Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу эл өдөр бүх нийтээр амардаг. Мөн түүх соёлоо олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагынхан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн гээд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах тов гаргажээ. Тэдгээрийн талаарх товч мэдээллийг хүргэе.
Цахим хэлэлцүүлэг зохион байгуулах нь
“Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэн ба Богд хаан” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд цахимаар өрнүүлэх нь. Үндэсний номын сан, Америкийн Монгол судлалын төв, “Дилав хутагт” сан хамтран уг хэлэлцүүлгийг зохион байгуулах аж. Гол илтгэлийг нь Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан танилцуулна. Хэлэлцүүлгийг тухайн өдрийн 11.00 цагаас “Дилав хутагт” сангийн цахим хуудаснаас үзэх боломжтой.
“Номт улс оршихуй” үзэсгэлэн толилуулна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 113 жилийг ойг тохиолдуулан Зүүн хүрээ Дашчойлин хийдээс “Номт улс оршихуй” үзэсгэлэн толилуулахаар бэлтгэжээ. Үүнийг “Зүүн хүрээ” коллежийн захирал асан Ц.Мөнх-Эрдэнэ багшийн нэрэмжит болгон зохион байгуулах нь. Мөн Богд хааны ордон музейгээс энэ сарын 29-нөөс ирэх сарын 9 хүртэл түүхэн ойн өдөртэй холбоотой үзэсгэлэн толилуулах юм байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тусгаар тогтнолын үнэ цэн, түүхийг өгүүлэх хөтөлбөр бэлтгэсэн аж. Эдгээр арга хэмжээг иргэд үнэ төлбөргүй үзэхийн зэрэгцээ амралтын өдрөөрөө дээрх музейд гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлж, үндэсний түүх соёлтойгоо танилцах боломжтой.
Сурагчид эсээ бичлэгийн уралдаанд оролцох боломжтой
Сурагчдын эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад VIII Богд Жавзандамба хутагтын нөлөөг таниулах зорилгоор Төгс буянт жавхлант хийдийнхэн эсээ бичлэгийн уралдаан зарлажээ. Уг уралдаанд дунд ангийн сурагчид “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн” сэдвээр бичсэн бүтээлээрээ өрсөлдөнө. Харин ахлах ангийнхан VIII Богд Жавзандамба хутагтын Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад оруулсан хувь нэмрийн талаарх бүтээлээрээ оролцож болох аж. Бүтээлээ дээрх хийдийн цахим хаягаар илгээх боломжтой.
Доктор З.Лонжидын бүтээлийг танилцуулах нь
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор З.Лонжидын эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлийн нээлт энэ сарын 29-нд 14.00 цагт МУИС-ийн номын санд болно. Түүнийг Монголын тусгаар тогтнолыг судлахад нэгэн насаа зориулж яваа эрхэм хэмээн салбарынхан нь онцолсон юм. Эрдэм шинжилгээний эмхэтгэл нь гурван боть ном аж. Нэгдүгээр боть болох “Түүх сөхөхүй” бүтээлдээ монголчуудын тусгаар тогтнолын түүхийг судалгаанд үндэслэн тайлбарласан аж. Хоёрдугаар ботид монголчуудын нийгэм соёлын түүх, гуравдугаарт Монголын түүх, сурвалж болон намтар судлалын тухай өгүүлжээ.
Архивын баримтуудыг дэлгэхээр болжээ “Чингис хаан” үндэсний музейд “Галдан бошгот хаан-380: Архивын баримтууд” үзэсгэлэнг өнөөдөр нээнэ. Тус музейн “Мөнгөн мод” танхимд дэлгэх эл үзэсгэлэнд Зүүнгарын хаант улсын Галдан бошигт хааны Оросын Цагаан хаанд илгээсэн захидлыг багтаажээ. Мөн Манжийн дарлалын эсрэг өрнүүлсэн монголчуудын тэмцлийг өгүүлэх ховор дурсгалуудыг дэлгэхээрээ онцлогтой аж.
А.ҮҮЛ