Монголын ширээний теннисний спортод үнэтэй хувь нэмэр оруулсан спортын мастер Б.Дэлгэрбуянгийн нэрэмжит насанд хүрэгчдийн УАШТ-ийг энэ сарын 8-11-нд “Оч” клубт зохион байгууллаа. Азийн ширээний теннисний холбооны техник болон шүүгчдийн зөвлөлийн гишүүн Э.Мөнхбилэг үүнд оролцож, ур чадвараа сорьсон юм. 2010 оноос олон улсын шүүгчээр ажилласан түүнд дэнслээгүй тэмцээн өдгөө ховор. Тухайлбал, Сингапурт болсон залуучуудын олимпын наадмын ширээний теннисний тэмцээнийг тэрбээр анх шүүсэн нь Монголын спортын салбарт онцлох үйл явдлын нэг байлаа. 2011 онд Нидерланд, Бахрейн улсад өсвөр үеийнхний ДАШТ-ийг шүүсэн. Тэгвэл дараа жил нь Унгар, Словенд “World tour”, “Final London olympic qualification torunament”, АНУ-д “USА оpen”, 2013 онд БНХАУ-д дэлхийн багийн цомын аваргын төлөөх тоглолт, ОХУ-д “Kazan world universiade”, Дэлхийн цом, олимпын эрх олгох гээд тив, дэлхийн 30 гаруй тэмцээнийг дэнсэлжээ. Катарын Дохад өнгөрсөн сард Азийн ширээний теннисний холбооны чуулган болж, 2021-2023 онд ажиллах зөвлөлийн гишүүдээ танилцуулсан. Тус холбооны 14 хүний бүрэлдэхүүнтэй техникийн болон шүүгчдийн зөвлөлийн үндсэн гишүүнд тэрбээр нэр дэвшин сонгогдсон юм.
-Тамирчдын спортын талбарт хөл тавьсан түүх сонирхолтой санагддаг. Таныг бөмбөг, цохиуртай нөхөрлөхийг хэн анх санал болгов?
-Аав, ээж минь залуудаа ширээний теннис тоглож танилцсан түүхтэй. БНСУ-аас Монголд хүүхдүүдийг дасгалжуулахаар ирсэн Пак Жи Хён, Монголын ширээний теннисний ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Галбадрах багш нарын удирдлагад 1999 онд анх хичээллэсэн. 2000 онд өсвөрийн Азийн АШТ-д оролцож, дараа жил нь эх орондоо болсон идэрчүүдийн УАШТ-д өрсөлдөөд түрүүлж байв. Тухайн үед сурагч байсан би гэр бүлийнхэнтэйгээ АНУ-д амьдрахаар хилийн дээс алхсан. Тэнд байхдаа 2003 онд “Cal¬ifornia оpen” мужийн АШТ-д 18-аас дооших насны ангилалд оролцож, II байр эзэлсэн. 2008 онд бэртсэнээр тамирчны замналаа өндөрлүүлж, шүүгч болохоор зорьсон юм. 2010 онд олон улсын шүүгчийн шалгалт өгч тэнцсэн. Миний хувьд одоо амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэж, найз нөхөдтэйгөө цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг болсон. Тиймээс жил бүр зохион байгуулдаг ширээний теннисний лигийн болон насанд хүрэгчдийн УАШТ-д оролцдог.
-Та Испанид болсон өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээнийг анх шүүж, ажлынхаа гарааг эхлүүлсэн гэл үү?
-Тийм ээ, 2010 оны тавдугаар сард болоход анх дэнсэлсэн юм. Үүний дараахан Сингапурт залуучуудын олимпын наадам зохион байгуулахад хасагдах шатны тоглолтын дараа хагас шигшээ, шигшээ тоглолтыг шүүх шүүгчдийг сонгон шалгаруулсан юм. Азиас долоон шүүгч сонгогдоход нь би багтаж, эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтыг шүүх эрхтэй болсон. Тус наадмын тэмцээнд Японы тамирчин Коки Нива аваргалж, багийн төрөлд мөн түрүүлснээр хос медальтан болж байлаа. ДАШТ, олимпын аваргуудын тоглолтыг шүүх үед биеэ барьж, их сандарсан. Танхимд 10 мянган үзэгч үзэж буй тэмцээнийг дэлхийн 200 гаруй улсад шууд дамжуулсан. Шүүгчийн микрофонд амьсгалж байгаа минь сонсогдож байсныг мартдаггүй юм. Дараа жил нь Нидерландын Роттердам хотод болсон өсвөр үе, насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлсэн. Тэмцээн шүүх тусам ажилдаа сонирхолтой болж дурласан.
-Шүүгчээр олон жил ажилласан танд дэнслээгүй тэмцээн ховор. Хамгийн сүүлд хаана зохион байгуулсан тэмцээнийг шүүв?
-Катар Дохад өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр болсон Азийн АШТ-ийг шүүлээ. Тэмцээн цар тахлын үед болсон тул зохион байгуулагчид нь өндөр шаардлага, хатуу дэглэм, сахилга бат дор үзэгчгүй явуулсан. Танхимд тэмцээнийг үзэгчтэй зохион байгуулахад орчных нь уур амьсгал, тамирчин, шүүгчдийн сэтгэл зүйд их нөлөөлдөг. Тийм үед тамирчдын амжилт гаргах нь хүртэл өөр. Дохад 5000 мянган хүний суудалтай танхимд тэмцээн үзэгчгүй болоход сонин мэдрэмж төрж байлаа. Үзэгчидтэй харьцаж тоглодог тамирчин байхад чимээ, шуугиан аль болох сонсохгүй байхыг хичээдэг нь ч бий. Тус тэмцээний үеэр өмнөд хөршид Бүх Хятадын спартакиад наадам давхацсан. Хятадын тамирчид оролцоогүй Азийн АШТ анх удаа боллоо. Хүчтэй өрсөлдөгчид нь ирээгүй тул Япон, БНСУ-ын тамирчид медальтай нутаг буцсан. Монголын шигшээ багийн эрэгтэй тамирчдаас Г.Сэр-Од ганцаарчилсан төрөлд сайн тоглосон. Ази тивд чансаа өндөр, ур чадвартай тамирчин олон бий. Тэрбээр Непалын тамирчныг хожиж, шилдэг 32-т үлдсэн. Миний хувьд залуучуудын олимпын хоёр наадам, дөрвөн ДАШТ, Дэлхийн цом, олимпын эрх олгох гээд тив, дэлхийн 30 гаруй тэмцээнд шүүгчээр ажиллажээ. БНХАУ-ын Ханжоу хотод ирэх жил Азийн наадам зохион байгуулна. Азийн ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлд багтсан болохоор тус наадмын ширээний теннисний тэмцээн ямар стандартаар болох, танхимын тохижилт нь ямар байх, ямар шүүгчид шүүхийг батлахад оролцоно. Хойшид тэмцээн шүүхээс илүү Азийн шилдэг тамирчдын чансааг боловсруулах, тоглолтын техникийн асуудал, шүүлтийн сайжруулалт, дүрэм, журамд ирэх дөрвөн жилийн хугацаанд хувь нэмрээ оруулна.
-Таныг шүүгч болоход гэр бүл, багш нар тань хэр дэмжсэн бэ?
-Яг бэртсэн үед оюутны Азийн АШТ болж таарсан. Шүүгч хийхийн зэрэгцээ гадаадын төлөөлөгчдөд орчуулагчаар ажилласан юм. Манай улсад тэр үед ширээний теннисний олон улс шүүгч байгаагүй. Тиймээс шүүгч болохоор зориход гэр бүл, багш нар минь дуртай дэмжсэн. Шүүгчийн ажил сонирхолтой. Монголд тамирчин хэрнээ олон улсын шүүгчээр ажилладаг хүн цөөнгүй бий. Тухайлбал, Ж.Болд ах ахмадын УАШТ-д тоглохын зэрэгцээ тэмцээн шүүдэг.
-Олон улсын шүүгчдийг хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. Англи, орос хэлээр чөлөөтэй ярилцдаг биз?
-Багадаа гадаадын соёл, боловсролоос суралцаж, эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажиллана гэж боддог байлаа. 2002-2004 онд АНУ-ын Калифорни мужийн ахлах сургуульд сурч, дараа нь Италийн Ром хотод “Luiss business school”-ийн тэтгэлэгт хамрагдан, магистр хамгаалсан. Тэр үед англи хэл сурч, мэдлэгээ ахиулах зорилготой байв. 2011-2014 онд АНЭУ-д хоёр жил амьдарч, хувийн бизнес эрхэлсэн. Монголд ажиллахад гадаадад сурч, мэргэжил эзэмшсэн минь алхам тутамд хэрэг болдог. Тэр хэрээр харилцаа холбоо, танилын хүрээ нэмэгдлээ. Би хаана ч явсан ширээний теннисний спорттой холбоотой байсан. АНУ-д байхдаа ч мужийн тэмцээнд оролцохоос гадна сургуулийнхаа клубийн хүүхдүүдэд ширээний теннис заадаг байв. Тэнд ойр дотно нөхөрлөсөн хүмүүстэйгээ одоо ч холбоотой. АНУ-д 2010, 2012 онд очиж, “USA open” тэмцээнийг шүүсэн. 2014 онд тус тэмцээнд өөрөө тамирчнаар оролцож тоглосон гэх зэргээр ширээний тенниснийх нь холбоотой хамтран ажилласан. АНЭУ-д хөл тавиад амьдралын маань хэв маяг өөрчлөгдсөн. Тус улс газрын баялаг сайтай тул иргэд нь төрөл бүрийн худалдаа эрхэлдэг. Аав минь тэнд НҮБ-ын дэргэдэх Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагт удирдах албан тушаалтнаар гурван жилийн хугацаатай томилогдож ажилласан юм. Амьдрах орчны хувьд АНЭУ аюулгүй, гэр бүлээрээ амьдрахад таатай. Харин ширээний теннис тэгтэл өндөр хөгжөөгүй тул тамирчдынх нь чансаа, ур чадвар монголчуудынхаас нэг их зөрүүтэй биш. Монголын шигшээ багийг дасгалжуулсан БНСУ-ын Пак Жи Хён багш 2010 онд тэнд очиж, тамирчдыг нь бэлтгэл хийлгэсэн. АНУ-ын ширээний теннис сүүлийн 10 жил эрчимтэй хөгжиж байгаа. Тус улсад төрж, өссөн Хятад болон Энэтхэг гаралтай тамирчид өндөр амжилт гаргаж байна. Тухайлбал, Хьюстен хотод ДАШТ болоход холимог хосын төрөлд Хятад, Америкийн тамирчин хослон тоглож, анхны медалийг нь хүртлээ.
-Сүүлийн үед ширээний теннист БНХАУ, Японы залуу тамирчид цахиур хагалж байна. Тэднээс хэн нь ур чадвараараа цойлж, сонирхолтой тоглолтуудыг харуулдаг вэ?
-Ширээний теннисний талбарт 1995-2000 онд төрсөн залуу тамирчид хүч түрэн гарч ирсэн. Тэднээс Хятадын Фан Зэнг Дон, Японы Томоказу Харимото, Тайванийн Лин Юн Жу нар дэлхийд чансаагаар эхний 10 байрт жагсдаг боллоо. Ширээний теннисчдийн амжилт гаргадаг оргил үе бол 16-26 нас. Гэхдээ 40 насны босго давсан ч ур чадвараа харуулсаар байгаа тамирчид бий. Тэднээс Беларусийн Владимир Самсонов, ХБНГУ-ын Тимо Болл нарыг дурдаж болно. Мөн өмнөд хөршийн Ма Лонг 30 нас хүрсэн ч дэлхийн тамирчин гэдгээ баталсан. Тэрбээр “Рио 2016”, “Токио 2020” олимпын аваргаар шалгарч, ширээний теннисний ертөнцөд хамгийн сонирхолтой түүхийг бүтээлээ. Түүн шиг олимпын наадамд хоёр удаа түрүүлсэн тоглогч одоогоор алга. Токиогийн олимпод дэлхийн шилдгүүд өрсөлдсөн. Азиас БНХАУ ширээний теннисээр ноёлсон хэвээр байгааг тамирчид нь харууллаа.
-Сүүлийн үед ширээний теннисний тоглолт, дүрэм, багаж хэрэгсэлд өөрчлөлт орсон уу?
-Олон улсын ширээний теннисний холбоо тэмцээнийг сонирхолтой болгох, өрсөлдөөнийг тэнцвэржүүлэх зорилгоор хэдэн өөрчлөлт хийсэн. Өмнө нь 38 мм байсан бөмбөгийг 40 мм болголоо. Мөн бөмбөгний материалыг пластик болгосноор эргэлтийн хурд нь саарсан. Хурд, эргүүлэг саарснаар тамирчдын ур чадварын ялгаа багассан. Цохиурыг байгальд ээлтэй усан цавуугаар нааж, ойлгохыг нь багасгасан гээд бага зэрэг өөрчлөлт орсон.
-Манай тамирчид ХБНГУ-ын Дортмунд хотод 2012 онд болсон багийн ДАШТ-д хэсэгтээ түрүүлсэн нь тухайн үедээ л шуугиан тарьж, спорт сонирхогчдын анхаарлыг татаж байлаа.
-Монголын ширээний теннисний түүхэнд олныг гайхшируулсан хамгийн сайхан тэмцээн нь тэр байлаа. 2012 онд болсон багийн ДАШТ-д манай эрэгтэйчүүд С.Галбадрах багшийн удирдлагад Е хэсэгт аваргын төлөө Шри-Ланкийн багийг хожиж, тэргүүлсэн юм. Монголчуудыг ширээний теннисээр дэлхийн аварга боллоо гэж тэр жил шуугисан шүү дээ. Тус тэмцээнд Л.Алтантулга, Э.Лхагвасүрэн, Б.Билэгт, Б.Баатарсүрэн, Б.Батдэлгэр нар өрсөлдсөн. Би тамирчдынхаа тоглолтыг зурагтаар сэтгэл догдлон үзэж цамцныхаа захыг мушгиж суусан. Миний хувьд олон улсын тэмцээн шүүхээс гадна тамирчдынхаа тоглолтыг харах сайхан байдаг. Манай тамирчдын ихэнх нь солонгос дасгалжуулагчийн арга барилаар бэлтгэгдсэн нь тоглолтоос нь харагддаг.
-Олон тэмцээн шүүснээс сэтгэлд тань аль нь хамгийн сайхан дурсамж үлдээсэн бол?
-2011 онд Нидерландын Роттердамд болсон ДАШТ сайхан дурсамж үлдээсэн. Ур чадварыг нь харж бахархдаг байсан Хятадын алдартай теннисчин Ван Хо, Зан Жике нарын тоглолтыг ер мартдаггүй. Мөн БНСУ, Японы эмэгтэй хамгаалагч тамирчны тоглолтыг шүүсэн. Тэр багийн тоглолт жирийн тэмцээнээс удаан болсон. Би гурван цаг шүүсэн санагдана. Ширээний теннисний тэмцээнд хамгийн урт тоглолт өрнүүлсэн болохоор миний хувьд дурсгалтай байдаг юм. 2014 онд БНХАУ-ын Наньжинд болсон залуучуудын олимпын наадамд аваргын төлөөх тоглолтыг шүүх эрхтэй болсон юм. Тэр тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөөх тоглолтын ерөнхий шүүгчээр ажилласан. Аваргын төлөө Японы тамирчинтай Хятадын Фан Зэнг Дон тоглохдоо тун сонирхолтой тоглолт өрнүүлж байлаа.
-Олон улсын шүүгчидтэй хэр ойр дотно нөхөрлөдөг вэ, тэдэнтэй ойрд ямар сэдвээр яриа өрнүүлэв?
-Бид байнга холбоотой ажилладаг. Би Азийн ширээний теннисний Удирдах зөвлөлийн үндсэн гишүүн болсон тул тивийнхээ шүүгчидтэй ойр дотно нөхөрлөж, хамтран ажилладаг. Мөн өөрийн зүгээс зөвлөж, санал бодлыг нь сонсдог. Бид өнгөрсөн сард “Олон улсын шүүлтэд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвтэй семинар цахимаар зохион байгуулсан. Тэр үеэр эмэгтэйчүүдийг тэмцээн шүүхэд уриалж, “Жендерийн тэгш байдлын төлөө” нэртэй сургалт ч хийлээ. Олон улсын шүүгчдийн дунд хааяа дүрмийн номд заагаагүй асуудлын талаарх сургалт болдог. Бодит амьдралд дээр тулгамдсан асуудлуудын хэлэлцүүлгийг заримдаа тэмцээний үеэр албан ёсоор хийнэ, цахимаар ч зохион байгуулна. Шүүгчид тэмцээнүүдэд нэгнээ харсаар байгаад таньдаг болдог. Тэднээс өндөр зэрэглэл, цолтой нь олон улсын тэмцээнийг урилгаар шүүдэг юм. Миний хувьд цэнхэр зэрэглэлтэй. Ийм цолтой шүүгчид байнгын идэвхтэй байх шаардлагатай. Жилд хоёр тэмцээн шүүх ёстой. Хэрвээ шүүхгүй бол зэрэглэл нь буурдаг. Жил бүр шүүгчийн ахисан түвшний шатны шалгалтыг бичгээр, англи хэлний яриа, талбай дээрх дадлагын шалгалт өгдөг. Олон улсын шүүгч байхад боловсролоос гадна хэлний мэдлэг чухал. Миний хувьд англи, орос хэлтэй. Хойшид олон улсын байгууллагад ажиллах хүсэлтэй тул франц хэл сурч байгаа.
-Монголд 2019 онд өсвөрийн тамирчдын Азийн АШТ-ийг зохион байгуулсан. Та шүүгчээр ажилласан байх аа?
-Би туслах ерөнхий шүүгчээр ажилласан. Тэмцээн дэнслэх шүүгчдээ удирдахаас гадна шүүлтийг нь хянадаг юм. Манай холбоо тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад олон улсын шүүгчид урилгаар ирж, шүүсэн. Монгол Улс цаашдаа олон улсын тэмцээн зохион байгуулах бүрэн боломжтой.
-Таныг “Степпа арена” мөсөн өргөөний менежментийг хариуцаж ажилладаг гэж сонссон.
-Тийм ээ. Энэ бүтээн байгуулалтыг хийхэд олон хүний хөдөлмөр, сэтгэл, хичээл зүтгэл шингэсэнд талархдаг. Надад ажлын санал тавихад дуртай хүлээж авсан. Миний хувьд спортын менежментийг нь хариуцдаг. Монголд олон улсын мөсөн дээрх болон танхимын спортыг өндөр түвшинд зохион байгуулахаар хичээн ажиллаж байна.
-Чөлөөт цагаараа охинтойгоо ширээний теннис тоглодог биз дээ?
-Охин минь долоон настай. Амралтын өдрүүдээр охинтойгоо ширээний теннис тоглож, алжаалаа тайлдаг. Спортоор хичээллэж амжилт гаргахад тухайн хүүхдийн хүсэл, эрмэлзэл их нөлөөлдөг. Тиймээс зөвхөн ширээний теннис гэлтгүй спортын олон төрлөөр охиноо 12 нас хүртэл хичээллүүлж, өөрийнх нь сонирхсон, мөн ур чадварт нь тохирох төрлийг сонгох бодолтой байгаа. Сүүлийн үед найзууд минь надад хүүхдээ спортлог, хөдөлгөөнтэй, идэвхтэй байлгая гэж ханддаг болсон. Тэдэнд оршин сууж буй дүүрэг, амьдарч буй хороо, гэртэй нь ойрхон ширээний теннисний клубийг санал болгодог.