Манай улс цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн шаардлагаас үүдээд Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, хэрэгжүүлээд 1.8 жил болж байна. “Ковид”-ын хэмээх тодотголтой энэ хууль үүргээ биелүүлсэн үү. Түүнийг боловсруулж, батлахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангасан уу. Ер нь хэр чанартай, сайн хууль вэ. Эдгээр асуултад хариулт авах зорилгоор өмгөөллийн “Фиделитас партнерс” фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй ярилцлаа. Түүнийг сонгосон шалтгаан нь тус фирмийнхэн “Ковид”-ын хуулийг тодорхой хүрээнд судалж, дүн тавиад буй юм. Түүнчлэн коронавирусийн нөхцөл байдлаас улбаатайгаар нийгэмд үүссэн зөрчил, бэрхшээл, тэр дундаа хүний эрхийн хууль бус хязгаарлалттай холбоотой асуудлуудыг хөндсөн “Эрхээ эдэлье” цуврал, цахим контентыг олон нийтэд хүргэсээр байна.
-“Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг “Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль дээр үнэлэх нь” сэдэвт судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Манай фирм мэдээллийн технологийн компаниудад зөвлөгөө өгөх, хууль зүйн судалгаа хийх гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хууль зүйн судалгаа хийх үндсэн чиглэлийнхээ хүрээнд “Нээлттэй нийгэм форум”-аас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт идэвхтэй оролцдог. Хууль зүйн салбарын судалгааны ажлыг дэмждэг, түүнд суурилсан бодлогын үр нөлөөтэй, олон талын оролцоог хангах өргөн хүрээний стратеги хэрэгжүүлдэг манай улсын томоохон төрийн бус байгууллага цар тахлын үед хууль зүйн судалгааны болон нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөр зарласан тул хүний эрхийн зөрчлийн асуудлуудыг онцолж, оролцсон юм. Өнгөрсөн хугацаанд гурван судалгааны тэтгэлэг авсны нэг нь энэ (“Ковид”-ын хуультай холбоотой) байлаа.
Монгол Улс цар тахлын үед дагаж мөрдөх, зургаан сарын хугацаатай хуулийг батлахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрччихсөн юм биш үү гэдэг асуудлыг бид дэвшүүлсэн. Хууль батлахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчихөөр тэр нь эргээд хүний эрхийг олон талаар зөрчих үндэс суурь болдог. Тиймээс “Ковид”-ын хуулийг батлахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ, хэрэгжүүлээгүйн улмаас хүний эрхийн ямар зөрчлүүд бий болов гэдгийг үнэлэх зорилгоор тодорхой хүрээнд судалсан.
Аливаа хууль тогтоомжийг батлахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ёстой. Мөн Засгийн газрын хууль тогтоомж батлах аргачилсан зааврыг мөрдөх учиртай. Тухайн хуулийн төслийг боловсруулахдаа батлагдсан аргачлалыг баримталж, урьдчилсан тандан судалгаа хийдэг. Юуг нь судалдаг вэ гэхээр үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд бие даасан, шинэ хууль батлах хэрэгцээ шаардлага үнэхээр бий юү. Эсвэл журам батлах уу, үгүй бол одоо үйлчилж буй хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар зохицуулах уу гэдгийг тандаж, тодорхой болгодог юм. Мөн үр нөлөөг нь судалдаг. Энэ хуулийг баталлаа гэхэд ямар арга замаар хэрэгжүүлэх вэ. Хэдий хэмжээний төсөв шаардлагатай, хүний нөөцийг ямар байдлаар, хэрхэн шийдэх вэ гэдгийг тодорхой болгож, зардлыг нь тооцоолдог. Гэтэл “Ковид”-ын хуулийг батлахдаа ийм тооцоо судалгаа хийгээгүй. Үүний оронд Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.1 дэх хэсгийн дагуу хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, үр нөлөөг үнэлэх, хэрэгжилттэй холбоотой гарах зардлыг тооцоолох зэрэг зургаан аргачлалыг хэрэглэхгүйгээр батлах хууль тогтоомжийн төслүүдийн жагсаалтад “Дайчилгааны тухай хуулийн 6.4-т заасан болон онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль”-ийг нэмж оруулсан. Тодруулбал, “Ковид”-ын хууль батлахаас 20 хоногийн өмнө Хууль тогтоомжийн тухай хуульдаа ийм өөрчлөлт оруулсан байдаг. Цар тахлын үед нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах хууль болоод УИХ-ын зарим шийдвэрийн төслийг шаардлагатай судалгаа шинжилгээгүйгээр шууд батлах зохицуулалтыг ийнхүү бий болгосон нь хуульд үндэслэсэн байх зарчмаас гадна хуулийн төсөл боловсруулахдаа судалгаанд суурилах зарчимд нийцээгүй, муу жишиг тогтоосон үйл явдал гэж дүгнэсэн.
-Коронавирус бол дэлхий нийтэд тулгамдсан бэрхшээл, сорилт. Тэр утгаараа улс бүр цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах хэрэгцээ шаардлагатай тулгарсан. Тэгвэл бусад орон хууль тогтоомж батлахдаа манайх шиг ийм алдаа гаргасан уу?
-Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлах дараалал, хугацаа улс бүрт харилцан адилгүй боловч “Ковид-19” цар тахалтай тэмцэх тусгайлсан хуулийг батлахдаа холбогдох үе шатуудад зарцуулах хугацааг богиносгох, судалгааг хялбаршуулах, хэлэлцэх үе шатыг түргэсгэсэн нийтлэг арга хэмжээ авсан байгаа юм. Тухайлбал, ХБНГУ-д хуулийн төслийг Холбооны засгийн газар, эсвэл Бундесратаас санаачилсан тохиолдолд 21 долоо хоног болон түүнээс дээш хугацаа шаарддаг боловч Улсын хэмжээний цар тахал өвчний үед хүн амыг хамгаалах тухай хуулийг ердөө гурван өдрийн дотор баталсан. Шинэ төрлийн коронавируст цар тахлын эсрэг арга хэмжээ авах хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэх үе шатанд улс орнууд ердийн хууль тогтоомжийнхоос бага хугацаа зарцуулсан нь ажиглагдсан. Гэхдээ манайх шиг хууль бичих, боловсруулахдаа баримталдаг аргачлал бүхий хуулиа өөрчилж, ямар ч тооцоо судалгаагүйгээр баталсан орон байхгүй. Тэд шаардлагатай тандалт судалгааг хийж, зохих ёсны аргачлалын дагуу хуулиа боловсруулсан. Британи гэхэд Коронавирусийн тухай хуулийг батлахдаа хүний эрхийн болон эрх мэдлийн меморандум, тандан судалгаа, хуулийн төслийн тайлбар зэрэг шаардлагатай аргачлалын дагуу хуулийн төслийн бүрдэл баримт бичгүүдийг боловсруулсан байдаг. Хуулийн төслийн судалгааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийж, зохих аргачлалын дагуу боловсруулснаар хүний эрхийг зөрчихгүй, дордуулахгүй, үл ойлголцол үүсгэхгүй байхад, мөн нийгмийн харилцааг зохицуулах үндсэн зорилгоо хангахад чухал нөлөө үзүүлдэг.
-Нийтийн эрх ашгийн өмгөөллийн чиглэлээр мөн хоёр судалгаа хийсэн гэлээ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Коронавирусийн үед ЭМЯ, ОБЕГ, НОБГ, ХӨСҮТ зэрэг байгууллагад маш олон иргэн, аж ахуйн нэгж хандив, тусламж өгсөн. Эдгээр нь төрийн байгууллага учраас олон нийтээс авсан хандив, тусламж нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг болдог. Тиймээс тэдгээрийн зарцуулалтыг шилэн дансаар тайлагнах, мэдээлэх учиртай. Гэтэл бидний ажигласнаар энэ байгууллагууд шилэн дансандаа зөвхөн мөнгөн хандивыг тайлагнаад, мөнгөн бус хандив болох бараа, бүтээгдэхүүний талаар ер мэдээлэхгүй байсан. Тиймээс “Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах төслийг “Ковид-19”-ийн үеийн хан див, тусламжийн шилэн данс хөтлөлтийн жишээн дээр хэрэгжүүлэх” сэдэвт нийтийн эрх ашгийн өмгөөллийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар шүүхэд хандахаас өмнөх шат буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Үндэсний аудитын газарт энэ талаар гомдол гаргаж, хариу аваад байна. Тодруулбал, тус газрынхан бидний гомдлын дагуу ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, нийслэлийн Онцгой байдлын газрын шилэн данс хөтлөлт, зарцуулалтыг бүтэн улирлын турш шалгаж, тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн. Энэ талаарх тайлангаа манай фирмд ирүүлсэн. ЭМЯ гэхэд нийт мөнгөн орлогын 17.5, хандивын зарцуулалтын 2.2, материаллаг (мөнгөн бус) хандивын 11.2, зарцуулалтын 90.9 хувийг мэдээлээгүй өнгөрчээ. Бусад газарт ч ийм зөрчил нийтлэг илэрсэн байна.
Нөгөөх нь болох “Ковид-19” цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” төслийг УОК-ын тусгаарлан ажиглах (21+14 буюу нийт 35) хоног тогтоосон шийдвэрийн хүрээнд хэрэгжүүлж байна. Манай улс гадаадаас ирсэн, коронавирусийн халдварын шинж тэмдэггүй иргэдийг эхэндээ тусгаарлах байранд 21, гэрт нь 14, нийт 35 хоног тусгаарлаж байсан. Хаана ч байхгүй урт хугацааг тогтоосон долоон удаагийн (одоо 10 хоног буй) шийдвэрийг ХЗДХЯ-аар хянуулалгүй, улсын хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүй хэрэгжүүлж байсныг бид судалгааны явцад илрүүлсэн. Тиймээс “Ковид”-ын хуулийн дагуу ХЭҮК-т энэ талаар гомдол гаргасан. Тус байгууллага бидний гомдлыг ханган шийдвэрлэх үүднээс өнгөрсөн есдүгээр сарын 28-нд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд албан шаардлага хүргүүлсэн байдаг. Хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр иргэдийн зорчих эрхийг хязгаарлаж, тэднээр тусгаарлалтын төлбөр гаргуулсан нь хууль зөрчсөн үйлдэл учраас иргэний хохирлыг барагдуулах шаардлагыг тавьсан ч өнөөдрийн байдлаар хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй байна.
2020 оны гуравдугаар сарын 26-наас арванхоёрдугаар сарын 9-нд эх орондоо ирсэн 24 мянга гаруй хүнийг 40 зочид буудалд байршуулан, тусгаарлан ажиглах арга хэмжээг зохион байгуулахдаа баримталсан зургаан удаагийн түр журам болон тушаалууд нь ямар ч бүртгэлгүй, хуулийн хувьд хүчин төгөлдөр бус байсныг ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа баталж буй талаар ХЭҮК тус албан шаардлагад дурдсан. Ийм олон иргэний эрхийг хүчин төгөлдөр бус шийдвэрээр зөрччихөөд, хүний эрхийн байгууллагын заавал биелэгдэх ёстой шаардлагыг хүлээж авалгүй, “Олон хүнтэй холбоотой асуудал хөндөгдөж буй учраас биелүүлэх боломжгүй, шүүхдээрэй” гэдэг хариу өгч буйд үнэхээр гутарч байна. Үнд сэндээ хуульч нар алдаа дутагдлыг нь олж хараад, нотлоод, ХЭҮК түүнийг баталгаажуулсан боловч УОК үл ойшоох хандлага гаргалаа. Гадаадаас эх орондоо ирэх иргэдийг 10 хоног тусгаарлах журмыг энэ цаг үед дахин гаргаад байна. Насанд хүрсэн хүмүүс нэг сая, 4-14 насны хүүхдийг 50 хувийн хямдралтай үнээр тусгаарлана гэж мэдээлж, ярилцлага өгөөд сууж байх жишээтэй. Цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотойгоор УОК, ЭМЯ, БШУЯ маш олон алдаатай шийдвэр гаргасны нэг нь л энэ юм.
-Тус хуулийг баталснаас хойш цөөнгүй удаа засвар, өөрчлөлт оруулсан гэх юм. Чухам хэчнээн зүйл, заалтыг “баллуурдаад” байна вэ?
-Тухайн хуулийг баталснаас хойших нэг жил, зургаан сарын хугацаанд дөрвөн удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ давхардсан тоогоор нийт 95 зүйл, хэсэг, заалтыг хөндсөн байна. Техникийн шинжтэй буюу дугаарлалт зассан, үгийн утга, найруулгыг шинэчилсэн зэрэг жижиг өөрчлөлтүүдийг хасахаар 46 зүйл, хэсэг, заалт нэмсэн байгаа юм. Хамгийн харамсалтай нь, яг юуг өөрчлөөд, нэмчихэв гээд харахаар бүр эхнээсээ л тооцоолоод, хуульд тусгасан байх ёстой чухал зохицуулалтуудыг орхигдуулсан байдаг. Тухайлбал, найман сар гаруйн дараах нэмэлт, өөрчлөлтөөр теле хичээлтэй холбоотой журмуудыг баталж, арга хэмжээ авах эрхийг БШУЯ-нд олгосон. Тусгай үүргийн онгоцонд багтахгүй, ээлж дугаараа хүлээж буй иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхтэй холбоотой нэмэлт заалтыг үүнээс сар гаруйн дараа оруулсан байна. Яг ийм байдлаар орхигдсон чухал зүйл, заалтуудыг хэзээ хойно нь нэмж оруулсаар байсан.
-Ер нь нэг хуульд богино хугацаанд ийм олон удаа засвар оруулсан тохиолдол байдаг уу?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-нд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийг, үүнээс 15 хоногийн дараа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. “Ковид”-ын хуультай ойролцоо хугацаанд баталсан энэ хуулиудад одоогийн байдлаар ямар нэг нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна. Эдгээрийг боловсруулахдаа хууль тогтоомжийн хүрээнд судалгаа шинжилгээ хийж, үе шатных нь дагуу хэлэлцүүлж, баталсан учраас тэр болов уу. Ингэж харьцуулах нь учир дутагдалтай гэж үзлээ ч нэг жил, зургаан сарын хугацаанд 46 зүйл, хэсэг, заалт шинээр нэмэх хэмжээний боловсронгуй бус хууль баталж болохгүй шүү дээ. Тэдгээр зүйл, заалт хуульд үнэхээр байх ёстой юм бол эхнээсээ яагаад тусгаагүй юм бэ. Хэн түүнийг орхигдуулчихав. Ингээд үзэхээр энэ бүхэн ерөөсөө л хуулийг бичихдээ судалж шинжлээгүйтэй холбоотой. Ийм зүйл, заалт байх ёстой гэхээр л араас нь “нэхэж очиж”, нөхөж оруулдаг жишгээр ажилласан. Зөвхөн 46 гэдэг тоо энэ хуулийн талаар их зүйлийг хэлж байна.
-Давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн сорилтын үед богино хугацаанд баталсан учраас ийм алдаа гаргав уу. Эсвэл эхнээсээ л энэ хуулийг боловсруулахдаа мэдрэмжгүй, хайнга хандчихав уу. Та бүхэн юу гэж дүгнэсэн бэ?
-Коронавирус бол гэнэтийн хүчин зүйл. Тэр утгаараа хурдтай шийдвэр гаргах шаардлага хэрэгцээ байсан нь үнэн. Гэхдээ төрийн институт хуулийн дагуу ажиллах ёстой. Хуулиар тодорхой эрх хэмжээг өгсөн бол түүнийг хэрэгжүүлэхдээ мөн хуульд заасан журмыг баримтлах учиртай. Цаг хугацаа давчуу, хүнд цаг үе байсан гээд хуулиа баримтлахгүй ажиллаад эхлэхээр л бурууддаг, хүний эрх зөрчигддөг гэдгийг энэ цаг үед болсон үйл явдлууд маш тодорхой харууллаа.
“Ковид”-ын хуулийн хувьд асуудал дагуулаад байгаа нь гурван шалтгаантай гэж үзсэн. Нэгдүгээрт, тус хуулийг батлахын тулд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх үндсэн зарчим нь алдагдсан. Энгийнээр тайлбарлавал, дүрмийн дагуу тоглож байснаа хожихын тулд өнөөхөө өөрчилсөн явдал болсон. Хоёдугаарт, нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээний акт батлах эрхийг УОК, ЭМЯ, БШУЯ-нд өгснийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн. Гуравдугаарт, “Ковид”-ын хуулийн хэрэгжилтэд хяналт тавихаар байгуулсан түр хорооны үйл ажиллагаа маш хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилттэй холбоотой хүний эрхийн зөрчил цөөнгүй удаа гарсан нь түр хороо хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, хэрэгжилтэд нь хяналт тавьж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулаагүйтэй холбоотой. Зүй нь бид бус, энэ хорооны гишүүд хуулийн хэрэгжилтэд санаа тавьж, хаана нь, ямар асуудал үүссэнийг судлаад, тайлагнах ёстой. Сар тутам нээлттэй хэлэлцэх ёстой.
Цар тахлын үеийн нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах зорилгоор баталсан тус хуульд бүхэлд нь мониторинг хийсэн судалгаа байхгүй, түр хороо нь ажлаа хийдэггүй, энэ талаар нээлттэй мэдээлдэггүй учраас УИХ-ын гишүүдийн энэ хуультай холбоотой ярьж буй сэдэв, дэвшүүлдэг асуудал хүртэл хязгаарлагдмал байна. Цаг үеийн нөхцөлөөс шалтгаалаад төрийн албанд ямар ч сонгон шалгаруулалт, шалгалтгүйгээр баахан хүн томилж байгааг шүүмжилдэг. Эсвэл “Хагас жилийн хугацаатай хууль баталчихаад түүнийгээ олон удаа сунгах гэлээ” гэсэн асуудал л ярьдаг.
-Хуулийг хэрэгжүүлэх хугацаа нь хүртэл асуудалтай санагдлаа. Нэг удаа сунгах нөхцөлтэйгөөр зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан хуулиа гурвантаа сунгасан байна шүү дээ. Хагас жил гэдэг хугацааг шинжлэх ухааны ямар тооцоо судалгаанд үндэслэж гаргаж ирэв. Цар тахал бол барьцгүй, таамаглах аргагүй зүйл шүү дээ. Хэр хугацаанд намжааж, тархалтыг хумих вэ гэдэг нь ихээхэн эргэлзээтэй, тодорхой бус атал яагаад ийм итгэл үнэмшилтэйгээр богино хугацаа товлов гэдэг сонирхолтой санагдаад буй юм.
-Хэрэв энэ хуулийн урьдчилсан тандан судалгааг хийсэн бол тэндээс үүний тайллыг мэдэх, харах боломжтой. Өөрөөр хэлбэл, ямар үндэслэл, тооцоонд тулгуурлан энэ хугацааг тогтоов гэдгийг мэдэх боломжтой гэсэн үг. Хууль тогтоогчид энэ хуулийг яагаад зургаан сар үйлчлэх, дахин хагас жилээр сунгах, нийтдээ нэг жил хэрэгжүүлэх нөхцөлтэйгөөр бичиж, боловсруулав. Хууль зүйн үндэслэл, олон улсын практик, улс орнуудын жишигтэй харьцуулж, судалсан уу. УОК, ЭМЯ, БШУЯ-нд ямар учраас ийм олон эрх олгов. Бие даасан, шинэ хууль заавал батлах шаардлага байсан уу. Энэ бүх эзэнгүй, эргэлзээтэй асуудалд хуулийн урьдчилсан тандан судалгаа хариулт өгч байх учиртай юм. Хуулийг боловсруулахдаа үүнд анхаараагүй, баримтлаагүйн улмаас нийгэмд олон зөрчил, асуудал үүсэх нөхцөл шалтгаан болсон. Тухайн хуулийг жилээс илүү хугацаанд хэрэгжүүлэх, гурав дахиа сунгах нөхцөл бүрдэнгүүт “Нэг удаа зургаан сараар сунгаж болно” гэдэг заалтаа хүчингүй болгочихсон шүү дээ.
-Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн зүйл, заалтуудаас дурдахгүй юу?
-Хүний эрхийг ноцтой зөрчсөн заалтыг хуульд тусгасан гэхээс илүү хэрэгжилттэй холбоотойгоор хүний эрхийн зөрчлүүд үүссэн гэж үзэж байгаа. Тодруулбал, тухайн хуулиар хүний эрх хязгаарлах эрх шилжүүлж авсан захиргааны байгууллага, албан тушаалтнуудын бодит нөхцөлд нийцээгүй, хоорондоо уялдаагүй, зөрүүтэй шийдвэрүүдээс болж иргэд амь, эрүүл мэнд, аюулгүй байдлаараа хохирсон. Хэдийгээр тус хуулийн 11.1.2 дахь заалтаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр нь хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой, 11.1.4 дэх хүний амьд явах эрх, Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх гэж заасан боловч хуулийн холбогдох заалт зөрчигдсөн байна. Хүний эрхийг хамгийн бага түвшинд хязгаарлах зарчим баримтална гэсэн атал түүнийгээ биелүүлээгүй. Тэгэхээр хуульч нар, хүний эрхийн байгууллагууд эл хуулийн хэрэгжилтэд нэгбүрчлэн мониторинг хийхээр бол шинээр нэмсэн 46 заалтыг эхнээсээ тусгаж оруулаагүйн улмаас хүний эрхийн ямар зөрчил гарсныг нарийвчлан судалж, ил болгох хэрэгтэй.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор дотоодын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй байх чиглэлийг холбогдох байгууллагууд баримталж ажиллах үед нэгэн иргэн шалган нэвтрүүлэх товчооны ойролцоо нас барсан харамсалтай үйл явдал болсон. Энэ нь төрийн байгууллагуудын хоорондын уялдаагүй ажиллагаа, бодит нөхцөлд нийцээгүй захиргааны шийдвэртэй шууд холбоотой үүссэн хүний эрхийн зөрчил юм. Шийдвэрийг хэрэгжүүлэхээр иргэдтэй тулж ажилладаг, “мөргөлддөг” субъект нь цагдаа, шалган нэвтрүүлэх товчоодын ажилтан боловч тэдгээрийг гаргагч нь “Ковид”-ын хуулиар тодорхой эрхийг өөртөө авсан байгууллага, албан тушаалтнууд.
Энэ олон кэйсээс манай фирм зөвхөн хоёрыг нь сонгож, нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийж байна. Ийнхүү өмгөөлөл гэж тодорхойлоод буйн шалтгаан нь хүмүүсийн анзаараагүй байсан эрхийн зөрчлүүдийг ил болгож, таниулахаас гадна тэр эрхээ хамгаалах боломж бийг ойлгуулахад чиглэж, хүний эрхийн мэдлэг, мэдээллийг түгээх зорилготой юм. Бид голчлон фэйсбүүк хуудсаараа дамжуулан судалгааны талаарх мэдээллээ түгээж байна. Мөн дэмжин ажилладаг, мэдээлэл авахаар биднийг зорьж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй байдаг. Ер нь энэ асуудлыг нийгмийн хөдөлгөөн болгох хэрэгтэй.