Шинэ жилийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ынхан тавдугаар хорооны нутагт байрлах Хүүхэд, залуучуудын театрын гадна болон Саппорогийн автобусны буудлын урд “Мөнгөн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг өдөр бүр зохион байгуулж байна. Эл арга хэмжээний хүрээнд иргэдэд зориулан үзвэр, тоглолт, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа гэнэ.
Мөн Чингэлтэй дүүргийнхэн Тусгаар тогтнолын талбайд гацуур засаж, гэрэлт гудамжаар чимэглэсэн мөсөн гулгуурын талбай нээж, иргэдэд өдөр бүр үйлчилж байна. Түүнчлэн шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлж, нийтийн эзэмшлийн авто замын голоор алхдаг хэсгийг гэрлээр чимэглэжээ. Тус дүүргийнхэн шинэ оныг угтан арванхоёрдугаар сарын 30 хүртэл өдөр бүр Тусгаар тогтнолын талбайд баярын хөтөлбөр зохион байгуулж буй гэнэ.
Түүнчлэн жил бүр “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг. Уламжлал ёсоор энэ жил ч тус үйл ажиллагааг энэ оны хамгийн сүүлийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд 21.00 цагаас эхлүүлэхээр төлөвлөжээ. “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнд “Хурд”, “Emotion”, “Lumino” тэргүүтэй хамтлаг, уран бүтээлчид оролцох нь.
У.Цэцэгсүрэн