Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, ХНХ-ын сайдын зөвлөх Д.Ундраа, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа нарын албаны хүмүүс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төв болох Кристина Нобелийн Хүүхдийн сангийн харьяа “Нархан” гэр хотхон, “Альфа Коммунитиз” ТББ-ын “Найдвар” салбар, Донбоско хүүхдийн төвүүд болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв, “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын үйл ажиллагаатай танилцжээ. Улсын хэмжээнд 21 байгууллагын 31 халамж, асрамжийн төв, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 120 гаруй НҮТББ байна. Кристина Нобелийн Хүүхдийн сангийн харьяа “Нархан” гэр хотхон халамж, асрамжийн төв нь 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд таваас дээш насны хагас, бүтэн өнчин, хараа хяналтгүй, эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд асрамжийн үйлчилгээ үзүүлдэг бол Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төвтэй “Альфа Коммунитиз” ТББ-ын “Найдвар” салбар нь амьжиргааны түвшин доогуур өрхийн сургуулиас завсардсан, эцэг эхийн халамжаас гадуур хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Харин Донбоско төв нь хагас бүтэн өнчин, нэн ядуу өрхийн хүүхдүүд, сургууль завсардсан, хамгаалал шаардлагатай 7-18 насны зөвхөн эрэгтэй хүүхдүүдийг төвдөө авч, асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг ажээ. “Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв НҮТББ нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зуслан сувиллын болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг бол “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын төв нь амьжиргааны түвшин доогуур өрхийн СӨБ-ын насны хүүхдүүдэд өдрийн үйлчилгээ үзүүлж, эцэг эхийг нь хөдөлмөр эрхлэх боломжоор ханган ажиллаж байна. Тус уулзалтаар асрах төвүүдийн удирдлагаас хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж байгаа асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ТББ-уудыг мэргэшүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зэрэг хүсэлтүүдээ уламжилж байлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаашид хүүхдийн халамж, асрамжийн төвүүд болон хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮТББ-уудын үйл ажиллагааг дэмжин, байнгын уялдаатай ажиллах чиглэлийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж болон албаны бусад хүмүүст өглөө.