улсын дээд шүүхэд хандах боломжтой. Шүүхийн шийдвэр хэр үндэслэлтэй, хууль ёсных вэ гэдгийг шат шатандаа хянаж байдаг. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн чанар гэж ойлголт бий. Шүүхээр шийдвэрлэсэн хэргийн хэдэн хувийг нь давж заалдаж байна, хэчнээн хувьд нь Дээд шүүхэд гомдол гаргав гэдгээр шүүхийн шийдвэрийн чанарыг тодорхойлох боломжтой.
Судалгаагаар улсын хэмжээнд 2018-2020 онд шийдсэн нийт 145 230 иргэний хэрэгт дунджаар зургаан хувь нь давж заалдсан байна. Түүнчлэн дөрвөн хувьд нь Дээд шүүхэд гомдол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2018-2020 онд шийдсэн иргэний хэргийн 94 хувьд нь гомдол гаргаагүй буюу маргаж буй хоёр тал аль аль нь сэтгэл ханамжтай үлдсэн гэсэн үг.
Харин эрүүгийн хэргийн хувьд сүүлийн гурван жилээр авч үзвэл, нийт 39 448 хэргийн 19 хувь нь давж заалдах, долоон хувь нь Дээд шүүхийн хяналтын шатанд гомдол гаргасан байна. Харин үлдэх 81 хувь нь дараа дараагийн шатанд гомдол гаргаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл ханамжтай үлдсэн гэсэн үг. Гомдол гаргасан иргэний 4-6 хувь, эрүүгийн 7-19 хувийг нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тоог энд оруулаагүй. Эдгээр тоо баримт юуг илэрхийлээд байна вэ гэхээр шүүх, шүүгч нар бусдыг хохироосон, хууль бус шийдвэр гаргадаг гэдэг нь дийлэнх тохиолдолд үндэслэлгүй, судалгаагүй мэдээлэл болж таарч байна. Иймд баримттай, үндэслэл бүхий мэдээ мэдээлэлд ач холбогдол өгч, түгээх нь чухал байгаа юм.
-Шийдвэрлэж буй хэрэг, маргаантай нь холбогдуулаад шүүх, шүүгч рүү дайрсан, нэр хүндэд нь халдсан мэдээлэл гарахад яагаад няцаалт өгдөггүй юм бэ?
-Зарим мэдээлэл нь шийдвэрлэгдээгүй хэрэгтэй холбоотой байдаг. Шүүхээр хянан хэлэлцэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө шүүгч өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэхийг Шүүхийн тухай хуулийн 50.1.4 дүгээр зүйлд хориглосон байдаг.
Ер нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэхийг Шүүхийн тухай хуулийн 50.1.38 дугаар зүйлд ч бас хориглосон. Үүнээс үзвэл, аливаа хэргийн талаар мэдээлэл гаргахдаа маргаж буй хоёр талаас асуудлыг тодруулж, тэнцвэртэй мэдээлэх нь л чухал байгаа юм.
Эцэст нь хэлэхэд, шүүгч хэрэг шийдэж буй нь шүүгчийн нэр хүндэд халдах шалтгаан биш. Шүүгчийн ажил хэргийн нэр хүнд халдашгүй байна гэж Шүүхийн тухай хуулийн 49.2.3-т заасан. Шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд харшлах, үндэслэлгүй мэдээлэл тараах нь хууль зөрчиж байна гэсэн үг.