ХНХЯ, БШУЯ, БХЯ, Соёлын яамнаас залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг эхлүүлж буй. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох нь эл төслийн үндсэн зорилго. “ОРОЛЦОО” төсөлд бүртгүүлсэн 18-34 насны залуусын эхний ээлжийнхэн мэдлэгээ баяжуулж, туршлага хуримтлуулж, ажлын байртай болох шинэ "аялал"-даа өнөөдөр гарлаа. Тэд хотоос гадна бэлтгэгдсэн багш мэргэжилтнүүдийн хамт тусгай орчинд бэлтгэл сургуулилалт хийх юм.
Монгол Улсад нэг талд ажлын байр нээлттэй, ажиллах хүчний хомстол бий болсон. Нөгөө талд залууст тогтвортой ажлын байр хэрэгтэй. Төсөл хэрэгжсэнээр энэ зөрөөг ойртуулж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцүүлэх аж. Сургалтад хамрагдсан залуусыг ажил хөдөлмөрт уриалж, урамшуулж, чадваржуулж, ажлын байранд зуучилна.