Өмгөөллийн “Сноу хилл консалтанси” ХХН-ийн хуульч, БНСУ-ын иргэн Ко Кён Рактай ярилцлаа. Тэрбээр иргэний эрх зүйгээр дагнан ажилладаг, иргэдэд хууль зүйн тусламж үзүүлэх чиглэлээр мэргэшиж яваа залуу хуульч юм.
-Сайн байна уу. Та өөрийгөө “Өнөөдөр” сонины уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Кён Рак гэдэг. Нэрийн сүүлийн рак үсэг “баяр” гэсэн утгатай учраас монгол нэр минь Баяраа. Би саяхныг болтол өмгөөллийн “Сноу хилл консалтанси” ХХН-д хуульчийн туслах хийж байлаа. Өнгөрсөн есдүгээр сард хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх аваад байна. Ингэснээр хуульчаар ажиллах болсон.
-Монголд хэзээ хамгийн анх ирсэн бэ. Манай орны тухай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Ирээд удаж байна. 1998 онд гурван сартайдаа, аав, ээжийгээ дагаад Монголд ирсэн. Жилд 1-2 удаа нутагтаа тогтмол очдог. Гэсэн ч Монгол миний хоёр дахь эх орон. Солонгост удаан хугацаанд амьдарч байгаад Монголд ирэхэд тайван гэдэг үг их санаанд ордог юм. Монголчуудын сайн мэддэг Солонгосын “ббали ббали” (хурдал, хурдал) соёл нь хүргэлтийн үйлчилгээ авахад л тааламжтай. Харин бүхнийг хурдан хийхийг шаарддаг нийгэмд амьдрах нь хүнийг амархан ядраадаг. Энэ тал дээр Монголд харьцангуй тайван санагддаг. Тайван мэдрэмж авч Монголдоо амьдрах илүү дуртай.
-Гадаадаас манай улсад суралцагчид голчлон хэл шинжлэлийн мэргэжилтэй байдаг юм билээ. Харин та яагаад хуульчийн мэргэжлийг сонгосон юм бэ?
-Ахлах ангиа төгсөх хүртлээ Солонгост амьдарна гэсэн бодолтой байсан. Тиймдээ ч монгол хэл, түүх, соёлыг мэдэх шаардлагагүй гэж бодож явлаа. Харин ахлах сургуулиа төгсөөд нутаг руу буцах, эсэхээ шийдэх мөчид Монголыг сонгосон л доо. Энд амьдрах хүсэл илүү байгааг мэдэрсэн. Нэгэнт Монголд амьдаръя гэж шийдсэн тул оршин буй нийгмийнхээ талаар сурах зүйл зөндөө тулгарсан. “Сайн байна уу. Намайг Баяраа гэдэг”, “Баярлалаа”, “Энэ хэдэн төгрөгийн үнэтэй вэ”, “Баруун, зүүн гар тийш” зэрэг цөөхөн үг л мэддэг учраас монгол хэлийг илүү сайн сурах хэрэгтэй боллоо. Мөн аав, ээж минь аливаа нийгмийг цогцоор нь мэдэхийн тулд тухайн улсын хуулийг судлах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Ер нь хууль нийгмийн бүх салбартай холбоотойг ухаарсан. Багаасаа Монголд амьдрахдаа хуулийн мэдлэггүйгээсээ болж нэлээд айдастай амьдарч байлаа. Аливаа маргаан үүсэхэд хуулийн хамгаалалт болон туслалцаа авч чадахгүй олон тохиолдлыг мэдэрсэн. Энэ нь хуульчийн мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх. Солонгосчуудын хувьд Монгол гэдэг үгийг сонсвол их эзэн Чингис хаан болон түүний байгуулсан Эзэнт гүрнээр төсөөлөгддөг. Тийм учраас Монголын түүх, монголчуудыг судлах дуртай.
-Хуульчийн мэргэжлээр хэдэн жил ажиллаж байна вэ. Хэчнээн хэрэгт оролцож, хэдэн хүнд хууль зүйн тусламж үзүүлсэн бэ?
-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Төгсөнгүүтээ өмгөөллийн “И Эл Си”, дараа нь “Сноу хилл консалтанси” ХХН-д хуульчийн туслахаар хоёр жил дөрвөн сар ажиллалаа. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд өмгөөлөгчтэй хамт баримжаагаар 35 орчим хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлжээ. Ойролцоогоор 20 орчим иргэнд хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн байна.
-Хамгийн анх ямар хэрэгт оролцож, хэнд өмгөөллийн туслалцаа үзүүлж байв?
-Монгол эмэгтэйтэй гэрлэсэн гадаад иргэн манай хуулийн фирмд хандсан юм. Тэрбээр гэр бүлийн маргааны улмаас Монголд ирж, хүүхдээ хэний асрамжид үлдээх вэ гэдэгт гомдол гаргасан. Эхнэр нь хүүхдээ уулзуулахгүй байсан учраас бид шүүхэд хүсэлт гаргаж, тогтмол уулзуулах шийдвэр гаргуулж чадсан. Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь гэрлэгчдийн хүсэл сонирхлоос хамаардаг. Харин тухайн үйлчлүүлэгч “Хуульч, өмгөөлөгч нар идэвхгүй ажиллалаа” хэмээн гомдож байсныг санаж байна. Гэхдээ эл гэр бүлийн маргаан эцэстээ харилцан тохиролцоонд хүрч, сайнаар төгссөн. Ажилд орсноос хойш анх удаа эхнээс нь дуустал оролцсон анхны хэрэг учраас их хичээж нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдлыг боловсруулан, шүүх хуралдаанд бэлдэж байв.
-Нэг хэргийг шийдвэрлүүлэхэд хамгийн удаандаа хэр хугацаа зарцуулж байв, яагаад?
-Намайг ажилд орохоос өмнө үргэлжилж байсан буюу 2018 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эрүүгийн хэрэгт гурван жил гаруй хугацаанд буюу өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өдгөө хэргийг анхан шатны шүүх хянаж эхэлсэн. Манай хуулийн фирмээс тус хэргийн хохирогч гадаадын хөрөнгө оруулагчийг төлөөлөн оролцож буй. Хэргийн оролцогч нь гадаадын иргэн учраас мэдүүлэг авах болгонд орчуулагч байлцуулах, нотлох баримт нь гадаад хэлээр бол мөн орчуулах хэрэгтэй зэрэг шалтгаанаар монгол иргэдтэй харьцуулахад ажиллагаа их байх нь ойлгомжтой. Мөн сүүлийн хоёр жил “Ковид-19” цар тахлын улмаас хуулийн байгууллага хэвийн ажиллаж чадаагүй. Хохирогч өнөөдрийг хүртэл шүүгдэгчээс нэг ч төгрөг авч чадаагүй явна. Гэхдээ нэг л өдөр шүүгдэгч ял сонсож, шударга ёс ялна гэж найдаж, тэсэж байгаа. Харамсалтай нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсны улмаас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхсөн. Зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хязгаарлахгүйгээр ер нь ажиллагаанд байгаа болон шинээр орж ирж буй хэрэг маргаантай харьцуулахад хууль, хяналтын байгууллагад ажилладаг хүмүүсийн тоо хэт бага байгаа нь ажиглагдлаа.
-Манай улсын эрх зүйн орчныг хэр боловсронгуй гэж боддог вэ. Санал нийлэхгүй, өөрчлөх сөн гэж боддог зүйл бий юү?
-Миний одоогийн мэдлэгийн түвшин Монгол Улсын эрх зүйн орчин хэр боловсронгуй талаар үнэлэх нь зохимжгүй. Гэхдээ дийлэнх хүн Солонгосын эдийн засгийн хөгжлийн түвшнийг харж, эрх зүйн орчин нь Монголынхоос хөгжингүй гэж төсөөлдөг. Мэдээж хүн ам болон ардчилсан нийгэмтэй байсан хугацааны ялгаанаас болж, хууль тогтоогч, хууль судлаачдын тоо ялгаатай. Гэхдээ хүн ам олон байх тусам олонхын зарчмыг мөрддөг ардчилсан нийгэмд аливаа шинэ зүйлийг хүлээж авахдаа уддаг. Тийм учраас Монгол нь аливаа зүй бус зүйлийг засаж, сайжруулахад БНСУ-тай харьцуулахад давуу тал ихтэй гэж бодож байна. МУИС-д сурч байхдаа хувийн сонирхлоор болон хичээлийн даалгавар хийхдээ хоёр улсын хуулийг харьцуулж судлах боломж их олдсон. Сурах хугацаандаа Монголын хууль, холбогдох зохицуулалтыг үзэж, ихэнх тохиолдолд уг заалт БНСУ-д бий, эсэхийг харьцуулж хайдаг байлаа. Ийнхүү харьцуулж харсны үр дүн төсөөлснөөс өөр буюу зарим тохиолдолд Монгол Улсын хууль илүү ойлгомжтой, эмх цэгцтэй зохицуулсан гэж санагдсан. Өөрчлөх сөн гэж боддог нэг зүйл бий. Өмнөх асуултын хариулттай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо маш хязгаарлагдмал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хохирогчийн өмгөөлөгч урт хугацаанд мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх үед л хэргийн материалтай танилцах боломжтой. Мөн зарим тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа илэрхий дутуу байх нь бий. Хохирогч талаас лавласан бол гаргаад өгөх боломжтой нотлох баримтыг асуугаагүйгээс бодит байдлыг бүрэн тогтооход хүндрэл учирдаг. Үүний улмаас шүүхээс хэргийг удаа дараа прокурорт буцаах тохиолдол гардаг. Өмгөөлөгч нарт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг алба хаагчидтай хамтран ажиллах боломжийг нээснээр хохирогч ч гэсэн эрхээ хамгаалуулж, шүүхийн болон мөрдөн шалгах ажиллагааны ачаалал тодорхой хэмжээгээр буурах болов уу гэж боддог юм.
-Шүүгч танаас монголоор ярьж чадах уу гэж асуусан гэсэн. Бичгийн болон ярианы чадварыг хаана эзэмшсэн бэ?
-МУИС-д суралцахаасаа өмнө зургаан сар орчим монгол хэлний бэлтгэлд хамрагдсан. Хамгийн эхний лекцийг тод санаж байна. Хэдийгээр хэлний бэлтгэлд хамрагдсан ч монгол оюутнуудад зориулж бэлтгэсэн анхны өдрийн хичээлийг ойлгоход маш хүндрэлтэй байлаа. Нэгдүгээр курст семинарын хичээлд бэлдэх гэж номын ганцхан хуудсыг 30-40 минут уншдаг байв. Арай гэж хичээлээ бэлтгээд, дараа нь агуулгаа цээжлэн, ярих дасгал хийнэ. 20 минутын илтгэл тавихын тулд багадаа 200 минут дасгал хийх хэрэгтэй болдог. Мөн ярианы дуудлагаа багш болон найзуудынхтайгаа харьцуулж бэлдсэн. Ингэж хичээнгүйлэн давтсаар III курст ороход зарим хүн намайг монгол гэж андуурдаг болсон. Монгол хэлээр ярьж, бичдэг болоход тусалсан олон найздаа талархдаг. Гэхдээ зөвхөн хууль, шүүхийн шийдвэр, эрх зүйн чиглэлийн ном уншиж, монгол хэл сурсан. Тиймээс өдгөө Монголын радио сонсох, уран зохиолын ном, сонин унших зэрэг өөр салбарт хэрэглэдэг үгийг сурах гэж хичээж байна. Одоо ч гэсэн оролцож байгаа хэрэг бүрт шүүгч нар байнга асуудаг юм. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх, үүрэгтэй танилцсан гэж хэлсэн ч зарим шүүгч надад хэргийн оролцогчийн эдлэх эрх болон үүргийг нэгбүрчлэн цаг, хөдөлмөр гаргаж тайлбарлаж өгдөгт талархдаг.
-Энэ жил хуульчийн мэргэжлийн шалгалтад та тэнцсэн. Хэр хүнд даваа байв. Өмнө нь энэ шалгалтыг өгч байв уу?
-Анх удаа өгөхөөр бүртгүүлсэн, дээр нь туршлагагүй тул 2021 оны нэгдүгээр сараас эхлээд есөн сарын хугацаанд ажлын бус, цагаар шалгалтдаа бэлдсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хуульчийн шалгалт сорилго болон бодлого хэлбэрээр авдаг. Сорилгын шалгалтыг Монголын хуульчдын холбооноос жил болгон гаргадаг ном болон бусад хууль, журам уншиж давхар бэлдсэн. Ингэж бэлдсэн нь үндсэн ажлаа хийхэд ч их тус болсон. Мөн их сургуульд сурсан бодлого бодох аргачлалын дагуу шалгалтдаа бэлдсэн. Бодлогын шалгалтаар эрүү, иргэн, захиргааны эрх зүйн салбарын хүрээнд хууль хэрэглэж, шийдвэрлэх чадварыг шалгадаг. Кириллээр 10 хуруугаар компьютерт хурдан бичихгүй бол хариугаа мэдэж байсан ч амжихгүй байх тохиолдол гардаг гэж сонссон. Тиймээс хурдан бичих дасгал хийв. Гэтэл яг шалгалтын үеэр зарим асуултад хангалттай хариу бичиж чадаагүйдээ харамсдаг. Энэ жил “Ковид-19”-ийн улмаас халдвар хамгааллын дэглэм сахиж, өмнөх жилүүдтэй харьцуулахад шалгалтад оролцогчдын хоорондын зай хол байлаа. Ингэснээр шалгалтад илүү төвлөрөх орчин бүрдсэнд талархдаг.
-Манай хуульчдын ёс зүйг солонгосчуудтай харьцуулан хэлж болох уу?
-Ёс зүйн хувьд хоёр улс адилхан төлөвших үйл явцад яваа гэж боддог. Тухайлбал, намайг дадлагажуулсан өмгөөлөгч хуульчийн ёс зүйг ягштал баримтлахыг маш их хичээдэг. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, журмыг дагаж мөрддөг хуульчийг хүндэтгэж, үүнийг үнэ цэнтэй гэж үнэлдэг нийгмийн уур амьсгал бий болбол ёс зүй аяндаа төлөвшинө гэж бодож байна.
-Өмгөөлөгч их чухал мэргэжил. Та өөрийнхөөрөө өмгөөлөгч гэдэг мэргэжлээ тодорхойлооч. Таны өмгөөллийн эцсийн зорилго юу вэ?
-Өмгөөлөгч нь хууль зүйн тусламж хүссэн этгээдийн төлөө түүний бодож төсөөлснөөс илүүгээр, боломжит бүх талаас хуулийн хүрээнд эрхийг нь хамгаалдаг. Тиймээс маш хариуцлагатай байхыг нийгэм шаарддаг. Мөн хариуцлагатай байхын хэрээр хүндэтгэл хүлээх боломжтой мэргэжил. Тэр утгаараа хүний биед ямар өвчин байгааг боломжит бүх аргаар илрүүлж, эмчилдэг эмчтэй төстэй санагдсан. Эхэндээ хууль эрх зүйн салбарыг сонгон судалсан зорилго нь Монгол Улсыг мэдэх байлаа. Хуульчийн туслахаар ажиллах явцад зөрчигдсөн эрхээ хуулиар сэргээлгэж, хамгаалуулсан үйлчлүүлэгчийг хараад их урам авсан. Гадаадын иргэн, хуулийн этгээд хуулийн хамгаалалт авч чадаагүй, улмаар Монгол Улсад итгэж чадахгүй, гомдолтой үлдэж, сөрөг сэтгэгдэлтэйгээр нутаг буцаж буйд харамсдаг. Тиймээс миний эцсийн зорилго бол гадаадын иргэн, аж ахуйн нэгжид Монгол бол амьдрахад таатай, тайван газар гэдэг сэтгэгдэл үлдээх юм.
-Цаашид хуулийн аль чиглэлээр илүү мэргэшихээр төлөвлөсөн бэ. Шүүгч, прокурор болъё гэж боддог уу?
-Тодорхой салбараар мэргэших нь маш чухал. Солонгост ч гэсэн гэр бүлийн, хөдөлмөрийн маргаан гэх зэргээр мэргэшсэн өмгөөлөгчид байдаг. Гэхдээ манай хуулийн фирмээс үйлчилгээ авч буй гадаад үйлчлүүлэгч нь тодорхой салбар хязгаарлахгүйгээр хууль зүйн тусламж авахыг хүсдэг. Мөн эхэнд орж ирсэн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр салбарын маргаан дэгдэх тохиолдол гарна. Үйлчлүүлэгчид аль болох нэг газраас цогц үйлчилгээ авахыг хүсдэг. Тиймээс хууль зүйн тусламж авахыг хүсэж буй хэрэг бүрээс мэдлэг, туршлага хуримтлуулж байна. Гэхдээ оролцож буй маргааны дийлэнхийг иргэний хэрэг эзэлж байгаа. Тийм учраас иргэний эрх зүйн салбараар мэргэшиж буй. Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн үүрэг илүү өргөн болбол цаашид эрүүгийн эрх зүйн салбараар ч мэргэших хүсэлтэй. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар зөвхөн Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал буюу төрийн тусгай албан тушаалд хамаарах шүүгч, прокурор болох боломжтой. Боломж нээлттэй байсан ч гэсэн гадаадын иргэний эрх ашгийг хамгаалахад өмгөөлөгчийн статустай байх нь илүү тохиромжтой гэж бодож байна.