Нийслэлийн 2022 оны төсвийг энэ сарын 5-нд баталлаа. Хотын төсөв ирэх онд 1.6 их наяд төгрөг байх аж. Энэ оны төсөв 819.9 тэрбум төгрөг байсантай харьцуулахад бараг хоёр дахин тэлнэ гэсэн үг. Түүнчлэн замын түгжрэлийг бууруулахад зориулж анх удаа их хэмжээний буюу 420 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдгээрээ онцлогтой. Улаанбаатарчууд ирэх онд хэдий хэмжээний мөнгийг юунд зарцуулах, төсвийг оновчтой эрэмбэлж, төлөвлөж чадсан уу зэрэг асуудлаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцлаа.
-Хотын төсвийг батлахаас өмнө та хороод нэмж байгуулах асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Харин нийслэлийн удирдлагын зүгээс хороод нэмэх нь иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах давуу талтай гэж мэдээлж байлаа.
-Дээр нь тавьсан малгай үг, доорх төсөвтэйгөө зөрчилдөөд байгаа юм. Жишээ нь, төрийн байгууллагуудыг цомхон болгоно гэчихээд хоёр агентлаг нэмэхээр болчихлоо. Мөн 30 хороо нэмсэн. 171 байсан хорооны тоог 201 болголоо. Нэг хороонд үндсэн 15, гэрээт 15 хүн ажиллана. Ингээд тооцохоор нэг хороонд 30 ажлын байр бий болох юм. Үүнд татвар төлөгчдийн мөнгийг л зарцуулна. Бодит байдалд хорооны, Засаг даргынх нь явуулж буй үйл ажиллагааг харахаар заавал нэмэх шаардлагагүй нь тодорхой байна. Иргэд өрхийн эмнэлэг, хорооны цагдаа, сургууль, цэцэрлэгийг нэг юм шиг ойлгодог. Ялангуяа өрхийн эмнэлэг, хороо хоёроо ялгадаггүй. Өрхийн эмнэлэг нь босоо бүтэцтэй, нийслэлийн Эрүүл мэндийн газарт харьяалагддаг. Сургууль, цэцэрлэг ч нийслэлийн Боловсролын газрын харьяалалтай, хороонд хамааралгүй. Цагдаагийн байгууллага ч ялгаагүй босоо бүтэцтэй. Ингээд үзэхээр хорооны Засаг дарга ердөө 30 гаруй төрлийн тодорхойлолт, лавлагаа өгдөг л ажилтай. Гэтэл тэдгээр нь “EMongolia” системд бэлэн байна. Бас нийгмийн халамжийн үйлчилгээг хорооноос үзүүлдэг. Бодит байдлыг буюу иргэдээ хянаж шалгах үүргийг хорооны ажилтнууд гүйцэтгэж байгаа. Дээд түвшиндээ “Цахим үндэстэн” гэж яриад, 42 тэрбум төгрөгөөр бүхэл бүтэн яам байгуулахаар болсон. Гэтэл доод түвшиндээ хороодыг нэмээд байна. Жишээлбэл, миний оршин суудаг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо ердөө 40 га газартай, жижиг нутаг дэвсгэртэй. Үүнийг хоёр хувааж, бүр жижиглэх нь. Гудамжинд явсан 250 хүнээс “Та өнгөрсөн жил хорооны үйлчилгээ авсан уу” гэж асуухад олонх нь “Аваагүй” гэж хариулсан. Тэр ч бүү хэл хороо хаана байдгийг ч мэдэхгүй. Өрхийн эмнэлгийг бол мэдээд байгаа юм.
-Хэдий тийм боловч олон хүн амтай, томоохон газар нутагтай хороодод төрийн үйлчилгээ авах, өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэл учирдаг. Ялангуяа цар тахал нийслэлд өргөн хүрээнд тархсан үед иргэд үүнийг ойлгосон байх. Ийм тохиолдолд асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Өрхийн эмнэлгийг хэдий болтол хорооны суганд хавчуулж явах вэ. Бие даасан өрхийн эмнэлгийг олшруулах хэрэгтэй. Харин хорооны үйлчилгээ дутсан газарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлж болно. Мөн ТҮЦ машинуудыг олшруулж, найдвартай ажиллагааг нь хангах шаардлагатай. “Төрийн үйлчилгээ агаар мэт оршино” гэж бид ярьдаг. Өөрөөр хэлбэл, хүн агаараар амьсгалж байгаагаа мэдэрдэггүй. Гэхдээ агаар зайлшгүй хэрэгтэй. Гэтэл төрийн үйлчилгээ хөшингө, цахим биш, бахим болоод байгааг л эсэргүүцээд буй юм. Газар нутгийн хувьд жижиг хороодыг хуваах ямар ч шаардлагагүй. Том газар нутагтай бол нэг цэгийн үйлчилгээ бий болгож, эсвэл хорооныхоо салбарыг байгуул л даа. Ийм арга байхад бүхэл бүтэн хороо байгуулж, нэг дарга томилох хэрэггүй.
-Төсөв батлахаас өмнө та энэ талаар нэлээд ярьсан ч өөрчлөлт оруулахад нөлөөлж чадсангүй. Цаашид яах вэ?
-Төсөвт тусгасан энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын дөрвөн төлөөлөгч эсэргүүцсэн. Хөдөлмөрийн үндэсний намаас сонгогдсон гурав, Ардчилсан намын нэг төлөөлөгч нэмж хороо байгуулахад шүүмжлэлтэй хандсан. Үндэслэлүүдийг нь өмнө дурдлаа. Цаашид хяналтаа сайн тавина. Сөрөг хүчний дуу хоолой болж, бодит байдал, үнэн мөнийг олон нийтэд хүргэнэ.
-Нийслэлийн төсөв ирэх жил эрс нэмэгдэнэ. Анх удаа их наяд төгрөгөөс давсан орлого төвлөрүүлэхээр болсон. Энэ хэрээр хийх ажлын цар хүрээ тэлж, үр өгөөж нь ч нэмэгдэх боломжтой. Харин төсөв боловсруулж, батлахдаа энэ боломжоо ашиглаж чадсан уу. Өөрөөр хэлбэл, оновчтой хуваарилалт, зохион байгуулалт хийсэн үү?
-Засгийн газар өмнө нь татан төвлөрүүлдэг байсан орлогоосоо 420 тэрбум төгрөгийг ирэх жилээс эхлэн нийслэлд үлдээхээр болсон. Үүнээс гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь орон нутагт үлддэг боллоо. Ингэснээр төсөв тэлсэн. Гэсэн ч гэр хорооллыг адалсан төсөв баталсан. Төсвийн хөрөнгө оруулалтын зардал нь 800 гаруй тэрбум төгрөг. Үүнээс 21 тэрбум төгрөгийг гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахад зарцуулна. Ердөө хоёрхон хувь нь шүү дээ. Энэ бол байж боломгүй зүйл. Өөрөөр хэлбэл, хотын хүн амын 50 хувийг адаллаа. Гэр хороолол руу дэд бүтэц татсанаар тэнд бизнес хөгжих боломж бүрдэнэ. Дэд бүтэц, банк бус санхүүгийн байгууллагууд тэнд очиж байж газарт суурилсан бизнес хөгжинө. Улаанбаатарчуудыг хүнсээр хангадаг үйлдвэрлэлийн бүсийг гэр хороололд бий болгох хэрэгтэй. Түүнийгээ жижиг, дунд үйлдвэрүүдийн өлгий нутаг болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гэр хороолол руу хөрөнгө оруулалт, дэд бүтцийг нь татсанаар тэнд газар үнэтэй болно, бизнесийн орчин бүрдэнэ. Уг бодлогыг хаясан хэрнээ Хөшигийн хөндийд, өөр янз бүрийн газарт дагуул хот барина гэж байна. Уг нь гэр хороололд “ногоон”, эко орон сууц барих хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэж байгаа. Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар энэ чиглэлээр санаачилгатай, сайн ажиллаж байна. Гэхдээ ийм боломж бүрдүүлэхэд 21 тэрбум төгрөг хангалтгүй. Дэд бүтэц татахад чамлалттай хөрөнгө оруулахаар болсон нь уг ажлыг үндсээр нь нураах эрсдэлтэй.
-Хотын төсвийн хөрөнгө оруулалтын зардлын талаас илүүг нь буюу 420 тэрбум төгрөгийг замын түгжрэлийг бууруулахад зарцуулна. Энэ нь гэр хороололд зарцуулах хөрөнгө багасах шалтгаан болсон уу. Та юу гэж үзэж байна вэ?
-Үгүй. Ерөөсөө жилийн жилд яриад л байдаг хэрнээ гэр хороолол руу дэд бүтэц бараг татдаггүй. Анзаарвал, голчлон Хан-Уул руу, орлого өндөртэй хүмүүс оршин суудаг, Богдхан уулын амуудыг дагасан газруудад дэд бүтэц татсан байгаа.
-Ирэх оны төсөвт торгуулиас багагүй хэмжээний орлого төвлөрүүлэхээр тусгасан нь олон нийтийн шүүмжлэлд өртлөө. Торгуулийн хэмжээг энэ оныхоос нэмэхээр төлөвлөсөн хэрэг үү?
-Торгуулиас төсөвт 83.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болсон. Уг дүн нь энэ оныхтой ойролцоо. Гэхдээ бид өөрчлөгдөж, шинэчлэгдэх гэж байгаа бол торгуулийн хэмжээг өмнөх оныхоосоо бууруулах ёстой. Жишээ нь, мэргэжлийн хяналтын байгууллагынхан иргэн, аж ахуйн нэгжүүдийг торгох замаар орлого олж, нийслэлийн төсөвт гурван тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээж байна. Иргэнээ, аж ахуйн нэгжүүдээ заавал торгож, шийтгэх бодлого явуулж болох уу. Гэтэл жижиг, дунд үйлдвэрүүдийн 90 орчим хувь нь цар тахлын улмаас ямар нэгэн сөрөг нөлөөнд өртөж, дампуурахад бэлэн болчихлоо. Энэ бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс гаргасан тоо. Хамгийн олон ажлын байр бий болгодог, бичил зээлүүдийнх нь эргэн төлөлт өндөр байдаг жижиг, дунд үйлдвэрүүд сөхрөх нь маш аюултай. Тэднийг дэмжье гэвэл торгуулийн бодлогыг сул тавьж болохгүй. Нийслэлийн Засаг дарга “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжье. Торгуулиа багасгая” гэж ярьж байгаа. Гэтэл нөгөө талдаа аж ахуйн нэгж, иргэдийг торго, төсөвт торгуулийн орлого заавал бүрдүүл гэсэн үүрэг өгчихлөө. Үүнийг юу гэж ойлгох вэ. Товчхондоо, ийм л төсөв баталчихлаа.
-Тэгэхээр төсвийг судалгаа, тооцоогүйгээр боловсруулж, баталсан болж таарах нь ээ?
-Судалгаа, тооцоо, эрэмбэ муу байна. Шаардлагатай газарт нь бус, янз бүрийн хэрэггүй зүйлсэд жижиг сажиг хөрөнгө хуваарилсан. Жишээлбэл, дүүжин тээвэр гээд хоёр жил ярьчихлаа. Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаанд энэ жил 440 орчим сая төгрөг зарцуулсан. Ирэх жилийн төсөвт дахиад 498 сая төгрөг тусгалаа. Ашиглалтын өмнөх захиргаанд шүү дээ. Хамгийн гол нь ашиглалтын өмнөх захиргаа юу ч хийгээгүй хэрнээ төсвийн 900 гаруй сая төгрөг “идчихлээ”. Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээгээр уг ажлыг хэрэгжүүлнэ. Бидний хувьд тэнгэр дээгүүр явдаг унаанууд ихэвчлэн аялал жуулчлалын зориулалттай гэж үзээд байгаа юм. Гэтэл үүнийг нийтийн тээврийн зориулалтаар ашиглана гээд байгаа. Дүүжин тээврийг нийтийн тээвэрт ашигладаг жишиг би мэдэхгүй. Магадгүй францууд манай улсад турших гэж байгаа байх.
Бас Богдхан ууланд, Дугуй цагаан руу авирах зам тавихад 6.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийслэлийнхэн уг замаар их алхдаг, ойлгож байна. Гэхдээ Богдхан уул бол дархан цаазат газар. Байгалийн жамаараа байх ёстой. Тэнд зам барих бус, хогны менежмент хийх хэрэгтэй. Амьтдынх нь экологийн судалгааг хийх шаардлагатай. Төсвийг боловсруулахдаа асуудлуудыг маш муу эрэмбэлсэн бас нэг жишээ байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд зориулах төсөв ердөө 500 сая төгрөг. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган хүн оршин сууж байгаа. Халтиргааны улирал эхлэхээр тэд гэртээ зүгээр л суудаг, хоригддог. Яагаад гэвэл тэдэнд ээлтэй орчин бүрдээгүй. Тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэхгүйгээр бид тэгш хүртээмжийн талаар ярих үндэсгүй.
-Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулахаар төсөвлөсөн 420 тэрбум төгрөгөөр ирэх онд зам барих, нийтийн тээврийн шинэ хэрэгсэл нэвтрүүлэх, автобусны парк шинэчлэл хийх зэрэг ажил хэрэгжүүлэхээр боллоо. Эдгээр ажил нь нүдээ олсон уу. Та юу гэж бодож байгаа бол?
-Үүнийг зорилтот төсөв гэж хэлж болох юм. Замын түгжрэлийг бууруулахад энэ хэмжээний хөрөнгө зарцуулахаар болсон нь ололттой тал гэж харж байна. Бас томоохон дэвшил. Үнэхээр л замын түгжрэлийг бууруулъя гэвэл цогцоор нь шийдэх нь зөв. Уг хөрөнгөөр Улаанбаатар хотыг тойрсон 74 км зам тавихаар төсөвлөсөн байсан. Энэ бол хэрэгтэй ажил, дэмжиж байна. Мөн LRT буюу нэг доор олон хүн тээвэрлэдэг, трамвай маягийн, заримдаа газар доор, зарим үед дээгүүр нь зорчдог нийтийн тээврийн хэрэгсэлтэй болно. Энэ ч бас дэмжиж болох, зөв зүйтэй санаачилга. Мөн нийтийн тээврийг сайжруулж, парк шинэчлэл хийх гэж байгаа нь маш зөв, хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой ажил. Гэхдээ түгжрэлийг бууруулах төсвийн 11 тэрбум төгрөгийг нь ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн. Энэ хөрөнгийн задаргааг асуухаар хариу хэлэхгүй байгаа юм. Задаргааг нь хэлэхгүй байна гэдэг чинь яаж л бол яаж зувчуулна гэсэн үг. Тиймээс цаашид иргэд, олон нийт 420 тэрбум төгрөгийн зарцуулалтыг анхаарч, хяналт тавих хэрэгтэй. Хоёрдугаарт, нийслэлийн Аудитын газрын үйл ажиллагаа хангалтгүй, хөшингө байна. Тус газрынхан уян хатан, хурдтай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах шаардлагатай.
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо төсвөөс урамшуулал авдаг гэж шүүмжлүүлдэг. Ирэх онд хэдэн төгрөгийн төсөв авах вэ?
-Орон нутгийн хөгжлийн сан гэж бий. Тухайн дүүрэг, хороонд оршин сууж байгаа иргэд цахим болон цаасаар санал өгч, уг сангийн хөрөнгөөр ямар ажил хийлгэх хүсэлтэйгээ илэрхийлдэг. Орон нутгийн хөгжлийн сангаас иргэдийн саналыг авмагцаа тухайн ажлыг хийх хөрөнгийг хуваарилдаг. Уг хөрөнгө нь ирэх жил 200 сая төгрөг байх юм билээ. Төлөөлөгч үүнийг захиран зарцуулах эрхгүй. Мөнгөний барааг харах ч үгүй. Орон нутгийн хөгжлийн сангийн санаачилгаар хийх ажилд л зарцуулна.