Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга, хурандаа А.Дашнямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Он гарснаас хойш нийслэлд аюулт үзэгдэл, осол хэдэн удаа гарсан бэ. Өнгөрсөн жилийн мөн үеийнхээс өссөн үү, буурав уу?
-Манай Улаанбаатар хот гамшгийн өндөр эрсдэлтэй бүсэд оршдог. Жилийн дөрвөн улирлаас хамаараад гамшгийн эрсдэл нь өөр өөр байдаг онцлогтой. Тухайлбал, хавар, намар ой, хээрийн түймэр, шар усны үер, зун усны осол, өвөл объектын гал түймэр их гардаг. Мөн газар хөдлөлтийн эрсдэл маш өндөр. Нийслэлийн Онцгой байдлын газрынхан он гарснаас хойш объектын гал түймрийн 562, аврах ажиллагааны 40 дуудлага хүлээн авч, үүрэг гүйцэтгэлээ. Эдгээрийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад объектын гал түймэр 18.9, аврах ажиллагааны дуудлага 32.2 хувиар буурсан. Нийт дуудлагын тоо 19.9 хувиар цөөрлөө. Гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ 1.2 тэрбум төгрөг байсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 29.4 хувиар буурсан дүн. Үүнээс гадна гал түймрийн аюулаас 292 иргэнийг аварч, иргэн, аж ахуйн нэгжийн 30 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан. Харамсалтай нь, он гарснаас хойш 14 иргэн гал түймэрт өртөж амиа алдсаны дотор зургаан хүүхэд байлаа.
Ханш нээж, дулааны улирал эхэллээ. Үүнтэй холбоотойгоор манай газраас нийслэлийн ногоон бүсэд эргүүл, жижүүр ажиллуулж эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Цагдаагийн, Байгаль орчны, Онцгой байдлын газрынхан ой хамгаалагчидтай хамтран эргүүл хийж буй. Он гарснаас хойш шар өвсний түймэр 26 удаа дэгдэж, 20 га газар өртсөн. Дулаарахаар иргэд зусландаа гарч, цасан доороос гарч ирсэн шар өвс, хогийг шатааснаас өөрийн болон өрөөл бусдын эд хөрөнгийг сүйтгэх тохиолдол цөөнгүй. Бид жил бүр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч түймэр гарсаар л байна. Тиймээс цаашид уг ажлыг илүү эрчимжүүлэх, мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэхэд түлхүү анхаарч байна.
-Нийслэлд ахуйн болон объектын гал түймэр цөөнгүй гардаг. Цар тахлын улмаас энэ талаарх сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж, арга хэмжээ авахад хүндрэл учирч байгаа юу?
-Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, ослын хамгийн өндөр хувийг объектын гал түймэр эзэлж байна. Шалтгаан нь гэр хорооллын айлуудын пийшин зуухны яндангийн цонолт, үнс нурам ил задгай асгах, тамхи, чүдэнзний цог хаях, цахилгаан хэрэгсэл, машин, техник буруу ашигласнаас үүсдэг. Эдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр айл өрхүүдэд очиж, аюулгүй байдлыг хангуулах зэрэг арга хэмжээ авдаг юм. Ер нь бид сэрэмжлүүлэх хуудас, гарын авлага тараахаас илүү цахим сүлжээгээр иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг шуурхай хүргэхийг зорьж байна. Ингэхдээ зөвхөн болгоомжлоорой гээд өнгөрөх бус, хаана ямар асуудал үүссэнийг мэдээлж, айл бүхэнд аюул тулгарч болзошгүйг сэрэмжлүүлж буй. Манай байгууллагын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, бас дүүрэг бүрийн чиглэл хариуцсан мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэм сахиж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэдэд хүргүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган, зохион байгуулалттайгаар ажилладаг.
-Энэ оны эхэнд орон нутагт хэд хэдэн удаа газар хөдөлж, чичирхийлэл нь нийслэлийн иргэдэд мэдрэгдлээ. Болзошгүй аюул учирлаа гэхэд иргэдэд амжиж анхааруулах, улмаар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлд ямар ажлууд хэрэгжүүлж байгаа вэ?
-Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхтэй бүсэд оршдог. 2013 онд Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Хотын ойр орчимд газар 6.5-7.7 магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдолд барилга байшингийн 48 хувь нь нурах магадлалтай гэсэн тооцоог уг үнэлгээгээр гаргасан. Улмаар гал түймэрт 7601 барилга өртөн, 200-300 хүн амиа алдах магадлалтай гэж тооцоолсон юм. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд олон улсын жишгийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн болзошгүй аюул тулгарах үед түр цугларах 193 аюулгүйн талбайг бий болгон, тэмдэг тэмдэглэгээ байршуулж, түр хоргодох 40 байр гаргасан. Мөн 2002 оноос хойш барьсан, газар хөдлөлтийн 7-8 баллд тэсвэртэй 108 спорт заал, 113 сургууль, цэцэрлэгийг хоргодох байрны зориулалтаар ашиглахад бэлэн болгосон. Онцгой байдлын байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах, нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилалтыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд уг дадлага сургуулилалтыг цахимаар зохион байгууллаа.
-Газар хөдөлсөн атал гамшгийн дохио дуугарсангүй, аюулыг мэдээлсэнгүй гэж иргэд нэлээд шүүмжилсэн.
-Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах үүрэгтэй 60 дуут цамхгийг анх 2003 онд Улаанбаатарын тойрогт бүрэн хүрэх байдлаар тооцоолж суурилуулсан юм билээ. Гэхдээ суурилуулснаас хойш нийслэлд өндөр барилга олныг барьсантай холбоотойгоор дохио нь бүх хүнд хүрэхгүй, дууны хугарал, сарнил үүсэх зэрэг асуудал тулгарах болсон. Тэгэхээр Улаанбаатарын нийт иргэдэд дохиог сонсгохын тулд цамхгуудыг нэмэх шаардлага тулгарсан. Одоогоор Хан-Уулд гурав, Сонгинохайрханд хоёр цамхгийг тухайн дүүргийн хөрөнгөөр авч, суурилууллаа. Мөн нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд санал тавьж, 2021 онд хоёр дуут цамхаг суурилуулах хөрөнгийг шийдвэрлүүлсэн. Цаашид гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр улсын хэмжээнд 2022 оноос эхлэн хэрэгжүүлнэ.
Дээрх дурдсан цамхгууд нь Улаанбаатар хотоос 250-300 километрийн радиуст болсон, долоон баллаас дээш хүчтэй газар хөдлөлтийг мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар хүлээн авч, автоматаар дамжуулах үүрэгтэй. Саяхан Улаанбаатар хотод болсон газар хөдлөлтийн балл нь энэ түвшинд хүрээгүй тул цамхгууд дуугараагүйг мэргэжлийн байгууллагынхан тайлбарласан. Цаашид газар хөдлөлтийн долоон баллаас доош хүчтэй чичирхийллийн мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж, мэдээллээр хангах ажлын хэсгийг Шадар сайдын тушаалаар томилсон. Уг ажлын хэсгийнхэн олон улсын жишигт нийцүүлэн журам гаргахаар ажиллаж байна.
-Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр завьт эргүүлүүд ажиллуулдаг. Эргүүлүүд энэ жил хэзээнээс эхлэн үүрэг гүйцэтгэх вэ?
-Дулааны улиралд иргэд Туул голын эрэг дагуу амарч, чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Үүнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүрийн зургадугаар сарын 10-наас аравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангиас холбогдох байгууллагуудтай хамтран завьт эргүүл ажиллуулдаг. Энэ жил ч үүний дагуу зургадугаар сараас үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Өнгөрсөн жил алба хаагчид усны ослын 37 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 66 иргэний амийг аварч, 29 000 орчим хүнд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэсэн. Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэг хүргэдэг ч иргэд усанд осолдож амиа алдах тохиолдол буурахгүй байна. 2020 онд иргэдийн санамсар болгоомжгүйн улмаас 19 хүн, үүний дотор бага насны таван хүүхэд усны ослоор амиа алдсан.
-Нийслэлд энэ сарын 10-наас эхлэн бүх нийтийн бэлэн байдал зарлалаа. Энэ үед онцгой байдлын байгууллагынхан ямар ямар чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед нийслэлийн Онцгой байдлын газраас 350 гаруй албан хаагч цагдаагийн байгууллагатай хамтран эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн нийслэл, дүүргийн Шуурхай штаб, шалган нэвтрүүлэх товчоодод өдөр бүр 50-60 хүн байнга ажиллаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулж буй. Нөхцөл байдал амаргүй болсон тул хүн хүчээ аль болох зөв хуваарилахад анхаарч байгаа. Коронавирус гэлтгүй хаврын улирал эхэлсэнтэй холбоотойгоор шар усны үер, өнжмөл өвсний түймрийн дуудлага ихэссэн. Тиймээс ажлаа зөв зохион байгуулж, алба хаагчдаа ядраахгүй байлгах нь чухал. Ялангуяа алба хаагчдыг халдварт өвчинд өртүүлэхгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Нөхцөл байдал хүндэрсэн ч бид нэгэнт л төрдөө тангараг өргөсөн хүмүүс учраас ямар нэгэн шалтаг, шалтгаан тоочихгүйгээр үүргээ гүйцэтгэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед онцгой байдал, эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналтын гэх мэт төр захиргааны олон байгууллага хүчээ нэгтгэн, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд цаг наргүй ажиллаж буй. Тиймээс болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангахын тулд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг иргэддээ уриалъя.