Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн багийнхан уул уурхайн ил тод, нээлттэй засаглалыг геологи хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэж тодорхойлжээ. Эдгээрийг хооронд нь уялдаа холбоотой, үр ашигтай байдлаар хөгжүүлснээр ил тод, нээлттэй засаглал бүрдэнэ гэсэн үг. Ил тод, нээлттэйгээс гадна уул уурхайн үр өгөөжтэй засаглал бүрдэхээр харагдаж байна. Дээрх томьёололд уул уурхайн хөгжлийн бодлогыг маш ойлгомжтойгоор зангидсаныг дурдах нь зүйтэй.
Ил тод, нээлттэй засаглал бүрдүүлснээр 2024 он гэхэд Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос 7.9 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцож буй юм. Мөн шатахуун, ган бүтээгдэхүүний хэрэглээнийхээ дийлэнхийг дотоодоосоо хангадаг болно. Өдгөө манай улс уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж, таван тэрбум ам.долларын орлого олж буй. Гэвч шатахуун, ган бүтээгдэхүүн гадаадаас худалдаж авахад 1.4 тэрбум ам.доллар зарцуулдаг. Ингэхээр бодит байдалд уул уурхайн бүтээгдэхүүнээс 3.6 тэрбум “ногоон”-ы орлого олж байна гэсэн үг. Тэгэхээр одоо тавьж буй зорилт хэрэгжвэл гурван жилийн дараа уул уурхайгаас олох орлого хоёр дахин нэмэгдэх нь.
Геологи хайгуул бол уул уурхайн салбарын хамгийн чухал хэсэг. Геологи хайгуулаар ашигт малтмалын орд нээж чадахгүй бол уул уурхай хөгжихгүй. Тиймээс энэ салбарын эрдэмтэн судлаачид геологи хайгуул нь уул уурхайн хөгжлөөсөө 20 жилийн өмнө явах ёстой гэдэг. Энэ нь уйгагүй эрэл хайгуулын хүчинд олдсон ордыг цаанадаж 20 жилийн дараа уурхай болгодог гэсэн санаа юм. Манай улсад геологи хайгуулын салбар уналтад ороод байна. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо энэ оны эхний улиралд 1071 болсон. Тэгвэл хайгуулын тусгай зөвшөөрөл 900 болжээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл сар бүр цөөрч байна. Судлаачид 300 болтлоо буурна гэж таамаглаж буй. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурсан нь хоёр хүчин зүйлээс шалтгаалжээ. Нэгдүгээрт, 2010 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олон тоогоор нэмж олгоогүй. Хоёрдугаарт, өмнө нь олгосон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас нөөц илрээгүй гэсэн үг. Мөн нөөц илрэх боломжтой ч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран хайгуул хийж чадаагүй талбайнууд ч бий. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж буй. Хуулийг шинэчилснээр зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэж тооцож болох гэнэ.
Эрэл хайгуулын үр дүн орд нээж, нөөцөө батлуулсны дараа олборлох шаардлагатай. Уурхайчид нэг шоо метр уулын цулыг хамгийн бага зардлаар олборлохын төлөө ажилладаг. Зардлаа багасгахын тулд орчин үеийн дэвшилт техник, технологи ашиглах шаардлага үүснэ. Хувийн хэвшлийн уурхайнууд зардлаа бууруулахын тулд техник, технологио байнга шинэчилж, хөрөнгө оруулалт хийдэг. Харин төрийн өмчит уурхайнуудын техник, технологи хоцрогдсон. Энэ нь хөрөнгө оруулалт хангалттай хэмжээнд хийдэггүй, бүтээгдэхүүнийх нь үнийг Засгийн газраас тогтоодогтой холбоотой. Хувьцааг нь 100 хувь болон хэсэгчлэн эзэмшдэг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн техник, технологийг шинэчлэхээр төлөвлөжээ. Ингэснээр төрийн өмчит уурхайнууд үр ашигтай ажиллах юм.
Олборлосон эрдэс, түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл илүү өгөөжтэй нь мэдээж. Манай улсад уул уурхайн эрдэс, түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл маш муу хөгжсөн. Баяжуулахаас өөр дараагийн шатны боловсруулалт хийж чаддаггүй гэхэд хилсдэхгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нүүрс баяжуулах, зэсийн баяжмал, газрын тос боловсруулах болон гангийн үйлдвэр барихаар төлөвлөжээ. “Эрдэнэс Тавантолгой” компани жилд 30 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулахаар энэ жилээс ажлаа эхлэх гэж байна. Үйлдвэрийн эхний блокууд ашиглалтад орсноор нэмүү өртөг шингээсэн нүүрс экспортолно. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг нь баталж, борлуулалтын гэрээг нь хийсэн. Уг үйлдвэрийг барихад гадаадын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах санал тавьж буй. Одоогоор үйлдвэрийг барих бусад судалгааг хийж байгаа аж. Дорноговь аймгийн Алтанширээ сумд Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл түгсэн тул нурших нь илүүц. Монгол Улс шатахууны хэрэглээгээ дотоодоосоо хангадаг болох маш том давуу тал юм. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг концессын гэрээгээр эзэмшиж буй “Кью эс си” компани гангийн үйлдвэр барихаар зэхсэн. Тус компанид Дархан-Уул аймгийн удирдлага газар олгохоос татгалзсан учраас ажил нь гацжээ.
Олборлосон, боловсруулсан бүтээгдэхүүнээ борлуулах шаардлагатай. Манай улс ашигт малтмалаа өмнөд хөрш рүүгээ экспортолдог. Зарим талаар бүтээгдэхүүнээ хямд үнээр худалдах тохиолдол бий. Ялангуяа төрийн өмчит компаниуд бүтээгдэхүүнээ дамжуулан борлуулагчдад худалдах тохиолдол гардаг. Хэд хэдэн борлуулагч тухайн бүтээгдэхүүнийг гар дамжуулан худалдахаар үнийг хямдруулах нь дамжиггүй. Тиймээс бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн хандлагыг дагасан бодит үнээр борлуулахын тулд эрдэс баялгийн бирж байгуулах шаардлагатай гэж үзжээ. Тиймээс бирж байгуулах хуулийн төсөл боловсруулаад байна. Бирж нь шударга өрсөлдөөн, ил тод, нээлттэй арилжаа хийх боломж олгоно. Ингэснээр бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх юм.
Эрдэс баялгаа боловсруулсны дараа орлогыг нь яах вэ. Энд тэнд үр ашигтай, эсэх нь мэдэгдэхгүй хөрөнгө оруулалт хийж үрэх үү. Эвсэл иргэддээ хуваарилж өгөх үү. Аль нь ч биш. Харин хуримтлал үүсгэнэ. Ингэхийн тулд Үндэсний баялгийн сан байгуулах хуулийн төсөл боловсруулжээ. Уг сан нь доороо Тогтворжуулалтын, Хөгжлийн, Ирээдүйн өв сан гэсэн гурван сантай байна. Тогтворжуулалтын сан нь төсвийн орлого тасарсан тохиолдолд алдагдлыг нөхөх зорилготой. Одоо ч ийм үүргээ хэрэгжүүлдэг сан. Ирээдүйн өв сан нь ирээдүй хойч үедээ эрдэс баялгийн үр өгөөжийг хүртээх зорилго агуулсан сан. Тус санд энэ бодлогын дагуу хуримтлал үүсгэж байна. Харин хөгжлийн санг шинээр байгуулах нь. Уг сан нь иргэдэд хэрэгцээ, шаардлагатай хөгжлийн хөрөнгө оруулалт хийх нь. Товчхондоо, иргэд Үндэсний баялгийн сангаар дамжуулж, эрдэс баялгийнхаа өгөөжийг хүртэнэ гэсэн үг.
Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн шинэ заалт тусгасан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан хэрэгжүүлэхээр зэхэж буй дээрх бодлого, арга хэмжээгээ Үндсэн хуулийн заалтад яв цав нийцсэн гэж тодотгож байна. Уул уурхайн засаглалын томьёог шинэчлэн зурсан нь ийм буюу.