Жүжигчин, найруулагч С.Баасанжаргалтай ярилцлаа.
-“Шүүдэр” продакшнаас үзэгчдэд хүргэж буй “Хотулун гүнж: Алтан судрын эрэлд” уран сайхны кино таны найруулсан хэд дэх бүтээл вэ?
-Найруулагчаар ажилласан гурав дахь уран бүтээл. Дэлгэцийн бүтээлийн хувьд анхных. 2018 онд “Гамлет” нэг хүний жүжиг, 2019 онд Говь-Алтай аймгийн “Мазаалай” театрын “Нар хүссэн яргуй” жүжиг найруулсан.
-Эл бүтээлийг ямар тохиолоор найруулах болов?
-Хувь, аз, боломж гэж зүйл хүн бүрт тохиодог гэж би боддог. Харин түүнийг хэрхэн барьж, шүүрч чадсанаас үр дүн, олон зүйл шалтгаалдаг болов уу. 2018 онд “Гамлет” нэг хүний жүжгийг үзэгчдэд хүргэх үед зохиолч Б.Шүүдэрцэцэг эгч үзсэн юм. Би гэрэл зураг авах хоббитой. Энэ хоббигоо дагаж, өөр мэргэжилтэй, нас насны эмэгтэйчүүдийн хөргийг авч, цомог бэлтгэхээр шийдсэн юм. Энэ саналаа Б.Шүүдэрцэцэг эгчид тавьж, уулзсан. Гэхдээ энэ уулзалтаар миний авахыг хүсэж буй гэрэл зургийн талаар бус, киноны талаар ярилцсан. Тэрбээр “Хотол цагаан гүнж” романаасаа сэдэвлэсэн кино хийх болсон, эл киноны найруулагчийн багт багтаж ажиллах саналыг надад тавьсан юм. Кино зохиол бичих явцаас авхуулаад эл багт ажиллаж явсаар ерөнхий найруулагч хүртэл дэвшсэн юм. Баярлах, догдлохын зэрэгцээ эмээж, айж байлаа. Гэхдээ энд зориглож ажилласнаараа их зүйл сурлаа. Баяртай байна.
-Та СУИС-ийг жүжигчнээр төгссөн. Сүүлийн үед мэргэжлээрээ ажилласангүй юу?
-Нэгт, олон уран бүтээлд тоглох нь гол бус, сайн бүтээлд оролцох нь чухал гэж би боддог. Нөгөөтээгүүр, өдөр хоног өнгөрөх тусам хүний бодол санаа, аливаад хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг болов уу. Хүсэж, дурлаж байж жүжигчний мэргэжил эзэмшсэн ч гэлээ яваандаа найруулагчийн ажилд илүү шунах болсон. Би юу хийхийг хүсэж байна, юуг оролдож үзмээр байгаагаа тунгааж, ямар хүн байх вэ гэдгээ бодож, зүрх сэтгэлээ чагнах хэрэгтэй болсон. Хүн бүр л тэгдэг байх. Жүжигчний мэргэжил сайхан, би хайртай. Гэхдээ би найруулагч болохыг илүү их хүсэж байна. Энэ мэргэжилд дурлах, шунах болсон нь “Боролдой” студийн захирал, “Black box” театрын ерөнхий найруулагч С.Мягмар ахтай холбоотой. Тус театрт би таван жил орчим ажиллахдаа их зүйлд түүнээс суралцсан.
-Уран бүтээлийн гараагаа та УДЭТ-аас эхэлж, Ч.Найдандорж найруулагчийн “Эсрэг дурлал” жүжгийн гол дүрд тоглож байсан. Яагаад театраас гарчихсан юм бэ?
-Мөн л аз, хувь тохиол байх. СУИС төгсөөд УДЭТ-ын студи ангид дагалдан жүжигчнээр ороод удаагүй байтал найруулагч Ч.Найдандорж “Гэнжийн туульс”-аас сэдэвлэсэн “Эсрэг дурлал” жүжиг хийнэ. Жүжигчид ямар дүрд тоглохыг хүсэж байгаагаа надад бичээд өг” гэсэн. Хүсэл, зоригийг нь харах гэснийх болов уу. Цөөхөн дүртэй жүжиг л дээ. Би юутай ч зориглоод үзье гэж шийдээд гол дүрийнх нь нэрийг бичээд өгчихсөн юм. Түүнээс хэд хоногийн дараа уран бүтээлчдийг цуглуулж, тухайн жүжигт тоглох жүжигчдийг зарласан. Ингэж л би тус жүжгийн гол дүрд тоглох болсноо мэдсэн дээ. Үнэхээр их баярлаж, хичээж ажилласан. Гэхдээ ухаан муутайгаас уу, эсвэл ойворгон загнасан уу, мэдэхгүй юм. Гэнэтхэн л гармаар санагдаад гарчихсан.Тухайн үед УДЭТ-ын уран бүтээл ангийн дарга нь Гавьяат жүжигчин Г.Урнаа эгч байлаа. “Чи чинь ямар мулгуу хүүхэд вэ” гэж загнаад л. Тэр үед ямар эз нь намайг хатгасан юм байгаа юм, бүү мэд.
-“Black box”-той амьдралаа хэрхэн холбосон бол?
-УДЭТ-аас гараад зунжин хийцгүйрэв. Намар нь тус театраас холбогдсон юм. Өмнө нь уг театрын талаар сонсчихсон байсан л даа. ОХУ-ын Буриадаас найруулагч ирж, сарын дотор гурван жүжиг хийнэ. Чамд ажиллах хүсэл байна уу гэхэд нь уухайн тас зөвшөөрсөн. Театраас гараад тайзаа саначихсан, тэгээд ч ажилгүй байсан юм чинь. Ингээд Олег Юмов найруулагч Монголд ирж, Акутагавагийн “Ширэнгэнд”, Дмитрий Богославскийн “Хүн хүний хайр”, Эжен Ионескогийн “Сандлууд” жүжгийг найруулан, тавьсан юм. Шинэ орчин, шинэ хамт олон, гадаад найруулагч, сард гурван уран бүтээл гээд их завгүй, сонирхолтой санагдаж байлаа. Уран бүтээлч хүн авьяас, мэдрэмжтэй байхын зэрэгцээ мэдлэгээ үргэлж тэлж байх ёстойг тэнд ажиллаж байхдаа ухаарсан. Түүнээс хойш хичээсээр л байна.
-Хамгийн сүүлд хэзээ тайзан дээр гарсан бэ?
-2016 онд Вадим Левановын “Ялаа” нэг хүний жүжигт тоглосон. Түүнээс хойш тайзан дээр гараагүй. Хэнд ч тохиолдож болох айдас, цөхрөл, ганцаардал, аргагүйдлийг эл жүжгээрээ үзэгчдэд мэдрүүлэхийг хичээдэг байлаа. Тайзан дээр гарахад төрдөг нандин мэдрэмжийг одоо хааяа үгүйлдэг л юм. Гэхдээ найруулагч болох хүсэл минь түүнээс илүү оргилж байгаа болохоор тэвчихээс аргагүй.
-Кинонд тоглохгүй юм уу?
-Эрсхэн үгүй гэж хэлэх зориг хүрэхгүй нь. Сайн зохиолтой, сайхан дүрд тоглуулах санал тавивал магадгүй л юм.
-“Green entertainment” байгуулсан гэсэн үү?
-Өнөө л жүжиг, кино найруулах мөрөөдлийнхөө төлөө анхны алхмаа хийсэн хэрэг. УДЭТ-т байхдаа юутай ч өөрийн “юм”- тай болъё гэж зориглоод “Green enter-tain¬ment” гэж нэр бүртгүүлж, тамга тэмдэг авсан юм. Авчихаад учраа олохгүй хэсэг явсан. Хаанаас реклам сурталчилгаа, ажлын захиалга авах билээ. Нэг л аргаа олохгүй. Танилцуулга хэвлүүлчихээд компаниудаар явдаг байв. Ирээдүйд том энтертайнмент компани болгох сон гэж мөрөөддөг. Дээр хэлсэнчлэн театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн учраас жүжиг найруулах сан гэсэн хүсэл мэдээж бий. Тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулж найруулах сан гэж мөрөөдөж, зорьж яваа. Суралцсаар л явна.
-Одоо ямар уран бүтээл найруулахаар төлөвлөж буй вэ?
-Би Ардын жүжигчин Л.Жамсранжав гуайг биширдэг. Түүний тоглосон кинонуудыг үзэх дуртай. Ёстой л ур, ухаан хослуулсан жүжигчин байсан шүү дээ. Хүний давуу талыг олж харахын зэрэгцээ өөрийгөө зөв таних, дутагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Би инээдмийн кино, жүжигт тоглож ч тэр, найруулж ч тэр огт чадахгүй юм билээ. Хүн өөрийнхөө чадах, чадахгүй зүйл, хэм хэмжээгээ мэднэ шүү дээ. Түүнээс бусад төрлөөр туршиж, хийж үзмээр байна.
-Сэдэв, зохиолын хувьд?
-Эхлүүлсэн хэд хэдэн кино зохиол бий. Тэдгээрийн дотор жүжигчин Л.Эрдэнэ-Очир эгч бид хоёр хамтраад бичиж эхэлсэн боловч хараахан дуусгаагүй киноны зохиол байна. Уулын болон талын хүмүүсийн тухай, тэр дундаа уулын хүмүүсийн түүхийн талаар. Энэ сэдэв их сонирхолтой санагддаг.
-Найруулагчаар сурах бодол бий юү?
-Мэдээж сурах бодол бий. Мэдрэмж, туршлагаас гадна мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Гэрэл сүүдрээр, дэлгэцээр, жүжигчдээр юу илэрхийлэхийг хүссэнээ олон үгээр тайлбарлахгүйгээр хүнд ойлгуулж, харуулж чаддаг байх хэрэгтэй болов уу. Уг нь АНУ-д найруулагч, продюсероор сурахаар шийдсэн боловч хувийн шалтгаанаар түр хойшлуулсан. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас мөн л явах боломж байсангүй.
-Уран бүтээлдээ баримталдаг зарчим тань юу бол?
-Уйгагүй ажиллаж, уран бүтээлээрээ үзэгч, шүүмжлэгчдээс үнэлгээ авах ёстой. Тэндээс урам авахын зэрэгцээ ташуур авч урагшлах нь зөв гэж боддог. Мөн найруулсан уран бүтээлээс минь би “үнэртдэг” байх ёстой. Ертөнцийг үзэх үзэл, арга барил харагддаг байх хэрэгтэй. Тэгж чадвал найруулагчийн дөртэй болж байгаагийн шинж болов уу. Өөрийн өнгө төрх, өнцөг, онцлогийг олж авах, түүнийгээ илэрхийлж чаддаг болохыг зорьж байна. Байнга сэтгэж, бодож, уншиж, үзэж, туршиж байж сайн найруулагч болох байх. Гол нь хүн чанар. Хүн шиг хүн байх ёстой.
-Түрүүн зураг авах хоббийнхоо тухай ярьсан даа. Үзэсгэлэн гаргах уу?
-Хөдөө явахаараа байгалийн зураг их авдаг байлаа. Яваандаа хөрөгт дурласан. Дээр дурдсан зургийн цомог, үзэсгэлэнгээ гаргах хүсэл бий. Гэхдээ болоогүй ээ.