Монгол Улсад хавдрын тусламж, үйлчилгээ нэвтрүүлж, хөгжүүлээд нэгэн жарныг үдэж буй түүхэн энэ цаг үед ХСҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Нансалмаагийн Эрдэнэхүүтэй ярилцлаа. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд энэ салбарынхны ололт, цаашдын төлөвлөгөө, өдгөө ХСҮТ-ийг хөдөлгөж буй эмч, ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын соёл, хавдрын өвчлөлийг бууруулахад юуг анхаарах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүрээнд хийх зайлшгүй шинэчлэл, өөрчлөлт гэхчлэн өнөөдөр нэн тулгамдсан асуудлуудын талаар тэрбээр ийнхүү ярилаа.
-ХСҮТ-ийн энэ оны ажлын тайлангийн хурал болж буй өдрүүдэд тантай уулзаж байна. Тасаг, нэгжүүдийн тайлангаас онцлох зүйл болон анхаарвал зохилтой нь юу байна вэ?
-Жилийн эцсээр байгууллага бүр үйл ажиллагаагаа дүгнэн тайлагнадгийн дагуу манай хамт олон өнгөрсөн даваа гаргаас хурлаа эхэллээ. Эмнэл зүйн тасаг, бусад алба гээд нийт 35 нэгж бүрэлдэхүүн ээлжлэн үйл ажиллагаагаа танилцуулаад, 2022 оны төлөвлөгөөгөө хэлэлцэж, удирдлагын багийнхан юунд анхаарах вэ зэргээр санал бодлоо солилцож байна. 2021 онд “Ковид-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалсан олон асуудал салбар бүрт тулгарч, хүндрэлтэй зүйл багагүй тохиолдлоо. Манай хамт олон ч тийм нөхцөл байдлыг даван туулж, чамлахааргүй олон ажил хийж, дэвшилт технологиуд нэвтрүүлж, шинээр хэдэн арван төсөл эхлүүлээд байна.
Тухайлбал, эрхтэн хадгалах болон дурангийн олон янзын хагалгааг илүү өргөн нэвтрүүлж, тодосгогч бодисоор хавдрын байрлалыг өндөр нарийвчлалтай тогтоон, тархалтуудыг тодорхойлоод, мэс заслаар бүгдийг нь авах, бай эмийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, туяа эмчилгээний аргачлалыг улам сайжруулах гэхчлэн тасаг, чиглэл тус бүртээ шинэтехнологи ашиглаад явж байна.
Байгууллагын хувьд үйлчилгээний нөхцөлийг сайжруулах, чадамжийг нэмэгдүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, орчны тав тух, аюулгүй байдалд анхааран тал бүрийн үйл ажиллагаа явуулж, засварлаж, шинэчлэхээс эхлээд олон ажил зохион байгуулсан. Жишээ нь, хагалгааны хэсгийг 1982 оноос хойш бүрэн, цогц шинэчлээгүй байсныг их засвар хийж, орчин үеийн бүрэн ламинар урсгалтай болголоо. ХСҮТ-ийн энэ барилга анх хагалгааны хоёр өрөөтэй байсныг өмнөх удирдлагуудын үед дундуур нь тусгаарлан дөрөв болгож хагалгааны хүлээгдлийг бууруулахаар зохион байгуулсан. Тэгвэл их засвар хийснээр олон улсын жишигт нийцсэн агааржуулалтын систем бүхий мэс заслын зургаан өрөөтэй болов. Өмнө нь энгийн цонхтой байсан бол одоо бүрэн вакумжсан орчинтой, агаар сэлтгэлтийг орох, гарах шийдэлтэй болгосон. Өөрөөр хэлбэл, нэгээр нь өрөөний агаар гарч, нөгөөхөөр нь сэлгэгддэг систем. Зөвхөн хагалгааны гэлтгүй сэрээх өрөө, Эрчимт эмчилгээний тасаг гээд мэс заслын хэсэг тэр чигтээ вакумжсан орчинтой болсон. Дээр нь тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Манай эрчимт эмчилгээнийхний, мэдээгүйжүүлэгч эмч нарын багаж хэрэгсэл нэлээд сайжирсан гэж болно. Нэг жилийн хугацаанд хийсэн маш том бүтээн байгуулалт маань энэ. Ер нь хавдартай хүнд цаг хугацаа маш чухал. Аль болохоор эмчилгээ оношилгоонд хурдан орох л хэрэгтэй байдаг. Хагалгааны өрөө зургаа болсноор хүлээгдэл тодорхой хэмжээнд саарч, хүртээмж нэмэгдсэн. Тодруулбал, өмнө нь жилдээ 3200 орчим хагалгаа хийдэг, хүлээгдэл 14 хоногоос сар гаруй байлаа. Өрөөний хүлээгдлээс болоод эмч нар маань шөнө хүртэл ажиллаж, мэс засал хийдэг байсан бол өдгөө хагалгааны тоо 6000 хүртэл нэмэгдэх боломж бүрдлээ. Энэ хэрээр хүлээгдэл багасаж байгаа нь өвчтөнүүдэд маш чухал үзүүлэлт.
Мөн тусламж, үйлчилгээндээ шинэ аргуудыг нэвтрүүлсний нэг нь өдрийн эмчилгээ бөгөөд үүнд зориулан мэс ажилаврын өрөө нээсэн. Учир нь заавал тасагт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй ч ийм өрөөгүй байхад хэвтүүлж эмчилдэг, эсвэл стандарт бус өрөөнд ажилавар хийдэг, хагалгаа дуустал хүлээх зэрэг хүндрэлтэй байсан. Одоо бүх тасгийнхан энэ өрөөг ашиглаж байна.
Монголд хөхний хавдрын тусламж, үйлчилгээний эрэлт нэмэгдэж байгааг манай эмч, мэргэжилтнүүд судалж, санаачилснаар ХСҮТ-ийн дэргэд Хөхний төв нээсэн нь олон жилийн ажлын үр дүн. Тус төвд олон багийн мэргэшсэн эмч нар хамтран ажиллаж байна. Ер нь хавдрын тусламж, үйлчилгээнд хавдрын эмч, мэс засалч, хими, туяа эмчилгээнийхэн, лабораторийн мэргэжилтнүүд, эмгэг судлаачид гээд цогцоороо нэгдэж үйл ажиллагаа явуулдаг. Тус төвд зөвхөн хортой, хоргүй хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлээд хязгаарлахгүй. Хөхний бусад асуудлыг шийдэж, хагалгаа хийхийн зэрэгцээ гоо сайхны талаас нь давхар шийдээд явна. Хавдрыг нь авангаа өөрийнх нь, эсвэл хиймэл эд, эсээр орлуулах үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг.
Аливаа зүйл стандарттай байдаг. Тухайн зүйлийг хийх нэгдсэн мөрдлөг гэсэн үг. Манай байгууллага ISO 9001 стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд Стандарт үйл ажиллагааны заавартай болсон нь энэ оны том ололтуудын нэг. Урьд нь үйл ажиллагааны 200 орчим стандарттай байсан. Энэ удаа удирдамж, заавруудыг шинэчилж цаг үедээ уялдуулан 500-гаад стандарт баталлаа. Ингэснээр үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чанар дээшилнэ. Мөн үүний хүрээнд дотоод аудиторуудыг бэлдэж, багуудаа бий болгосон. Хэдийгээр цар тахлын үе ч гэсэн энэ мэтээр шаргуу ажиллаж, гадаад харилцаагаа ч улам тэлсээр байна.
-Хөхний төвийн тусламж, үйлчилгээнд олон улсын эмч нар хамтарч байгаа талаар тодруулна уу.
-АНУ-ын Юта, Миннесотагийн их сургуулийн багийнхантай хамтран Монголд тохиолдох хөхний ховор асуудал болон манай эмч нарын эмчилгээний талаар сар бүр цахим зөвлөгөөн хийж, санал, туршлага солилцож байна. Нэг удаагийн зөвлөгөөнөөр 5-6 хүний өвчний түүх, шинжилгээ, эмчилгээний байдлын талаар хэлэлцдэг. Нэг асуудлыг олон улсын багийнхан хамтран шийдвэрлэдэг энэ ажлыг Монголдоо анх нутагшуулж, одоогийн байдлаар гурван удаа хийж, 20 орчим өвчтөнийг хамруулжээ. Манай залуу үеийн эмч нар олон сайхан ажил санаачилж, технологи аргачлал нэвтрүүлсээр байна. Жишээ нь, хөхийг зүсэж, нээхгүйгээр хоргүй хавдрыг нарийхан гуурсаар соруулан авдаг болсон. Энэ аргыг хөхний эдийн шинжилгээнд ч ашиглаж байна. Үүний зэрэгцээ манай Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийнхан умайн хөндийн хавдрыг дурангийн аргаар салстыг нь хуулж, эрхтнийг нь үлдээх мэс заслыг амжилттай нутагшууллаа. Ер нь энэ технологийг яс, ходоод, умай гэхчлэн янз бүрийн эрхтний хавдрын үед өргөн нэвтрүүлэх боломжуудыг судалж байгаа. Эцсийн дүндээ энэ бүхэн хавдар үсэрхийлэх, дахин бий болох эрсдэлийг бууруулж, өвчтөний амьдралын чанарыг сайжруулах, хавдрын дараах наслалтыг уртасгах зорилготой. Яг одоо үр дүнг тооцох боломжгүй ч гурав, таван жилийн дараа гэхэд тодорхой статистик гарч, харьцуулах боломж бүрдэнэ. Ингэхийн тулд ХСҮТ-ийн бүх тасаг, нэгжийнхэн өнгөрсөн жилээс энэ талын үйлчилгээнийхээ буюу ажлын үр дүнгийн статистикийг нарийвчлан хөтөлж эхэлсэн. Учир нь бид өөрсдийн хийж буй ажлаа хувь хүний амьдралд, түүний чанарт хэрхэн нөлөөлж буйг, үр дүнтэй байгаа, эсэхийг үргэлж тооцож байх хэрэгтэй. Тиймээс 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд хавдрын тулгамдсан асуудал, ололт амжилтаа дүгнэж эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм.
-Зарим төрлийн хавдар, үүнээс шалтгаалсан нас баралтаар Монголд дэлхийд тэргүүлж байгаа муу мэдээг үгүй хийх, энэ төрлийн өвчлөлийг бууруулахад эрт илрүүлэх нь чухал, ингэснээр эмчлэгдэх боломжтой гэдэг. ХСҮТ Эрт илрүүлгийн төвтэй болох зорилт ямар шатандаа явна вэ?
-ХСҮТ-ийн үе үеийн удирдлага, хамт олон, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн олон жилийн хөдөлмөр, чармайлтын үр дүнд Засгийн газар баталсан Хавдрын эсрэг үйл ажиллагааны хөтөлбөрт улсын хэмжээнд хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх сүлжээ бий болгох талаар тусгасан. Үүнтэй холбогдуулан тусламж, үйлчилгээний талаарх цөөн тоо дурдъя. 2011 онд улсын хэмжээнд 4563 хүн хорт хавдраар шинээр өвчилсөн бол өнгөрсөн жил энэ тоо 6700 болж нэмэгджээ. 2011 онд 7500 гаруй хүн хэвтэн эмчлүүлснээс 325 нь туяа, 4100 нь хими эмчилгээ хийлгэжээ. 2020 онд эдгээр үзүүлэлт 1-2 дахин нэмэгдэж 13 590 өвчтөний 740 нь туяа, 6500 нь хими эмчилгээнд хамрагдсан. Ер нь хожуу үед оношлогдож байгаа учраас төгс эмчилгээ хийлгэх боломж бага байна. Ходоод, элэгний хавдрын нас баралтаар Монгол Улс дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Хорт хавдар өвчлөлийн ерөнхий статистикаараа бол эхний 50-д ч багтдаггүй хэрнээ ийм эмгэнэлтэй тоон үзүүлэлттэй байгаа нь хэт хожуу үедээ оношлогдож, үүний улмаас тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгаатай шууд холбоотой. Тиймээс хавдрын эрт илрүүлгийг эрчимжүүлснээр нас баралт буурна.
Энэ онд хийсэн нэг том ажил маань Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Хавдрын эрт илрүүлгийн төв байгуулах, зарим аймаг, дүүрэгт энэ чиглэлийн нэгж бий болгох эхлэлийг тавьсан явдал. Энэ бол Засгийн газар хавдрын эсрэг том алхам хийлээ гэсэн үг. Эрт илрүүлж чадвал Монголд хавдрын тусламж, үйлчилгээг дэлхийн түвшинд хийдэг болсон. Мэс засалчдын маань чадвар, мэдлэг, боловсрол олон улсад үнэлэгдэх хэмжээнд хүрсэн. Үүний зэрэгцээ туяа, хими эмчилгээний тактик, технологи нь улам сайжирч байна. Тэгэхээр энэ бүгд нийлж амжилттай хэрэгжиж чадвал үр дүн илтэд мэдрэгдэх учиртай.
-Хүн болгоны ажиллах арга барил өөр. 60 жилийн түүхтэй энэ байгууллагын өмнөх үеийн захирлуудын арга барилаас таных юугаараа ялгаатай бол. Та ХСҮТ-ийг удирдахдаа юунд түлхүү анхаарч ирэв?
-Өнгөрсөн жарны хугацаанд Хавдрын эмнэлгийг долоо, найман хүн удирджээ. Энэ бол харьцангуй тогтвортой байсны илрэл. Сүүлийн 20 гаруй жилд А.Мөнхтайван, Л.Төмөрбаатар, Ж.Чинбүрэн гэсэн гурван захирал ажиллажээ. Миний хувьд ХСҮТ-ийн ерөнхий захирлын албыг хоёр дахь жилдээ хашиж байна. Эмнэлгийн менежментээр Японд мэргэшсэн, эрүүл мэндийн системийн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт чиглэлээр АНУ-д магистрын зэрэг хамгаалсны хувьд байгууллагын соёл, менежментийн тал дээр анхаарч, үйлчлүүлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаанд өөрчлөлт, шинэчлэлт хийхийг хичээж ирлээ. Эмнэлэг бол өвчтэй хүний бие, сэтгэлд тусламж үзүүлж, цаашдын амьдралын чанарыг нь сайжруулахын тулд үүрэг, хариуцлага хүлээсэн, эрхэм зорилготой үйлчилгээний байгууллага. Гэхдээ манай эмнэлгүүдэд энэ эрхэм чанар, үүрэг нь бага зэрэг хазайчихсан. Үүнийг байранд нь оруулахын тулд хичээл зүтгэл, удирдлагын багийнхны менежмент, бодлого их чухал. Үүний тулд хүмүүстээ ойлгуулж, сургах хэрэгтэй. Тэгэхээр энэ асуудал руу нэлээд орсон, багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Өнгөрсөн хугацаанд ажиглаж, ойлгосон зүйл гэвэл аливаа бодлого, хууль, журмыг хэрэгжүүлэх суурь нь эрүүл байх ёстой юм байна. Хэрэгжүүлэх шатлалынхны үйл ажиллагаа, ёс зүй, ёс суртахуун, бие болоод сэтгэл, сэтгэхүй зөв, эрүүл байх гэсэн үг. Урьд нь бол эрүүл мэндийн салбарын дээд систем, бодлого, хууль, эрх зүйн орчин л сайжирчихвал шинэчлэгдэх боломжтой гэж боддог байлаа. Эмнэлэгт хандаж буй иргэддээ чанартай, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нь эрүүл мэндийн салбарын концепцын гол зүйл нь. Тэгэхээр энэ салбарынхны ёс зүйн асуудлыг эргэж харж, өөрсдөө дотроосоо эрүүлжүүлэх хэрэгтэй юм байна гэдэгт түлхүү анхааран ажиллаж, эхнээсээ үр дүнгээ харж байна.
Зөв хандлага, ёс зүйтэй байгууллага байхын тулд баг хамт олноо дэмжих, урамшуулах, ажиллах орчин нөхцөл, хөдөлмөр хамгаалал, хоол, ажлын хувцас, багаж хэрэгсэлд нь анхаарах ёстой. Энэ утгаараа эмнэлгийн хэмжээнд нормын хувцсыг шинэчилж, барилга байгууламжийн ашиглалтад анхаарлаа. Үйлчлүүлэгчдээ анхаарч, тэдний хэрэгцээг зөв хангах нь нэн чухал. Тиймээс ирээд хамгийн түрүүнд хийсэн ажил гэвэл шарил хадгалах өрөөг засварлаж, тодорхой шинэчлэлүүдийг хандивын хөрөнгөөр хийсэн. Үүнд “Буян” компанийнхан их тусалсан. Нас барсан үйлчлүүлэгчээ үдэн гаргахдаа бид хүндэтгэлтэй хандах үүрэгтэй. Ар гэрийнхнийг нь сэтгэлийн болоод орчны ямар нэгэн таагүй байдалд оруулж болохгүй.
Мөн хорт хавдартай хүмүүст суурь эмчилгээнээс гадна өвчнөө даван туулахад сэтгэлийн болон нийгмийн, хоол зүйн гэхчлэн бусад олон төрлийн дэмжлэг, тусламж, үйлчилгээ нэн шаардлагатай байдаг. Энэ зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан өнгөрсөн онд Үйлчлүүлэгчийг дэмжих алба байгуулсан. Мөн хавдрыг даван туулагчдад зориулсан хөтөлбөртэй болохоор ажиллаж байна. Цахим бүртгэлийн хэсгийг нэгтгэн зохион байгуулж лавлагаа мэдээллийн зорилгоор 24 цагийн турш суурин утас ажиллуулж байна. Амбулаторид шинжилгээний сорьц авах хэсгийг шинээр бий болгосон гэх мэтээр ХСҮТ-ийн барилгын 10 блок бүхий 1500 ам метр талбайд засвар, тохижилтын ажлыг дотоодын нөөц боломжоор хийсэн. 60 жилийн түүхэнд бичигдэх багагүй ажлыг амжуулж, эхлүүлээд явж байна. Энэ бол удирдах багийнхан болон хамт олны хичээл зүтгэлийн үр дүн.
-Та байгууллагын соёлд эмч, ажилтнуудын сэтгэл ханамж чухал гэлээ. ХСҮТ хэчнээн эмч, сувилагч, ажилтантай вэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд урамшуулал, нэмэлт цалинд хэчнээн төгрөг зарцуулсан бол. Энэ бүхнийг ямар эх үүсвэрээс бий болгож байгаа вэ?
-ХСҮТ-д өдгөө 563 хүн ажиллаж буйгаас 110 нь эмч, 180 орчим нь сувилагч. Манай хамт олон бүх талаар чармайж, бодлого, төлөвлөлтөө сайжруулж, хичээсний үр дүнд тодор хой санхүүжилтийг урьд жилүүдийн төсвөөс давуулан бий болгож чадаж байна. Ер нь зөв бодлогын үр дүн амьдралд хэрэгжиж буйн жишээ нь Хавдар судлалын үндэсний төв. Даатгалаас санхүүжиж, бүх тусламж, үйлчилгээгээ бүртгэж, гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэний үр дүнд урд жилүүдэд төсвөөс санхүүждэг байснаасаа илүүг бий болгож чадсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн эмч, ажилтнуудын хөдөлмөр бодитоор үнэлэгдэх боломж бүрдэж байна гэсэн үг. Тиймээс улирлын үр дүнгийн урамшуулал буюу гурван сар тутамд цалингийнх нь 20 хувьтай тэнцэх урамшууллыг таслахгүй олгож байгаа. Үүнээс гадна “Ковид-19”-ийн хүнд үед бага ч гэсэн дэмжлэг болох зорилгоор өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хойш байгууллагын бүх хүнд сар бүр үндсэн цалингийн 20 хувийн урамшуулал нэмж олгосоор ирлээ. Мөн боломжуудаа судалж өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард бүх ажилтан болон жирэмсний амралттай, чөлөөтэй байгаа хүмүүс тээ сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон. Ингээд нэгтгээд бодоход долдугаар сарын 1-нээс хойш нийт 1.1 тэрбум гаруй төгрөгийг зөвхөн цалингийн нэмэгдэл байдлаар олгожээ. Үүнд шагнал урамшууллыг оролцуулж тооцоогүй. Тэр бол тусдаа асуудал. Энэ сард 13 дахь сарын цалин олгохоор төлөвлөсөн байгаа.
Энд нэг зүйл онцлоход, ХСҮТ олон улсын төсөл хэрэгжүүлэгч, судалгааны байгууллага болох зорилгынхоо хүрээнд сууриа тавиад явж байна. Энэ онд Англи, Америкийн судалгааны санхүүжүүлэгч NIH, NIHR гэсэн хоёр байгууллагад өөрийн гэсэн бүртгэлийн кодтой болсон. Ингэснээр бие дааж болон хамтран судалгаа хийх том хаалга нээгдэх юм. Энэ бол үндсэн ажлын цалингаасаа гадна судалгаа, төслийн хүрээнд давхар орлоготой болох нэг боломж юм.
-Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг төвлөрүүлэн хүргэдэг ХСҮТ энэ чиглэлийн нарийн мэргэжлийн эмч, сувилагчийг сурган, бэлтгэдэг гол бааз. Өнгөрсөн хугацаанд хэчнээн мэргэжилтэн “төрүүлэв”. Мөн эрдэмтэн, доктор хэчнээн байна вэ?
-Одоогийн байдлаар есөн төрлийн сургалт эрхэлж байна. Цаашдаа гурван чиглэлээр энэ үйл ажиллагааг өргөжүүлэхээр сургалт зохион байгуулах эрхээ хүлээж байна. 2001 оноос эхлэн мэргэшлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан батлуулж, эрх авсан байдаг. 2001-2020 оны хугацаанд улсын хэмжээнд нийт 174 эмчийг хавдар судлаач эмчээр сургажээ. Өдгөө 20 эмч энэ чиглэлээр бэлтгэгдэж байна. Үр дүнд нь олон аймаг, дүүрэгт хавдрын эмчтэй, хавдрын оношилгоо, хими, хөнгөвчлөх эмчилгээ хийдэг болсон. Гэхдээ харамсалтай нь эмч, сувилагчдын хөдөлгөөн, мөн удирдлагуудынх нь идэвхгүй байдлаас шалтгаалж Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод зэрэг аймаг хавдартай өвчтөнүүдээ чирэгдүүлсэн хэвээр байна. 2002 оноос хавдрын сувилахуйн сургалтын эрх авч, одоогийн байдлаар 143 сувилагчийг мэргэшүүлэн сургажээ. 2012 оноос хойш 56 сувилагчийг хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэшүүлсэн. Мөн хими, туяа, эмэгтэйчүүдийн хавдар судлал мэргэжлээр 2004-2020 оны хооронд 111 эмч сургасан бол энэ жил суралцагчийн тоо 16 байна. Өнгөрсөн жил толгой, хүзүүний мэс засал судлалын сургалтын хөтөлбөр батлуулж, эрх авснаар энэ онд 12 эмчийг мэргэшүүлэн төгсгөлөө. Одоо 13 хүн энэ чиглэлээр сурч байна. Энэ мэтээр олон тоо баримт дурдаж болно.
Цаашид төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгохоор төлөвлөсөн зүйл олон бий. Үүнээс гадна өнгөрсөн 60 жилийн хугацаанд энэ байгууллагын 42 эмч эрдэмтэн болсноос 35 нь буюу 83.3 хувь нь хавдар судлалын чиглэлээр нэг сэдэвт бүтээл туурвижээ. Сүүлийн 10 жилд манай хамт олноос 15 эрдэмтэн, 37 магистр төрлөө. Ингэснээр өдгөө 18 эрдэмтэн, 72 магистр ажиллаж байгаагийн дотор академич нэг, доктор 14, дэд профессор гурав байна. Ийм эрдэм, мэдлэгтэй баг хамт олон бүрджээ. Эмэгтэйчүүдийн, Элэг, цөс, нойр булчирхайн, Туяа тасгийнхан маань залуу эмч нараа эрдэмжүүлэхийн төлөө эрчимтэй, санаачилгатай ажиллаж байна. Ер нь залуу эмч нар маань эрдэм судлалын ажилд мэрийх нь улам нэмэгдэж байгаа нь бахархалтай. Эмч бол шинэ тутмыг мэдэж, сурч ажилдаа нэвтрүүлж чаддаг судлаач, сургагч байхыг цаг үе нь, шинжлэх ухааны хөгжил нь шаардах болсон. Сүүлийн 10-аад жилд ХСҮТ шинжлэх ухаан, технологийн цөм судалгааны болон инновацын тав, олон улсын байгууллагууд, гадаадын их, дээд сургуулиудтай хамтран судалгааны 14 төсөл хэрэгжүүлж, үр дүнг нь оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлээд байна. Энэ бүх үр дүнгийнхээ талаар олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлжээ. Хамгийн сүүлд гэхэд 2020 онд “Nature communications” сэтгүүлд ХСҮТ-ийн бүтээл нийтлэгдсэн. Энэ бол бидний төдийгүй Монголын бахархал гэж хэлнэ.
Бид өдгөө сувилагчдаа эрдэмжүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ жил дөрвөн сувилагчийг доктор, нэлээд хэдийг нь магистрын эрдмийн ажилд нь оруулах зорилгодоо хүрсэн. Урьдчилсан хамгаалалтаа хийсэн тохиолдолд төлбөрийнх нь талыг байгууллага төлнө. Зэргээ хамгаалсны дараа үлдсэн зардлыг нь гүйцээж төлнө гэсэн болзол, дэмжлэгтэй шүү.
Өөр нэг чухал зүйл гэвэл бид чадамжийн үнэлгээний системд шилжихээр бэлтгэл хангаад байна. Өдгөөгийн үнэлгээний тогтолцоогоор бол ажилласан жил, ахлах, тэргүүлэх зэрэгтэй, эсэхээс шалтгаалаад цалин нэмэгддэг. Энэ нь тун бага л даа, 30-100 мянган төгрөгийн хооронд. Тэгвэл чадамжийн үнэлгээний систем нь цалин нэмэгдүүлэх бодит боломжоос гадна боловсон хүчнийг эрдэмжүүлэх, илүү мэргэшүүлэх, хөрвөх чадвартай болгох гэхчлэн олон давуу талтай. Ингэхийн тулд тухайн хүн ажлын талбартаа илүү хөгжиж, шат ахиж, тодорхой ур чадварыг, заасан хугацаанд эзэмших хэрэгтэй болно. Товчхондоо, өөрийгөө боловсруулж, хөрвөж, хөгжүүлснийхээ хэрээр үнэлэгдэнэ гэсэн үг.
-ХСҮТ ойрын ирээдүйд ямар том төсөл, ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна вэ?
-Тодорхой, том хэдэн ажлаа нэрлэе. Хавдрын туяа эмчилгээнд Австрийн Засгийн газрын тусламжтайгаар “туяа мэс засал”-ын технологийг 2022 онд нэвтрүүлнэ. Дараагийн нэг том төлөвлөгөө гэвэл Хавдрын эрт илрүүлгийн төвийн прог раммчлалын асуудлыг шийдэх. Үүний үндсэн дээр эл өвчлөлийг эрт илрүүлэхэд иргэдийг хамруулах ажлыг хуулийн хүрээнд хийх, хуульчлах болно. Ийм бодлогыг төр, засгийн хэмжээнд бий болгохын төлөө ХСҮТ-ийнхөн олон жил хөөцөлдөж, зүтгэсэн. Одоо л хэрэгжиж эхлэх гэж байна.
“Хавдар-2” төслийн хүрээнд ХСҮТ-ийн шинэ цогцолбор байгуулахаар Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулсан. Үүнийг түшиглээд Сургалтын төв байгуулах төлөвлөгөөтэй. Цаашлаад Төв аймгийн Алтанбулаг сумд Хавдрын сувилал байгуулах том зорилготой. Ингэснээр эргэх холбоотой ажиллаж, хавдрын дараах амьдралын хэв маягт суралцахад дөхөмтэй. Ийм том мөрөөдлийг биелүүлэхэд мэдээж санхүү хэрэгтэй. Засгийн газрын дэмжлэг чухал. Үүнийг л ойлгох ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн нь “Эрүүл мэндийн салбарт хангалттай мөнгө өгч байна” гэж ярьж байгаа нь, цаашид ийм хүн олширвол үндэсний хэмжээний эмгэнэл болно. Хавдраас ч урхагтай. Миний бодлоор төрийн албан хаагчид, улс төрийн өндөр албан тушаалтан, Засгийн газрын гишүүдийг улсын эмнэлгүүдээрээ үйлчлүүлэхийг хуульчлах хэрэгтэй. Ингэж байж улсын эмнэлгүүд хөгжинө. Өнөөдөр үнэндээ улсын эмнэлгүүддээ хандан, тусламж, үйлчилгээ авдаг том дарга байхгүй. Тиймээс л дээр дурдсан шиг болчимгүй, бодлогогүй үг унагаж байгаа юм.
Дараагийн нэг асуудал нь энэ жил Засгийн газар дэмжин баталсан Хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндэсний сүлжээ, тэр дундаа хавдрын хяналтыг бий болгох сүлжээ байгуулах төсөл юм. Ер нь эрт шатанд нь хавдрыг илрүүлж, эл шалтгаант цаг бус үхлийг бууруулахад ганц ХСҮТ бус, 21 аймаг, есөн дүүрэгт сүлжээгээрээ дамжуулан хяналтаа хийдэг болох нь хамгийн чухал гэж олон улсын туршлага нотлоод байхад бид хэрэгжүүлж чадаагүй л байгаа. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлснээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр, эрүүл монгол хүнийг бий болгоход асар том түлхэц өгөх юм.
Өнөөдөр Монголд “Манайх дэлхийн түвшинд нүүр улайлгахгүй, олон улсын стандартын шаардлага хангасан, үйлчлүүлэгч, ажилтны таатай орчныг хангасан жишиг бүтэц, дизайн бүхий эмнэлэгтэй” гээд гайхуулаад хэлчих ганц ч эмнэлэг байхгүй шүү дээ.