Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног энэ өдрүүдэд тохиож байна. Сонсголгүй болон сонсгол бууралттай иргэд төрдөө хандаж сэтгэлээ уудалсныг үүгээр уламжилъя. Эл өдрийг угтан “Амгалан дэлхий” ТББ, мэдээллийн Peak.mn цахим сайт хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын Дохионы хэлмэрчдийн холбооны менежер Э.Эрдэнэчимэг, “Сонсголгүйн боловсрол” ТББ, тэргүүн А.Баасанжав, “Тэгш тусгал” ТББ-ын судлаач Б.Бямбасүрэн, “Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж, аав” ТББ-ыг үүсгэн байгуулагч Н.Дэлгэрмаа, ЭХЭМҮТ Хүүхдийн зөвлөх поликлиникийн тэргүүлэх зэргийн эмч Д.Ариунтуяаг урьж "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал, дохионы хэлний хэрэглээ, шаардлага" сэдвээр уулзалт зохион байгуулав. “Интeрном”-ын кафед болсон уулзалтаар олон чухал асуудлыг хөндсөн. Тэд нэн тэргүүнд Монгол Улсын Засгийн газар тэр дундаа ХНХЯ, Үндэсний статистикийн хороо манай улсад хэчнээн сонсголын бэрхшээлтэй иргэн байгааг тодорхой гаргалгүй өнөөг хүрсэн гэдгийг онцолсон. Нэг төрийн байгууллага нь 8000 гэдэг тоог хэлдэг бол нөгөө нь 12 000 хэмээдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, Монголд сонсголын бэрхшээлтэй хэдэн иргэн бий, хэд нь хүүхэд, төд нь таг дүлий, хэчнээн нь сонсголын бууралттай нь тодорхойгүй ажээ.
Сонсголгүй иргэдэд боловсролын орчин хүртээмжгүй байна
Улсаас тэднийг тэгш хүртээмжтэй боловсрол хамруулж чаддаггүй. 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдүүд 12 дугаар ангиа төгсөхдөө унших нь битгий хэл нэг бүтэн өгүүлбэр зөв бичиж чадахгүй төгсдөгийг уулзалтад ирсэн сонсголын бэрхшээлтэй иргэд дуу нэгтэй баталсан. Хамгийн ноцтой нь тэдгээр хүүхдүүдээс Элсэлтийн ерөнхий шалгалт авахдаа жирийн хүүхдүүдтэй яг ижилхэн түвшний өгөгдлүүдээр шалгалт авдаг аж.
Тийм ч учраас “Тэгш тусгал” ТББ-ын судлаач Б.Бямбасүрэн дунд сургууль төгсөөд ЭЕШ өгөх үедээ тестүүдээ “буудах” маягаар материалаа бөглөжээ. Мөн “Сонсголгүйн боловсрол” ТББ-ын тэргүүн А.Баасанжав “ЭЕШ-ын үеэр А,В,С хариултаас аль нэгийг нь “буудахаас” өөр сонголт байдаггүй нь үнэн. Учир нь төр сонсгол бууралттай эсвэл бүр сонсголгүй иргэдийг тэгш боловсролд хамруулж чаддаггүй. Жишээ нь, би дунд сургуульд байхдаа хими, физикийн хичээлд сонирхолтой байв. Харамсалтай нь, эдгээр хичээл хэзээ ч ороогүй, оронд нь хөдөлмөрийн хичээл түлхүү заасан” гэж ярьсан юм. Түүний ярьснаар сонсголгүй төрнө гэдэг мангар, тэнэг гэсэн үг биш. Тэд оюун ухаан эрүүл, бас бүхнийг хараад л ойлгож мэдэрдэг. Гэтэл төр тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ангилалд оруулдаг. Тийм атлаа сурч боловсроход нь нэмэр болдоггүй, хуруугаа ч хөдөлгөдөггүй аж.
Үүний бодит жишээг “Дохионы хэлний үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн М.Ганбаатар бидэнд ярьсан юм.
Сонсголын бэрхшээлтэй сурагчид 2017 оны гуравдугаар сард нийслэлийн 29 дүгээр сургуулийн багш нар дохионы хэлдээ тааруу, зарим нь мэдэхгүй учраас хичээл үр дүнгүй өнгөрдөг хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, хичээлээ хаяж байсныг эргэн сануулъя. ХНХЯ-наас тухайн үед тэдний эрхийг хамгаалахаар ямар нэг алхам хийгээгүй бөгөөд БСШУЯ ч багш нараа чадавхжуулах, дохионы хэл сургах талаар анхааралгүй өнөөдрийг хүрчээ.
Дохионы хэл сурах амархан уу
Гадаад болон олон улсад хэрэглэдэг дохионы хэлийг манай улсын сонсголгүй иргэд ашигладаггүй. Өөрийн гэсэн өв соёл, хэв маяг шингэсэн монгол дохионы хэлийг зохиож хэрэглэж иржээ. Зүгээр дохионы хэл гэж ярьж бичвэл ерөнхий болчихдог аж. Мөн дохионы хэл нь монгол, орос, солонгос гэхчлэн улс орноороо ялгаатай. Улс орнуудын дохионы хэл мэндчилгээнээсээ эхлээд өөр гэнэ. Өөрөөр хэлбэл, Орос, Солонгос, Японоор "Сайн байна уу" гэхэд өөр өөрөөр мэндчилдэг.
Дохионы хэл сурна гэдэг япон, хятад, англи хэл сурахтай адил дөрвөн жил шаардлагатай. Тиймээс эл асуудлыг бодлого боловсруулагчид, салбарын яам нь анхаарах шаардлагатай юм байна.
Монгол дохионы хэл нь сонсголгүй иргэдийн эх хэл. “Дохионы хэлний үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн М.Ганбаатар дохионы эх хэлээ баяжуулахаар Финлянд улсын эрдэмтдээс тусламж хүсжээ. Улмаар дохионы хэлний мэргэшсэн Финлянд эрдэмтнээр ахлуулж, Монголын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй доктор, профессорын баг үндэсний дохионы хэлний судалгааг эхлүүлсэн байна. Учир нь Монголд дохионы хэлийг судлах мэргэжилтэн байдаггүй. Тиймээс монгол хэлтэй адил монгол дохионы хэлийг судалж, байнга хэрэглэдэг, баялаг байдаг дохиог үгжүүлэхээр ажиллаж буй. Дөрвөн жилийн дараа Монгол өв соёл нэвт шингэсэн дохионы хэлний толь бичгийг гаргахаар төлөвлөжээ.
Хуульд сонсголгүй иргэдэд шаардлагатай хэлмэрчийн төлбөрийг төрөөс хариуцна гэж заасан ч хэрэгжүүлдэггүй
Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбооны менежер Э.Эрдэнэчимэг “Сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаа шүүхийн байгууллага дээр очоод харилцаа тогтоох шаардлагатай болдог. Гэхдээ ойлголцож чадахгүй тул цагдаагийн байгууллагаас манайд хандаж хэлмэрч захиалдаг. Энэ үйлчилгээг 2016 оноос үзүүлж буй. Төрийн байгууллагаас энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэггүй. Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо 15-16 гишүүнтэй ч яг идэвхтэй ажиллаж байгаа бичгийн болон дохионы хэл бүрэн дүүрэн эзэмшсэн 3 хүн бий. Цагдаагийн байгууллага дээр очиход тухайн сонсголгүй хүний дохионы болон бичгийн хэлний чадвараас шалтгаалаад хоёр хэлмэрч ажиллах тохиолдол байдаг. Тухайн хүн зөвхөн ахуйн дохионы хэл ашигладаг бол ахуйн болон албан ёсны дохионы хэл мэддэг хоёр хүн хэлмэрчлэх шаардлага гарна гэсэн үг. Түүнийг нь хэлмэрч цагдаад ч юм уу орчуулж өгдөг. Хэлмэрч сонсголгүй иргэдээс төлбөр авдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлд төрөөс уг төлбөрийг хариуцна гэж заасан ч хаанаас санхүүжилт гарах нь тодорхойгүй. Гэсэн ч хэлмэрчийн үйлчилгээг зогсоосноор олон хүний эрх зөрчигдөх гээд байгаа учир бид аргалаад л үйл ажиллагаагаа явуулдаг. Зарим тохиолдолд цагдаагийн байгууллагаас төлбөрийг нь төлөөд хэлмэрч захиалдаг. Монгол Улсын хэмжээнд дохионы хэлний хэлмэрч бэлтгэдэг нэг ч сургууль байхгүй. Манай холбооны зүгээс хэлмэрч бэлтгэхдээ аль болох дохионы хэлний суурьтай буюу гэртээ сонсголын бэрхшээлтэй хүнтэй харилцдаг иргэдийг сургадаг” хэмээсэн.
Ер нь сонсголгүй иргэдийн боловсролд төр анхаардаггүй учраас тэд аль ч байгууллагад очсон ойлголцож үйлчилгээ авахад хүндрэл учирдаг. ХНХЯ-наас “Duudlaga.mn” үйлчилгээ нэвтрүүлсэн ч нэг зэрэг олон хүнд үйлчилж чадахгүй тул хүртээмж бага аж.
Сонсголын бэрхшээлийг эрт илрүүлж болох уу
ЭХЭМТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тэргүүлэх зэргийн эмч Д.Ариунтуяа дараах зөвлөгөөг өгсөн билээ. Тэрбээр 28 дахь жилдээ чих, хамар, хоолойн эмчээр ажиллаж буй.
Нярайг төрсний дараа 72 цагийн дотор сонсгол, хараа, бодисын солилцоо, түнхний үе мултралтай эсэхийг заавал шалгадаг. Үүний дотор сонсгол нь тэнцээгүй бол нэг сартайд нь эмнэлэгт дахин хандаарай. Мөн гурван сартайд нь өрхийн эмч үзлэг хийх ёстой. Мөн 4-5 сартайд нь сонсголын шинжилгээ хийдэг. Хэрэв тэнцээгүй тохиолдолд нарийвчилсан шинжилгээ хийж, 6 сар хүрэхээс нь өмнө дунгийн суулгацын хагалгаанд оруулдаг. Ер нь хүүхдийг аль болох багад нь үзүүлж, харуулж, сонсголын бэрхшээлтэйг нь эрт илрүүлбэл эмчилгээ авна. Тухайлбал, дунгийн суулгацыг 6 сартайд хийлгэсэн бол 1.2 настай хэлд орох боломжтой. Сонсголгүй нярайн 90 хувь нь эрүүл эхээс төрдөг. Харин эрүүл ээж, аавууд хүүхдээ сонсголгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхдөө удаан гэнэ. Дэлхий нийтэд 1000 хүн тутамд гурав нь сонсголгүй төрдөг. Монголын дундаж үзүүлэлт ойролцоо гардаг аж. Эмч нарын оношоор бол сонсголыг таг дүлий, их, бага бууралттай гэж ангилдаг юм байна.
Харамсалтай нь төрөөс эмнэлгүүдийг сонсгол шалгах аппараттай болгоход нэг ч төгрөг зарцуулж байгаагүй. Гурван аймаг, нийслэлийн I, II, III төрөх, ЭХЭМҮТ-д “Дэлхийн сонсголгүй иргэдийн холбоо”-ны санхүүжилт, “Ротари” клубийн дэмжлэгээр өгсөн аппаратуудыг өнөө болтол ашиглаж буй. Түрүүчээсээ гурван жил ашигласан аппарат эвдэрч, залгуур нь ажиллагаагүй болсон. Аргагүй шүү дээ. Жилд ганцхан аппаратаар 20 гаруй мянган нярайг оношилж байна.
Эцэг, эхүүд “Аа”, “Уу” хэмээн гацах сонсголгүй үрээ цаашаа гэж төвөгшөөдөг
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж, аав ТББ-ыг үүсгэн байгуулагч Н.Дэлгэрмаа ийн ярилаа.
Эл ээж хүүхдээ хоёр сартай байхад нь сонсгол нь нэг л биш байгааг гадарласан. Тиймээс ЭХЭМҮТ-ийн эмч Д.Ариунтуяад охиноо үзүүлсэн. Улмаар мэдрэмжээ баталгаажуулсан ч итгэж ядан “Бид эрүүл юм чинь хүүхэд минь хэл орно биз дээ” гэж асуугаад “Тийм гайхамшиг кинон дээр л гардаг юм” хэмээх уйтай хариу сонсжээ.
Гэвч хүүхдэдээ дохионы хэл заах, нийгмийн харилцаанд оруулахаасаа урьтаж хэлтэй, сонсголтой болгоно хэмээн зургаан нас хүртэл нь тэмцжээ. Харин зургаан жилийн дараа хувь заяатай нь эвлэрч хүүхдэдээ боловсрол олгох, сургуульд сургахад түлхүү анхаарсан. Үүний ачаар түүний охин өдгөө АНУ-ын сургуульд суралцах тэтгэлэгтэй урилга гарджээ. Мөн бага охиноо дөрвөн сартай байхаас нь дохионы хэл зааж, нийгэмшүүлж, биеийг нь даалгажээ. Бага охин нь зургаа хүрэхээсээ өмнө дохионы хэл сурч, бичиж, нийгмийн харилцаанд орж сурсан. Өөрөөр хэлбэл, сонсголгүй төрсөн боловсролд нь оройтож анхаарах, эртхэн арга хэмжээ авах газар, тэнгэр шиг ялгаатай аж. Өдгөө ихэнх аав, ээж түүнийг алдааг давтаж хүүхдээ эмчлүүлэхээр яардаг гэнэ. Тиймээс тэрбээр “Хүүхдээ эмчлүүлэхээр хөөцөлдөж болно, гагцхүү нийгэмших хөгжихөд нь давхар анхаарах хэрэгтэй. Эцэг, эхүүд хэдэн жил эмнэлгээр явсны эцэст шантарч “Энэ угаасаа хэлд орохгүй нь” гэж орхидог. Улмаар хүүхдээ ямар нэг юм хэлэх гээд “Аа”, “Уу” гээд түгдчиж, ээрч, гацахад шууд л төвөгшөөдөг. Энэ үйлдэл олон давтагдахад хүүхэд ганцаардаж, сэтгэлээ нээж чадахгүй, цаашлаад сэтгэл гутралд ордог. Хүүхэд сонсголгүй л болохоос бүхнийг ойлгоно, сохор биш тул аливаа зүйлийг харж орчин нөхцөлөө баримжаална. Угаасаа хэлд орохгүй гэж тэднийг орхих биш, багаас нь хөгжүүлж чадвал өөрийгөө бүрэн дүүрэн авч явна, нийгэмд хувь нэмрээ өгч чадна. Ганц байгаа тусгай 29 дүгээр сургуулийн багш нар сонсголгүй хүүхдүүдээсээ долоон дор чадамжгүй байдаг. Дохионы хэл ч мэддэггүй. Гэртээ дохионы хэл сурчихаад сургуульд орж буй хүүхдэд дохионы хэлээ мэдэхгүй багш юу заах юм бэ. Төр үүнд анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Дэлхий нийтийн нэгдэж, тэмүүлж буй “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ийн үндсэн зарчим нь хэнийг ч орхиж гээлгүй, ялгаварлан гадуурхахгүй хамтдаа хөгжих явдал. Эл утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ойлгож, тэднийг нийгмээс тусгаарлаж, өөр ондоо гэж ойлгож хандахгүй байх нь чухал билээ.