НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, ХХААХҮЯ хамтран “Өөрчлөлтөд залуусын оролцоо” сэдэвт хакатоны уралдаан зарлажээ. Хакатоны гол онцлог нь оролцогчид аливаа асуудлыг технологийн тусламжтай шийдэх арга замыг эрэлхийлж, багаараа ажилладаг. Тэгвэл энэ удаа залуус хүнсний хог хаягдлыг багасгах, дахин боловсруулж, ашиглах шийдэл, арга замыг эрэлхийлэх нь. “Багасгая, дахин ашиглая, боловсруулъя” уриатай эл уралдаанд хүнс, байгаль орчин, технологийн салбарын залуучууд нэгдэн оролцох боломжтой бөгөөд багийн гишүүний тоо 2-5 аж. Уралдааны бүртгэл энэ сарын 29 хүртэл үргэлжлэх юм байна. Шилдгийн шилдэг, цаашид төсөл, хөтөлбөрийн хэмжээнд хөгжүүлэх боломжтой шийдэл дэвшүүлсэн хоёр багийг ирэх сарын дундуур тодруулах гэнэ. Өөрчлөлтөд хувь нэмэр оруулсан залуусыг урамшуулах шагналын сан найман сая төгрөг аж.