НҮБ-ын шийдвэрээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нийг Олон улсын уулын өдөр болгон тунхаглаж, дэлхий даяар тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг дэлхий нийт 2003 оноос хойш 18 дахь жилдээ тэмдэглэж байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО 2019 онд Олон улсын уулын өдрөөр альпинизм буюу өндөр уулын авиралтыг Хүн төрөлхтний соёлын биет бус соёлын өвийн жагсаалтдаа албан ёсоор бүртгэсэн юм. Ингэснээр өндөр уулын авиралт нь бие, сэтгэлийн хүч, мэдлэг чадвар шаардсан үйл ажиллагаа төдийгүй дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйл, уулчин нь өв тээгч болж байна. Олон улсын уулын өдрийн жил бүрийн уриа өөр байдаг. Энэ жилийн хувьд “Уулын тогтвортой аялал жуулчлал” уриалга дэвшүүлжээ. Уг өдрийн хүрээнд хүмүүсийн ахуй амьдралд уул, ус ямар ач холбогдолтой талаар ойлгуулж, байгаль орчноо хамгаалах, зохистой аж төрөх талаар олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахыг Олон улсын уулчдын холбооноос (ОУУХ) гишүүн байгууллагууддаа уриалсан байна. ОУУХ нь дэлхийн 68 орны 92 байгууллагыг нэгтгэдэг. Монголын уулчдын үндэсний холбоо нь 2010 онд ОУУХ-нд гишүүнээр элссэн билээ.
Энэ өдөрт зориулж дэлхий дахинд домог болоод байгаа Балбын уулчин Нирмал Пуржагийн тухай танилцуулъя. Нирмал Пуржа нь найман мянгат буюу 8000 метрээс дээш өндөр 14 ууланд зургаан сар зургаан хоногийн дотор амжилттай авирч, дэлхийн уулын түүхэнд алдаршсан юм. Мөн тэрбээр К2 ууланд анх удаа өвөл авирч, Балбын уулчидтай хамт оргилд нь гарсан. Тэрбээр энэ тухай “Хязгааргүй боломж” нэртэй онц сонирхолтой ном бичиж, 2020 оны арваннэгдүгээр сард олон нийтийн хүртээл болгоод байна. Мөн түүний тухай баримтат киноны нээлт хэдхэн хоногийн өмнө боллоо.
Нирмал Пуржа нь энэ номд дэлхийн ноён оргилуудад хэрхэн авирсан тухай гэхээсээ илүү өөрийгөө ялан дийлэх, ямар ч хүнд нөхцөлд боломж байдгийг харуулахыг зорьжээ. Ингэхдээ тэр боломжийг хэрхэн олж харах, асуудалд үргэлж эерэг талаас хандах зэрэг гүн ухааны, философийн гэмээр асуудлаар болон баримталдаг зарчим, үзэл бодлоо уншигчидтай хуваалцжээ. Тэрбээр Британийн цэргийн тусгай ангид 16 жил алба хааж, улмаар өндөр цалинтай ажил, цэргийн тэтгэврээс татгалзан, мөрөөдлөө биелүүлэхийн тулд “Боломж 14/7” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн байна. “Боломж 14/7” гэдэг нь 8000-аас дээш өндөр 14 уулын оргилд долоон сарын дотор гарах зорилт аж. Тэрбээр энэ төслөө зургаан сар зургаан өдрийн дотор амжилттай хэрэгжүүлжээ.
8000-аас дээш өндөр 14 оргилд авирсан 44 уулчин өдгөө дэлхий дахинд бий. Энэ 14-ийн оргилд анх гарсан хүн нь Италийн алдарт уулчин Рэйнхольд Месснер юм. Тэрбээр үүнд 10 жилийн хугацаа зарцуулжээ. Мөн БНСУ-ын уулчин Ким Чан Хо долоон жил 10 сар зургаан өдөр (2013), Польшийн уулчин Ежи Кукучка долоон жил 11 сар 14 өдөр (1987) зүтгэсний эцэст эдгээр оргилд гарсан байдаг. Тэгвэл Нирмал Пуржа үүнийг долоон сарын дотор гүйцэтгэжээ.
Нирмал Пуржа “Боломж 14/7” нэртэй төслийнхөө хүрээнд анхны авиралтаа хамгийн аюултайд тооцогддог Аннапурна (8091м) уулаас 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд эхлүүлжээ. Хамгийн сүүлийн буюу 14 дэх Шишапангма (8027 м)-д 2019 оны аравдугаар сарын 29-нд гарсан юм. 36 настай тэрбээр төслөө хэрэгжүүлэх явцдаа өндөр уулын авиралтын зургаан дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тухайлбал, тав хоногийн дотор Эверест, Лхоце, Макалугийн оргилд гарсан. Мөн Пакистанд байдаг найман мянгатын таван оргилд 23 хоногийн дотор авирсан. Үүнээс гадна дэлхийн хамгийн өндөр гурван оргилд (Эверест, К2, Канченжунга) 70 хоногийн дотор гарчээ.
Нирмал Пуржа 2012 онд ямар ч туршлага, бэлтгэлгүй байхдаа Лобуче уулын Зүүн оргилд (6119 м) амжилттай гарсан юм. Энэ нь түүний өндөр ууланд авирсан анхны тохиолдол байв. Түүнээс хойш хоёр жилийн дараа тэрбээр анхныхаа найман мянгат Дхаулагири (8167 м) уулын оргилд 15 хоногийн дотор авирсан аж. Чухамхүү энэ авиралтын дараа тэрбээр жинхэнээсээ уулаар “өвчилж” эхэлснээ номдоо дурджээ.
Нирмал Пуржа Эверестийн оргилд соло буюу ганцаарчилсан авиралт хийгээд бууж байхдаа “үхлийн бүс” гэгддэг 8000 м-ээс дээш өндөрт бие нь муудсан, бичигдээгүй хуулийн дагуу хамт явсан уулчдадаа “хаягдаад” үхэж байсан нэгэн энэтхэг эмэгтэйд тусалсан байна. Нирмал Пуржа түүнийг чирсээр байгаад өндрийн IV кэмпэд хүргэж, амийг нь аварчээ. Тэрбээр ууланд авирч байх хугацаандаа дөрвөн хүн аварсан аж. Үүнээс гадна хоёр хүнийг аварсан ч уулнаас буулгах замд тэд нас барсан байдаг. Энэ эмгэнэлт явдал түүнийг Канченжунгад (8586 м) авираад буух замд тохиолджээ. Хоёр уулчин хүчилтөрөгчийн дутагдлаас болж нас барсан байна. Нирмал болон түүнтэй хамт явсан хоёр шерпа өөрсдийнхөө хүчилтөрөгчийн бортогыг тэдэнд хэрэглүүлсэн ч хүчилтөрөгчийн нөөц нь удалгүй дууссан аж. Тэгэхэд тэд өндрийн IV кэмпэд тун ойрхон байжээ. Нирмал IV кэмптэй холбоо барьж, хүчилтөрөгчийн бортого яаралтай ирүүлэх талаар тусламж хүсэхэд цаадуул нь “Тусламж яаралтай явуулна”, “Та нар луу тусламж очиж байгаа” гэж хэд хэдэн удаа хэлжээ. Гэсэн ч тусламж ирсэнгүй. Эмгэнэлт явдал болсны дараа IV кэмпэд очиход тэнд амарч байсан уулчид бүгд амиа бодон, майхандаа шигдэн, “нуугдаж” байсныг Нирмал мэдсэн аж. “Зарим уулчин гэж хүний үнэргүй амьтад. Фэйсбүүк, твиттерээр өөрсдийгөө хоосон магтуулахаас өөрийг мэдэхгүй нөхөд байх юм” гэж тэрбээр ихэд бухимдсан тухайгаа энэ номд бичжээ. Түүнчлэн “Боломж 14/7” төслийн хүрээнд Аннапурна (8091 м)-гийн оргилд амжилттай гарч, дөнгөж бууж ирээд байтал уг ууланд эрсдэлд орсон нэгэн уулчинд яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй болсныг сонссон байна. Ингээд Нирмал шерпа нарын хамт тэр даруй буцан авирч, бие нь муудсан уулчныг буулгаж, амийг нь аварсан гэнэ. Магадгүй зарим хүн “үхлийн бүс”-д хэн нэгэнд тусламж үзүүлэх нь тэнэг, өөрийгөө томоохон эрсдэлд оруулсан үйлдэл гэж үзэж болно. Харин Нирмал Пуржагийн хувьд энэ нь байх л ёстой зүйл. Ямар ч нөхцөлд хүн гэдэг амьтан хүн чанараа алдаж болохгүй гэдэг зарчмыг тэрбээр баримталдаг аж.
Шерпа буюу уулын хөтөч нарын маш хүнд, хэцүү ажил, өндөр үүрэг, хариуцлагын талаар Нирмал Пуржагийн номд дэлгэрэнгүй бичжээ. Тухайлбал, гадаадын төлбөртэй уулчид шерпа нараар өндөр уулын гүнзгий цасанд зам гаргуулж, хамаг ачаа хөсгөө тэдэнд үүрүүлж, дээш нь гаргуулдаг. Улмаар бэлдсэн замаар уулын оргилд гарсны дараа өөрийн орны хүмүүсийн дунд нэр алдар хүртдэг. Харин шерпа нар тэр “мундаг” гэх гадаадын уулчдын ар талыг бүрэн дааж, олс татах, мөсөн ангал дээгүүр шат тавих, гүнзгий цас хагалж зам гаргах, ачааг нь үүрч явах гээд хамгийн эрсдэлтэй ажил хийдэг. Тэгсэн хэрнээ шерпа нарын цалин хөлс бага, ямар ч даатгалгүй байдаг тухай энэ номд бичжээ.
Нирмал Пуржа нь өндөр ууланд авирах үедээ эрсдэлтэй нэг бус удаа нүүр тулжээ. Тухайлбал, Нангапарбат (8126 м)-д авирч байхад хөл нь халтирч, уулын уруу 100 м орчим зайд гулсав. Улмаар ангал руу унахын даваан дээр ирмэгт нь бэхэлсэн олсыг олж хараад, хоромхон зуур самбаачлан түүнээс зүүгдсэнээр амьд гарсан аж. Тэрбээр номдоо “Том зүйлийг мөрөөдөхөөс бүү ай”, “Би мөрөөдөж байсан нэг ажлаа, дэлхийг өөрийнхөө аргаар өөрчлөх гэж мөрөөдсөн өөр нэг ажлаар сольсон” (Өндөр цалинтай цэргийн албыг уулаар сольсноо хэлжээ), “Өөрийнхөө бие бялдар, дутуу чанараа таньж мэдэх нь маш чухал гэж би бодож байна” гэх зэргээр эш татан бичсэн байв. Нирмал өндөр ууланд авирч байхдаа өөртөө “Би өнөөдөр үхэхгүй, маргааш байх. Гэхдээ өнөөдөр л лав биш…” гэж хэлдэг аж.
Нирмал Пуржагийн тухай баримтат киноны нээлт өнгөрсөн сарын 29-нд болсон. Киноны нээлтийн дараа сурвалжлагч түүнээс зарим зүйлийг тодруулсныг хүргэе.
-Эдгээр 14 уулаас аль нь таны санаанд нийцсэн бэ?
-Миний сэтгэлд хамгийн их нийцсэн уул бол Аннапурна. Яагаад гэвэл ганцхан энэ уулаас л би айж байсан. Учир нь энэ уулыг судлаад үзтэл нэг өдөрт 6-8 удаа цасан нуранги болдог байж таарсан. Ийм нөхцөлд яаж амьд үлдэх вэ гэдэг нь миний сэтгэлийг үнэхээр зовоож байлаа.
-Та чинь юунаас ч айдаггүй гэсэн биз дээ?
-Хүн бүрт бага зэргийн айдас төрдөг. Гол нь айдсаа хэрхэн барих, хэрхэн өөрийгөө удирдаж сурах вэ гэдэгт асуудлын гол нь байна. Цэргийн хэлээр бол ямар ч байсан үзээд алдах хэрэгтэй.
-Ууланд ямар зургийн аппарат авч явсан бэ?
-Их олон төрлийн камер ашигласан. Видео камер, дрон, гар утасны камер гээд бүгдийг нь ашигласан. Бид 6-7 хард диск дүүрэн зураг, бичлэг хийсэн байх. Бараг 100 цагийн бичлэг хийсэн. Тухайн үед эдгээрийг нэгтгэн эвлүүлж, 14 оргилын авиралтын тухай баримтат кино хэрхэн хийх вэ гэдэг том асуудалтай тулгарсан.
-Ер нь өндөр ууланд авирч, ийм эрсдэлтэй алхам хийж буй гол зорилго юу вэ?
-Энд хоёр зүйл бий. Нэгдүгээрт, боломжгүй зүйл байдаггүйг дэлхий нийтэд харуулахыг хүссэн. Олон хүн миний төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байсан юм. Хүүхэд байхад минь манай гэрт зурагт байгаагүй. Би хөрш айлын зурагтыг гэрийнхээ цонхны цаанаас үздэг байлаа. Тэгэхэд би их мөрөөддөг байсан. Боломжгүй зүйлийг заавал боломжтой болгоно гэж. Нөгөөтээгүүр, хүн маш том мөрөөдөлтэй байж, их ажиллаж зүтгэснээр зорилгодоо хүрч болдгийг харуулах гэсэн юм.
-Таны хувьд бие бялдрын бэлтгэл, сэтгэл зүйн байдлын аль нь чухал вэ?
-Энэхүү төсөлдөө, тавьсан зорилгодоо бүрэн итгэж байсан нь надад их дэм болсон. Бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлаас илүүтэй сэтгэл зүй надад чухал байлаа. Тэр үед надад мөнгө байгаагүй. Би мөнгө олох ажил хийсэн. Тэр үед бас ээжийн минь бие муу байв. Бас би өндөр оргилуудад авирах ёстой байсан. Ёстой л юм юм давхацсан даа. Харин өнөөдөр ингээд зогсож байна. Ямар солиотой бөгөөд гайхалтай зүйлийг бид хийж чадав аа гэдгийн гэрч нь дэлхий нийт боллоо.
-Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?
-Бид өмнөхөөсөө ч том зорилт тавьсан. Тэвчээртэй хүлээвэл та нар харах болно.
Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын гишүүн О.БАТСАЙХАН