Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү сургууль БНХАУ-ын Хэнань мужийн Жумадиан хотод байрлах Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Цэргийн төв тойргийн “Куесан” сургалтын баазад 2021 оны есдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд үргэлжилнэ. Сургуульд Хятад, Монгол, Пакистан, Тайланд улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцож байна. Олон улсын энэхүү сургууль нь үүссэн цагийн байдалд энгийн иргэдийг хамгаалах, хүний эрхийн зөрчлийг шалган тогтоох, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үндсэн мандатаар хүлээсэн үүрэг гүйцэтгэх сэдвийн дор зохион байгуулагдана. Энэ үеэр тус сургуульд оролцогчид салааны бүрэлдэхүүнээр эрэн хайх, бүслэн нэгжих ажиллагаа, цувааны хамгаалалт, энгийн иргэдийг хамгаалах, алан хядах ажиллагааны эсрэг сөрөг тусгай ажиллагааны арга тактик, эмнэлгийн татан гаргалт, цар тахлын дэглэм тогтоох, хяналт тавих зэрэг чиглэлээр хэсэгчилсэн болон нэгдсэн сургалт, дадлагад хамрагдах юм. Уг сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Эрдэнэбилэгээр удирдуулсан 28 цэргийн алба хаагч халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр амжилттай оролцож байна.