Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын үндэсний баярын өдрийг тохиолдуулан 2021 оны аравдугаар сарын 1-3-ны хооронд хоёр улсын хил амарна. Харин аравдугаар сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлнэ. Монгол, Хятадын хил дагуу манай 13 боомт үйл ажиллагаа явуулж буй билээ.
МОНГОЛ-ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУД
-Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны зориулалттай байнгын ажиллагаатай Булган-Такашикен, Замын-Үүд-Эрээний төмөр зам, Замын-Үүд-Эрээний авто зам, Бичигт-Зүүн хатавч;
-Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны зориулалттай түр ажиллагаатай Сүмбэр-Рашаан;
-Хоёр талын тээврийн зориулалттай байнгын ажиллагаатай Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганц мод;
-Түр буюу улирлын ажиллагаатай Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал, Баянхошуу-Өвдөг, Хавирга-Архашаат гэсэн 6, бүгд 13 боомт байдгаас Баян-Өлгий, Говь-Алтай, Сүхбаатарт тус бүр 1, Өмнөговь, Ховдод тус бүр 2, Дорнод, Дорноговьд тус бүр 3 нь байрладаг.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 102 дугаар тогтоолоор Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын боомт болгох, Булган боомтыг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжүүлэх, 2014 оны 46 дугаар тогтоолоор Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастай боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гарсан.
2010 оны долдугаар сард болсон Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах газрын дарга нарын түвшний уулзалтын механизмын хоёрдугаар уулзалтын Протоколоор Өмнөговь аймгийн хэсэгт Цагаан дэл Уул-Өлзий боомтыг шинээр нээн ажиллуулах асуудлыг хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасны дараагаар дипломат шугамаар харилцан тохиролцохоор шийдвэрлэсэн.