Дүрслэх урлагийн салбарт хос морьтой давхиж яваа уран бүтээлчийг “Хүмүүс” буландаа урилаа. Театрын зураач хэдий ч уран зураг, баримал туурвиж, онцгой содон бүтээлүүдээрээ эл урлагт дурлагсдын мэлмий, оюуныг баясгаж яваа түүнийг өнгөрсөн сард төр соёрхсон юм. Гүн ухааны шинэ сэтгэлгээ, уран бүтээлчийн эрэл хайгуул, арга барил, содон хэлбэр, агуулга, авьяас билгээрээ дүрслэх урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, бүтээлүүдээрээ дамжуулж түүх, соёл, өв уламжлалаа дэлхийд сурталчлан таниулж, “Их хүлгэн туульс”, “Цагаан шонхор”, “Аргусан хуурчийн тууль”, “Цаст уулын цадиг”, “Хотгойдын Шадар ван Чингүнжавын морьт хөшөө цогцолбор” зэрэг дахин давтагдашгүй бүтээл туурвисан эрхэм бол Төрийн шагналт Шүнгээгийн Тэнгисболд. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны “Шагналд хөөрдөг хүн бий. Тоодоггүй нь ч бий” хэмээснийг санаж байна. Харин Төрийн шагнал хүртсэний дараа танд ямар бодол төрөв?
-Үнэндээ сүүлийн 20 гаруй жил энэ шагнал урамшуулал, цол, тэмдэг эзнээ олоогүй гэж би бодож явдаг юм. Их олон ч хүнийг гомдоож “явуулсан” даа. Нөгөө талаас замаа алдчихсан, үнэ цэн нь буурчихсан. Өөрөө шагнуулчихаад онгирч байгаа юм биш. Тэгээд ч намайг биш, миний бүтээлийг төр соёрхсон юм. Тиймээс баяртай байгаа. Олон хүн баяр хүргэхээр сайхан л санагддаг аж. Урам их авлаа.
-Хэдэн жилийн өмнө АСЕМ-ын уулзалтад зориулж таны бүтээлүүдээр “Хаданд мөнхөрсөн урлаг” үзэсгэлэн дэлгэж, тэдгээрийг олон орны Төрийн тэргүүнд бэлэглэсэн. Түүнээс хойш уран бүтээлийн олз арвин уу?
-Хадны сүг зургаас сэдэвлэсэн 60-аад зураг зурах даалгавар авсан, тэр үед. Ихэнхийг нь биеэр очиж үзсэн. Гайхамшигтай мэдрэмж төрдөг юм билээ. Тэр мэдрэмжээс тэдгээр бүтээл төрсөн юм шүү дээ. Хадан дээрх урлагаа дэлхийд таниулах оновчтой шийдэл, зургууд минь ч олон оронд очсон. 53 улсын Төрийн тэргүүнд зураг нь байдаг уран бүтээлч тийм ч олон гэж бодохгүй л байна. Түүнээс хойш зүгээр суусангүй ээ. Төлөвлөсөн, хийж буй зүйл олон л байна.
-Жишээлбэл?
-Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, уртын дуучин Н.Норовбанзад, Төрийн шагналт, Ардын жүжигчин, дуурийн дуучин Х.Уртнасан, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа нарын Зууны манлай гурван дуучин эмэгтэйтэй эгч дүү, найз нөхөд явлаа. Эдгээр гурван эмэгтэйн баримлыг хийх санаа бий.
-Та театрын зураач. Түүнээс гадна уран зураг, баримлыг хослуулж туурвидаг. Ийм уран бүтээлч тийм ч олон биш.
-Би маш азтай хүн. Наймдугаар ангидаа “Өглөө” зургаараа улсын уралдаанд түрүүлсэн юм. Түүнээсээ урамшин ахлах анги төгсөөд Дүрслэх урлагийн дунд сургуулиар дамжилгүй шууд Багшийн дээд сургуулийн театрын зураачийн ангид элссэн. Тэгж л Гаваа багш (Ардын зураач Л.Гаваа)-ийнхаа шавь болсон юм. Төгсөөд Ардын дуу, бүжгийн чуулгад хуваарилагдлаа. Тэнд мань мэт нь тайзны ард л байна уу гэхээс биш, харагдах ч үгүй. Гаваа багш минь театрын зураач мөртлөө уран зурагт сэтгэлээ илүү тавьдаг хүн байв. Би ч тэр жишгээр явсан. Сүүлд харин баримал хийчихмээр ч юм шиг санагдаад оролдсон юм. Саваагүйдээ л тэр.
-Хэзээ хамгийн сүүлд аль нэг театраар орсон бэ. Сүүлийн үеийн тоглолтуудын сценографуудаас таалагдсан нь бий юү?
-1990 оноос хойш театрт намайг урьсан ч үгүй, би очсон ч үгүй. Билгээ (Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал), Жамъяндагва ах (Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва) бид “Бөртэ чоно” балет тавьснаас хойш би хаашаа ч очоогүй. Одоо ч миний нэрийг мэдэх хүн үлдээгүй биз дээ.
-Таны залуудаа туурвисан бүтээлүүд, үзэсгэлэнгийн танилцуулгуудад нэрийг тань Ш.Болд гэсэн байдаг юм билээ. Хэзээнээс, яагаад нэрээ Ш.Тэнгисболд болгосон юм бол?
-Эцэг, эхээс хайрласан нэр Болд. Би том хүүгээ алдчихсан юм. Хүүгээ өөд болсны дараа “Хүмүүсийн юу гэх надад падлийгүй. Би хүүгийн хээ нэрийг гаргана” гээд нэрийг нь өөрийнхөө өмнө холбож Тэнгисболд болгосон юм.
-“Уран бүтээл бол залуу насны ажил биш” гэж та нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Гэхдээ та ихэнх алдартай бүтээлээ залуудаа туурвичихсан юм билээ.
-Зангарагтай бүтээл хийхэд туршлага яах аргагүй хэрэгтэй л дээ. Залуу зураач нар зургаа тайлбарлах гээд байх юм. Зурж гүйцээгээгүй, эсвэл чадаагүй зүйлээ нөхөж тайлбарлаад байгаа ч юм шиг. Уран зураг бол хэлгүй урлаг. Тэгэхээр тархиараа бодож, гараараа гүйцээж чаддаг болсон цагт л чамбай бүтээл төрнө. Билгээ минь “Хийсэн болгон мундаг болно гэж байхгүй. Надад “Ламбугайн нулимс” дуурь, Лхагвасүрэн (Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн)-д “Боржигоны бор тал” шүлэг, чамд нэг сохор өвгөн байна. Энэ чинь л бусад бүтээлээ тодорхойлж явна” гэдэг байж билээ. Чинзориг (Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг), Билгээ хоёртойгоо дотно нөхөрлөдөг байлаа. Заримдаа өнөө хоёрыгоо хүлээнгээ Хөгжмийн зохиолчдын хорооны хуралд нь ороод хамт суучихна. Ямар сайндаа л “Манай хороо нот мэдэхгүй ганц гишүүнтэй” гэж намайг даапаалдаг байв.
-“Их хөлгөн туульс”-аа та хэдэн хувилбараар зурсан юм бэ?
-Гурав дөрвөн хувилбар бий. Бадраа (урлаг судлаач, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа) гуай хөгжмийн атлас бичиж, би зургийг нь зурах болсон юм. Надад морин хуурын талаар их ярьдаг байлаа. “Их хөлгөн туульс”-ын санаа тэндээс л төрсөн. 1988 онд “Их хөлгөн туульс”-ыг Монголын уран зургийн галерей хамгийн өндөр үнээр авч, зураач нарын атааг хөдөлгөж л явлаа. Тухайн үеийн ханшаар 8000 төгрөг хүрсэн санагдана. Тэрнээс өмнөх хамгийн үнэтэй нь 4500 төгрөг байсан юм билээ.
-Ярилцлагын эхэнд та “Намайг биш, миний бүтээлийг төр соёрхсон” гэсэн. Төр соёрхсон Хотгойдын Чингүнжавын хөшөөнөөс гадна та хэчнээн хөшөө, баримал туурвив?
-Шадар ван Чингүнжавын хөшөөг Баянгол дүүргийн XIX хорооны нутаг, Чингүнжавын өргөн чөлөөнд миний эх загварын дагуу цутгаж бүтээсэн. Шадар ван хуяг дуулгаа асаан, дайн тулааны догшин хар тугаа зүүн гартаа атгаж, сэлэм, нум, сумаа агсан, хилэн хар морьтойгоо дүүлэн давхиж буйгаар дүрсэлсэн юм. Суурьтайгаа 10 метр өндөр, хүрлээр цутгасан хөшөө. Энэ хүн монгол түмний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөх гавьяатай. Тиймээс “Төр, үр хоёр минь мөнх оршиг” гэсэн алдарт үгийг нь хөшөөний сууринд сийлж үлдээсэн дээ. Хийсэн хөшөө, баримал бий бий. Үндсэн хуулийн загалмайлсан эцэг хэмээгддэг нэрт хуульч Б.Чимэд агсны, Өндөр гэгээн Занабазарын хөшөөний эх загварууд ч байна.
-Нээрэн, таны зурсан цагаан шонхор хэрхэн цагдаагийн байгууллагын сүлд болсон юм бол?
-Төрийн сүлдийг батлах үед миний цагаан шонхор ч яригдаж л байсан юм. Харин Төрийн шагналт, зураач Ойдов гуайн зурсан өнөөгийн Төрийн сүлдийг УИХ-аар баталсаны дараа Б.Пүрэв генерал надад санал тавьсан юм. “Монголын нууц товчоо”-нд Хиад боржигоны сүлд, Дэй сэцний зүүд гэх мэтээр цагаан шонхрын талаар 10-аад удаа дурдсан байдаг. Шонхор шувуу тагтаа шиг жижигхэн мөртлөө ямар зоригтой, хурдан шаламгай гээч. Эзэн Чингисийн шүтэж явсан сүлд юм чинь цагаан шонхрыг төрийн бахархалт шувуу болгохоос ч аргагүй биз.
-Нас ахих тусам уран бүтээлийн тань өнгө аяс өөрчлөгдөж байна уу?
-Харин ч залуусыг дагаж гүймээр санагдах юм. Сэтгэл, сэтгэлгээ хөгширч болохгүй. Угаасаа нас ахиад ирэхээр бусдыг биш, өөрийгөө хардаг болдог юм байна. Гэхдээ л залууст хэлчихмээр зүйл байдаг шүү.
-Юуг тэр вэ?
-Мөнгө, нэр алдар хөөсөн хүн зураач болохгүй. Зураач нар дунд гарын ур сайтай нь ч бий, толгой сайтай нь ч бий. Гэхдээ гол нь зүрх сэтгэлтэйг нь зураач гэдэг.
-Гарын шавь бэлдэж амсан уу, та?
-Залуучуудыг чамлаж болохгүй. Тэднээс сурах зүйл их байна. Би гарын ганц шавь бэлдсэн. Болд-Эрдэнэ гэж залуу байлаа. Өөд болчихсон. Түүнээс хойш дахин багш, шавь гэж илүү дутуу юм бодсонгүй. Тэгээд ч би багшлах хүн биш юм билээ.
-Таны бүтээл Монголын олонх уран цуглуулагч нарт байдаг хэрнээ хамгийн арвин цуглуулгатай Ц.Элбэгдорж (Монгол Улсын Ерөнхийлөгч асан)-д байдаггүй гэх юм билээ.
-Японд хоёр, ОХУ-д нэг үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Миний бүтээлийг гадаадынхан их со нирхоно. Ажих нь ээ, дотоодын цуглуулагчдын олонх нь нутгийнхаа зураачдын бүтээлийг түлхүү авдаг юм билээ. Хамгийн арвин цуглуулгатай нь Ц.Элбэгдорж л байх. АСЕМ-ын уулзалтын дараа “Нэг ч бүтээл чинь надад үлдсэнгүй” л гээд байсан. Нэхэж байгаа юм уу, яаж байгаа юм, бүү мэд. Улстөрч байх хэцүү байх. Улстөрчтэй нөхөрлөх ч хэцүү.
-Туурвисан бүтээлээ олон жилийн дараа энд тэндээс харах, олох тохиолдол гарч байв уу. Тийм тохиолдолд ямар сэтгэгдэл төрдөг бол?
-Таардаг л юм. Олон зургаа зарж, бэлэглэж, тараасан. Сэтгэл хөдөлсөн, зуун грамм татчихсан үедээ зургаа бэлэглэчихдэг муу зантай нөхөр байгаа юм, би. “Их хөлгөн туульс”-ыг туурвихаасаа өмнө харж зурах санаатай нэг хуур хийсэн юм. Тэр хуур алга болчихсон. Сүүлд харах нь ээ, Жанцанноров (Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров)-ын өрөөнд төгөлдөр хуурынх нь дээр өлгөөтэй байна билээ.
-Та Ардын зураач Л.Гаваагаас гадна Ардын зураач Г.Одонгийн шавь юм билээ. Багш нарын тань бүтээлүүдийн эх хувь танд байдаг уу?
-Миний мэргэжлийн багш Гаваа, диплом удирдсан багш Одон. Хоёр мундаг, сайхан уран бүтээлчийн шавь байснаараа бахархдаг. Одон багшийн “Ажлын дараа” бүтээлийн эскиз надад байгаа.
-Олон жил тээж явсан ч хийж амжаагүй бүтээл танд бий юү?
-Дөчин жил бодож яваа зүйл бий. Судалгаагаа ч хангалттай хийж, хэд хэдэн цуврал үзэсгэлэн гаргачихаар хэмжээний рисунок гаргачихаад л яваа юм. Гэхдээ аливаа зүйлд цаг хугацаа гэж бий. Тэгээд л азнаад байна.
Бэлтгэсэн А.Тайшир