Найруулагч П.Золжаргалын бүтээсэн “Шат” богино хэмжээний кино 38 дахь удаагийн Чикагогийн хүүхдийн кино наадмын тэргүүн шагналыг хүртжээ. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киногоо П.Золжаргал Монголын урлагийн зөвлөлөөс хэрэгжүүлсэн “Бид чадна-Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд 2019 онд бүтээсэн байна. Киноны зохиолыг тэрбээр продюсер Женевьев Клэй-Смиттэй хамтран бичсэн бөгөөд гол дүрд нь Б.Эгшиглэн, Б.Даваасүрэн нар тоглосон юм. Тус бүтээл 2020 оны “Улаанбаатар” наадмын олон улсын үзвэрт багтаж, Австралийн “Синэфэст оз” наадмаас шилдэг кино зохиолын шагнал мөн хүртэж байв. Ташрамд дурдахад, П.Золжаргал 2012 онд Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр дүүргэжээ. Түүний “Хотын дээгүүр, тэнгэрийн доогуур” богино хэмжээний кино Токиогийн кино наадмаас Кино клубийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Мөн “Хүрэн”, “Үл заяагдагсад” киногоо “Алтан хальс” болон Локарногийн олон улсын кино наадмын үеэр үзэгчдийн хүртээл болгосон байна.
Бэлтгэсэн А.Хангай