НҮБ-ын, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх тусгай илтгэгч Рийм Алсалем манай улсад 10 хоног ажилласан үр дүнгээ өчигдөр хуваалцаж, урьдчилсан дүгнэлтээ танилцууллаа. Тэрбээр тусгай илтгэгчийн хувиар манай улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт болон хууль, институц, бодлогын орчныг судалж, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үнэлгээ хийсэн юм. Эмэгтэйчүүдийн түр орогнох болон саатуулах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд тусгай илтгэгч очиж, хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдтэй уулзжээ. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумд ажилласан байна. Харин эмэгтэйчүүдийн хорих ангид очих байсан ч “Ковид- 19”-ийн халдвараас болоод тэнд байгаа бүсгүйчүүдтэй биечлэн уулзаж чадаагүй гэнэ.Тэрбээр эцсийн тайлангаа ирэх оны зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулах аж.
Урьдчилсан дүгнэлтээ танилцуулахдаа тэрбээр “Би бол танай улсад ажиллаж буй 10 дахь тусгай илтгэгч. Энэ нь Монгол Улсын Засгийн газар тусгай илтгэгч нарыг урьж ажиллуулахад нээлттэй, өмнөө тулгарч буй асуудлыг танилцуулахаас нуудаггүйг харуулж байгаа юм. Тусгай илтгэгчийн хувьд Хүний эрхийн зөвлөлөөс томилолт авч, гадаад оронд жилд хоёр удаа томилолтоор ажиллах учиртай. Миний бие тусгай илтгэгчээр томилогдоод дөрвөн сар ч болоогүй байна. Анхны томилолт маань Монгол Улсынх байлаа. Зургадугаар сард зөвлөмжөө гаргахаас өмнө төслөө Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, саналыг нь авна.
Эхний хэлэх зүйл маань Монгол Улс сүүлийн хэдэн жилд хууль, эрх зүйн орчиндоо дорвитой ахиц гаргасныг нь онцолмоор байна. Хэд хэдэн чухал хууль байгаа нь Жендерийн эрх тэгш байдлын, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Хүний наймаатай тэмцэх, Хүүхэд хамгааллын болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга гэх мэтээр нэрлэж болно. Жендерийн үндэсний хороо 2009 оноос хойш ажиллаж байгаа нь таатай санагдлаа. Хүйсийн тэгш эрхийг хангахтай холбоотой асуудлыг цогцоор нь анхаарах ёстойг хүлээн зөвшөөрсний илрэл болов уу. Түүнчлэн олон улсын хүний эрхийн хэм хэмжээг хуулиуддаа тусгах гэж хичээж буйг нь сайшааж байна.
Гэхдээ засаж, залруулах зүйл байсаар байна. Жендерт суурилсан, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан ч Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд зөвхөн бие махбод, бэлгийн хүчирхийллийн тухай тусгажээ. Өөрөөр хэлбэл, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн талаар заагаагүй нь миний анхаарлыг татлаа. Эдгээрийг бүх хуульд жигд оруулах ёстой. Нөгөө талаас бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой зүйл, заалт Эрүүгийн хуульд байгаа ч гэр бүлийн баталгаатай, эхнэр, нөхрийн хооронд үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийг багтаахгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд жендерийн талаарх үг, хэллэг хангалтгүй байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байгаа хүмүүст төдийлөн анхаарахгүй байгаа нь ноцтой. Төрийн байгууллагууд хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авахдаа хүүхдийг илүүд үзэж, эмэгтэйчүүд болон охидыг хоёрдугаарт тавьж байгаа нь учир дутагдалтай. Түүнчлэн хуулиуд баталсан ч олон нийтийн мэдээлэл, ойлголтыг сайжруулах ажил хангалтгүй байна.
Үүнээс гадна төрөлтийн үеийн хүчирхийлэл гэж байдаг. Энэ бол хүүхдээ төрүүлж буй үедээ эмэгтэйчүүдийн амсдаг хүчирхийлэл. Мөн уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бүс нутагт хүчирхийллийн түвшин өндөр байгаа нь судалгаанаас харагддаг. Жендерийн үндэсний хороог Ерөнхий сайдын эрхлэх асуудлаас гаргаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд оруулах талаар ярьж байгаа юм билээ. Уг хороог Засгийн газрын тэргүүний мэдэлд үлдээх нь зүйтэй. Ингэснээр салбар дамнасан, бүх нийгмээрээ хамаатай эл асуудал орхигдохгүй. Бас гэр бүлээс гаднах хүчирхийлэлд анхаарал хангалттай хандуулахгүй байна гэх болгоомжлол төрсөн. Хуулийг хэрэгжүүлэхдээ хамтарсан багуудын үйл ажиллагааг бэхжүүлэх шаардлага байна. Хүний эрхийн комиссын тухай хуулийг шинэчилж, эрх, үүргийг нь нэмэгдүүлснээр энэ чиглэлийн үйл ажиллагаанд нь ахиц гарч байгаад баяртай байна. Гэр бүлийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэгч хамтарсан багуудын үйл ажиллагаа сайжирсныг онцолъё. Гэхдээ хамтарсан багийг гэр бүлийн бодлогыг хэрэгжүүлэгч агентлагийн дэргэд байгуулж байгаа нь учир дутагдалтай. Яагаад гэвэл, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг гэр бүлийн асуудал гэж үзэж байна шүү дээ. Энэ бол зөвхөн гэр бүлийн асуудал биш. Үүнээс гадуур эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж байдаг. Мөн хамтарсан багийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажилладаггүй нь үйл ажиллагааны үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Бүтэн цагаар үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг хамтарсан багт ажиллуулах нь зүйтэй. Улсын хэмжээнд хохирогчдыг хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний 43 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн үйлчилгээг улам сайжруулаасай. Ялангуяа яаралтай үзүүлэх тусламжийг бэхжүүлэх шаардлагатай. Хууль зүйн туслалцаа бол хохирогчдод зайлшгүй хэрэгтэй байдаг. Хамгаалах байр бол хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах төдий үүрэгтэй зүйл биш юм. Тэнд байхдаа хохирогч бусад үйлчилгээг ч авах ёстой. Хохирогчдын зарим нь тусгаарлах байранд байхдаа хоригдож байгаа мэт сэтгэгдэл төрдгөө надад хэлсэн.
Миний санааг зовоож буй бас нэг зүйл бол биеэ үнэлэгчдийн асуудал. Хүчирхийлэлд илүүтэй өртдөг тэднийг хамгаалах ажлаа сайжруулах ёстой. Хүчирхийлэл үйлдэгчийг хорьж, саатуулахаас гадна хохирогчид ойртохгүй байх гэх мэт өөр төрлийн арга хэмжээ авах шаардлагатай. Хохирогчтой холбоотойгоор хэлэхэд, шүүх хурлуудын үеэр хүчирхийлэл үйлдэгч, хохирогч хоёрыг нэг өрөөнд, өөд өөдөөс нь харуулаад суулгаж байгааг эсэргүүцэж байна. Айлчлалын туршид дахин дахин сонсож байсан зүйлээс дүгнэхэд, жендерийн талаарх хэвшмэл ойлголт Монголд маш хүчтэй байна. Хүчирхийллийн эсрэг үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс, төрийн албан хаагчдын дунд ч эл ойлголт түгээмэл байгаа нь ажиглагдлаа. Энэ чиглэлд үйлчилгээ үзүүлж буй иргэний нийгмийн байгууллагуудыг Монголын төр, засгийн зүгээс дэмжээсэй гэж хүсье. Бэлгийн янз бүрийн чиг хандлагатай хүмүүсийг хангалттай анхаарахгүй байна” гээд урьдчилан сэргийлэх, архидалттай тэмцэх чиглэлд бодитой ажил хийхийг уриаллаа.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг “нууц тар тахал” хэмээн тодорхойлсон тусгай илтгэгч Рийм Алсалемаас дүгнэлтээ танилцуулсных нь дараа цөөн асуултад хариулт авсан юм. Ташрамд дурдахад, НҮБ-ын хэмжээнд тухайлсан сэдвийг хариуцсан 45 тусгай илтгэгч бий аж. Мөн Иран, Палестин гэхчилэн олон улсад анхаарал татсан, тухайлсан асуудлаар онцгой мандат авч, томилогддог 11 тусгай илтгэгч байдаг юм байна. Манай улсын хувьд энэ чиглэлээр тусгай илтгэгч ажиллуулах хүсэлтээ Засгийн газраас НҮБ-д тавиад, багагүй хугацааны дараа ажил хэрэг болж байгаа нь энэ аж.
-Хүчирхийллийн эсрэг үйлчилгээг яаж сайжруулах ёстой вэ?
-Үүний тулд бүх нийгмээрээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Бодлого боловсруулах нэг хэрэг. Иргэдийн дундах энэ талаарх ойлголтыг сайжруулах, ийм үйлчилгээ байдаг юм шүү гэсэн мэдээллийг түгээх нь чухал. Та бүхэн ч миний тайлангийн төсөлд урьдчилан санал өгөх боломжтой.
-Төрөлтийн үеийн хүчирхийллийн талаар та сая дурдлаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хүүхдээ төрүүлэх явцад эмэгтэйн зөвшөөрөлгүйгээр ямар нэг мэс ажилбар хийх, эсвэл дарамт үзүүлж, хэл амаар доромжлох зэрэг нь төрөлтийн үеийн хүчирхийлэлд тооцогдоно. Үүнийг шийдэх арга нь тэр бүр тодорхой байдаггүй. Учир нь ихэвчлэн эмч, үйлчлүүлэгч хоёрын хооронд, төрөх үед болж буй үйл явц шүү дээ. Гэвч энэ бол эмэгтэйчүүдийн эсрэг хүний эрхийн том зөрчил. Миний хувьд энэ талаар дэлгэрэнгүй судалгаа хийх боломж олдсонгүй. Иймд эргэж энэ асуудлыг судалж, хөндөх болно. Эрүүл мэндийн үйлчилгээний хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг цогцоор нь харна.
-Монголд хийсэн айлчлалын тань ололт, нааштай тал нь юу байв?
-Хууль, тогтоомжууд нь сайн, хангалттай байна. Монголчууд аливаа асуудалд нээлттэй, илэн далангүй байлаа. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. Монгол Улсад нөхцөл байдал ямар байгаа талаар тодорхой мэдээлэл авч, цуглуулж байсан ч хүмүүстэй нь биечлэн уулзахад илүү баялаг ойлголттой болж байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг багасгахын төлөө, тулгамдаж буй асуудлыг нь шийдэх гээд явж байгаа хүмүүстэй уулзахад тааламжтай байсан.
-Харин хамгийн сэтгэл эмзэглүүлэм зүйл нь юу байв?
-Хохирогч болгоны туулсан хүнд амьдрал, орчин нөхцөлийн талаар сонсож, мэдрэхэд сэтгэл эмзэглэсэн.
-Манай улсад жендерийн тэгш эрх хэрхэн хангагдаж байна гэж та хэлэх вэ?
-Жендерийн эрх тэгш байдлыг хуулиар хангана. Зарим оронд эмэгтэй хүнийг тодорхой газарт очих, үйлчилгээ авахыг хориглох гэх мэт хатуу хууль байдаг. Монголд тийм зүйл байхгүй. Гэхдээ эмэгтэйчүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд квот тогтоосон. Хэдийгээр би квотыг төдийлөн дэмждэггүй ч одоохондоо ийм зохицуулалт хэрэглэх нь зүйтэй гэж бодож байна.