Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төвийн захирал Б.Батхүүтэй ярилцлаа.
-Цар тахлын улмаас хил хаагдан, ачаа эргэлт зогссон. Ийм үед бид дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн цөөн, бусад улсаас хамааралтай гэдгээ илүүтэй ойлголоо. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортын хамаарлыг бууруулахын тулд эн тэргүүнд юу хийх вэ?
-Манайх малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөн боломжтой улс. Хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд юуны түрүүнд мал аж ахуйн салбарт анхаарал хандуулах нь чухал. Монгол Улс ноолуурын салбараас нэг жилд дөрвөн их наяд төгрөг босгох боломжтой. Жил бүр дунджаар 14 сая малыг хүнсэнд хэрэглэдэг гэж үзвэл ийм тооны арьс, ширийг нийлүүлж буй. Хэрэв эдгээрийг гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл 1.4 их наяд төгрөг олж болох судалгаа ч бий.
Жил бүр 10 000 гаруй тонн түүхий ноолуур бэлтгэдгээс 10 орчим хувийг л бэлэн бүтээгдэхүүн болгон, үлдсэнийг нь анхан шатны боловсруулалт хийн экспортолж боломжоосоо харьцангуй бага мөнгө олж байсан. Гэхдээ “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлснээр 2018 онд 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, өмнөх жилүүдийнхээсээ үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлын байр, борлуулалтыг тус бүр 30 гаруй хувиар өсгөж чадсан нь чамлалтгүй дүн.
Өдгөө ноолуурыг анхан шатны боловсруулалтад оруулах буюу түүхий эдээ бүрэн угааж, самнах хүчин чадал суурилагдсан. Харин ээрэх, сүлжих, нэхэх болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг өсгөх шаардлага бий. Гэхдээ тус салбарт төрөөс хөнгөлөлттэй зээл, тусламж олгон дэмжсээр байгаа. Товчхондоо ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын орлого жил ирэх тусам өсөн, зах зээлийнхээ зарчмаар хөгжиж буй.
Ноолуурын дараа жагсан, хангалттай ашиг олж болохуйц түүхий эд бол арьс, шир юм. Гэтэл арьс, шир боловсруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл уналтад орсон гэхэд болно. Бид 14 сая ширхэг арьс, ширний маш бага хувийг гүн боловсруулж, дийлэнхийг нь анхан шатны тордолт хийн экспортолж байна. Энэ нь түүхий эдийн чанар муу буюу арьс, ширний гэмтэлтэй холбоотой. Манай төвөөс арьс, ширний гэмтлийг тодорхойлох судалгааг 2020-2021 онд шат дараатай гүйцэтгэсэн. Эмээлт дэх түүхий эдийн зах, агуулах, гүн боловсруулах үйлдвэрт нийлүүлэгдсэн хонь, ямаа, үхэр, адууны арьс, ширэнд түүвэр үзлэг хийсэн юм. Эндээс адууг тамгалснаас шалтгаалсан амьдын гэмтэл ширнийх нь 99 хувьд байсан бол үхрийнхэд нядалгааны үеийн гэмтэл 76, хачиг, хувалзнаас үүссэн нь хонь болон ямааны арьсны 77-92 хувьд байгааг тогтоосон. Мөн нядалгааны үед арьс, ширнийхээ 76 орчим хувийг гэмтээдэг юм байна. Бас түүхий эд цуглуулж хадгалах, давслах зэргийн үед гэмтээдэг аж.
-Арьс, ширний гэмтлийг бууруулж, салбараа хөл дээр нь босгохын тулд юу хийх хэрэгтэй бол?
-Стандартын шаардлагад нийцсэн арьс, шир бэлтгэхийн тулд малчдын үүрэг их гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Малчид бол үйлдвэрлэгчид. Түүхий эдийн амьдын гэмтлийг бууруулахад малчдын оролцоо тун чухал. Тэд наад зах нь л малаа тогтмол угаалга, туулгад хамруулах учиртай. Мөн хашаа хороогоо ариутгах, шивээ ихтэй газарт хонио бэлчээхгүй байх, үүлдэр угсааг нь сайжруулахад анхаарах гээд олон зүйл бий. 1990 оноос өмнө малын гаралтай түүхий эдийн чанар маш сайн, арьс, ширний 70-аас доошгүй хувь нь дээд зэрэглэлийнх байсан нь малчид малдаа анхаардаг байсны үр дүн. Гэтэл өдгөө жилд дунджаар 14 орчим сая ширхэг арьс, шир гарч байгаагаас чанарын шаардлага хангахгүйгээс таван саяыг нь шууд хаяж буйг салбарын судлаачид дурддаг. Адууны 350 000-400 000 ширхэг түүхий ширийг урд хөрш рүү гаргаж байгаа юм. Дийлэнхийг нь дөнгөж анхан шатны боловсруулалт хийгээд экспортолдог. Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооноос ирүүлсэн мэдээнд 10 сая ширхэг арьсыг хагас, гурван саяыг нь гүн боловсруулах хүчин чадалтай ч эл дүнд хүрч ажилладаггүй талаар дурддаг. Үүнд их гүн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц хангалтгүй, хөрөнгө хомс, арилжааны банкууд нь зээл олгодоггүй зэрэг зовлон их бий. Малчид арилжааны зорилгоор арьс, шир бэлтгэж хэвшвэл зохино. Уг нь үндэсний үйлдвэрүүдэд стандартад нийцсэн арьс, шир тушаавал төрөөс урамшуулал олгодог.
Арьс, ширний гэмтлийн түвшнийг бууруулахын тулд нийлүүлэлтийн сүлжээг удирдан, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог шинээр бий болгох шаардлага бий. Бид үүнийг хийхийн тулд мөшгөх тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр түүхий эдийн гарал үүслийг тодорхой болгож, чанарыг нь сайжруулна гэсэн үг.
…Стандартын шаардлагад нийцсэн арьс, шир бэлтгэхийн тулд малчдын үүрэг их гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Малчид бол үйлдвэрлэгчид. Түүхий эдийн амьдын гэмтлийг бууруулахад малчдын оролцоо тун чухал. Тэд наад зах нь л малаа тогтмол угаалга, туулгад хамруулах учиртай. Мөн хашаа хороогоо ариутгах, шивээ ихтэй газарт хонио бэлчээхгүй байх, үүлдэр угсааг нь сайжруулахад анхаарах гээд олон зүйл бий. 1990 оноос өмнө малын гаралтай түүхий эдийн чанар маш сайн, арьс, ширний 70-аас доошгүй хувь нь дээд зэрэглэлийнх байсан нь малчид малдаа анхаардаг байсны үр дүн…
-Малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулаад үйлдвэрлэл шууд хөгжинө гэсэн баталгаа бий юү. Нэг бүтээгдэхүүн бэлэн болгохын тулд түүхий эдийнх нь 50-60 хувийг импортолдог байдлыг хэрхэн халах вэ?
-Бүх зүйлийг дотоодод үйлдвэрлэх боломжгүй. Ямар ч үйлдвэрлэл зах зээлийн эрэлттэй, тодорхой ашигтай байж хөгжинө. Дэлхий дахинд он удаан жилийн хугацаанд эрэл хайгуул хийж, өндөр хөгжүүлсэн бүх технологийг дотооддоо нэвтрүүлэх шаардлагагүй юм. Дэлхий улам даяаршихын хэрээр үндэсний үйлдвэрлэл гэх ойлголт ч даяаршиж буй. Бүтээгдэхүүний бүх орц дотоодын үйлдвэрлэлийнх байх шаардлагагүй, мөн боломжгүй гэсэн үг. Арьс шир, ноолуурын үйлдвэрлэлд төрөл бүрийн химийн бодис их хэмжээгээр ашигладаг ч Монголд тэдгээрийг үйлдвэрлэх боломж хомс тул олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх нь оновчтой. Харин бид Монгол маягийн үйлдвэрлэл буюу манай давуу тал болох малын гаралтай түүхий эдээ үйлдвэрлэгчийн түвшинд, стандартын шаардлагад нийцсэн байдлаар боловсруулж, нэмүү өртөг шингээхэд анхаарах нь зүйтэй.
-Хөнгөн үйлдвэрээс бусад чиглэлд хүнс болон газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар танай төвийнхөн судалгаа хийв үү. Манай улсын хүнс, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж хэр байгаа бол?
-Төв маань байгуулагдаад жил гаруй болж буй. Импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд нэн тэргүүнд арьс ширний үйлдвэрлэлийн салбарын тулгамдсан асуудал болох түүхий эдийн гэмтлийн судалгааг бүрэн хийлээ. Манай улс хүнс экспортлогч орон болох том зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс иргэдийн худалдан авалтын сагсанд шинээр нэмэгдэж буй хүнсний ногооны 26 сортыг туршсан. Нэгж талбайгаас авах ургацыг өсгөхөөр гурван төрлийн бордоог ч мөн амжилттай туршлаа. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, сүргийг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах туршилтыг ХААИС-ийн эрдэмтэдтэй хамтран хийж буй. Монгол малын махыг экспортын брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх томоохон судалгааны ажлыг ч эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран эхлүүлсэн.
-Монгол ноолуурын микрон бүдүүн болж буй талаар ярих боллоо. Ийм судалгаа байна уу?
-50 орчим жилийн өмнөхтэй харьцуулахад ноолуурын микрон илүү бүдүүн болсон талаар зарим эрдэмтэн ярьж байна. Малчид илүү их ноолуур авах зорилгоор сайн судлалгүй үржүүлэг хийснээр малын ашиг шим буурах, давжаарах, ноолуурынх нь гарц, чанар муудаж байгаад анхаарах ёстой.
-Төрөөс үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээл тусламж, татаас боломжийн хэрээр олгодог. Судалгааны төв ч байгуулжээ. Тэгвэл хэзээ бид үйлдвэрлэгч орон болох бол.
-Манай байгууллагын гол зорилго бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх юм. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжсэн бодлогыг төрөөс үеийн үед гаргаж ирсэн. Гэхдээ өдгөө зарим бодлого, арга хэмжээ нь ач холбогдолгүй болж, шинэчлэх шаардлагатай болсон нь анзаарагддаг. Иймээс бид бодлогын бичиг баримтуудад шинжилгээ хийх, судлах шаардлага үүсээд байна. Зээл тусламж, татаасыг төрөөс хэрэгжүүлж буй бодлоготой уялдуулснаар үр дүнгээ өгнө.