Бүгд Найрамдах Франц улсын Парис хотод болж буй ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа Соёлын сайд Ч.Номин ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хантай уулзлаа.
Уулзалтаар, ирэх онд тохиох Монгол Улс ЮНЕСКО-д нэгдэн орсны 60 жилийн ой болон ЮНЕСКО-ийн Олон улсын эх хэлний өдрийг жил бүр хамтран тэмдэглэж байх, Уугуул хэл болон бүтээлч эдийн засгийн ЮНЕСКО-ийн тэнхимийг Монгол Улсад нээх чиглэлд хамтран ажиллах асуудлаар ярилцав.
Мөн цар тахлын нөлөөгөөр буурсан аялал жуулчлалын салбар, тэр дундаа соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой хэд хэдэн томоохон төслийг Соёлын сайд Ч.Номин танилцуулж, ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг хүссэн юм.
Мөн ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Соёлын сайд Ч.Номингийн манлайлал дор ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод 2022 оны 1 дүгээр сард нээх санал тавьж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.