МҮОХ-ны гишүүн, Монголын Олимпийн Түүх Судлалын Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Ж.Баасанхүү
-Та Улаанбаатар хотод анх хэзээ хөл тавьж, ажил, амьдралынхаа гарааг эхэлж байсан бэ?
-Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул. Сумынхаа 10 жилийн сургуулийг дүүргээд 1969 онд АУДС-д оюутан болохоор Улаанбаатарт хөл тавьсан. Миний хувьд эмч болох сонирхолтойдоо бус, биеийн тамирын сургуульд элсэх хүсэлтэй ирж байлаа. Намайг аравдугаар анги төгсөх жил сурагчдыг сурлагын дүнгээр нь жагсаахад би хамгийн эхэнд бичигдсэн юм. Тэр жил биеийн тамирын ангийн ганцхан хуваарь ирснийг өөр хүүхэд авчихав. АУДС-ийн орос хэлний багш Д.Цэрэндорж манай аймагт улсын шалгалтын комиссын гишүүнээр ирэхдээ надад “Чамайг АУДС-ийн эмчийн ангид элсүүлнэ” гэхэд нь би “орохгүй” гэв. “Тэгвэл ТМС-д хуваарилчихна шүү” гэхэд нь хэлэх үггүй болж билээ. Намайг оюутан болдог жил Чехословак улсын тусламжаар баригдаж байсан Улсын клиникийн төв эмнэлэг, мөн түүний хажууд баригдах АУДС-ийн барилгын ажилд оюутнууд тусалж байлаа. Энэ эмнэлэг болон сургуулийн барилгын анхны шанг татахад нь би элс, хайрга, тоосгыг нь зөөгөөд л гүйж явлаа. Удалгүй ургац хураалт өрнөж, оюутнууд Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйд очлоо. Тэнд сар гаруй ажиллаж ирээд хичээлдээ орсон.
-Биеийн тамирын сургуульд орохыг хүссэн хүнд анагаахын хичээл сонирхолгүй санагдав уу?
-Тэгэлгүй яах вэ, спортоор амьсгалдаг хүнд анатомийн хичээл яаж сонирхолтой байх билээ. Хичээл хурдан тараасай гэж долоо хоног бодож суусан. Бэр эгч Ж.Цолмон тэр үед УБДС-ийн Биеийн тамирын сургуульд багшилдаг байв. Нэг өдөр Биеийн тамирын сургуульд суралцах хүсэлтэйгээ хэллээ. Эгч сургуулийнхаа удирдлагатай ярилцахад “Манай сургуулиас АУДС-д сурах сонирхолтой хүүхэд байвал солилцоо хийж болох юм” гэжээ. Тэгтэл ашгүй зураг хөдөлмөрийн ангид Нийслэлийн 18 дугаар сургуулийг төгссөн нэг хүүхэд сурч таарав. Тэрбээр хавар нь анагаахын сургуульд шалгалт өгсөн ч оноо нь хүрэлгүй зураг хөдөлмөрийн ангид элссэн байж. Эгч АУДС-ийн удирдлага, багш нартай уулзсанаар солилцоо хийхийг зөвшөөрч, тэр хүүхэд тус сургууль руу, харин би биеийн тамирын ангид орж билээ. Миний хүсэл биелж, баярласан гэж жигтэйхэн. Багш дасгалжуулагч мэргэжлээр дөрвөн жил суралцаж, 1973 онд төгсөөд Монголын биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөл, одоогийн Биеийн тамир, спортын улсын хороонд нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтнээр очиж ажил, амьдралаа эхлүүлсэн.
-Хүүхэд байхаасаа мөрөөдсөн хүсэл тань таныг спорттой нөхөрлүүлжээ дээ.
-Тэгсэн. Багаасаа малтай ойр өссөн. Манайх хурдан жороо морьд олонтой. Таван настайгаасаа морь унаж сурч, 7-14 нас хүртлээ наадамд долоон жил хурдны морь унасан. Хөгшчүүдтэй ойр өссөн тул хурдан морь унахын зэрэгцээгээр нутгийн уяачдыг дагаж морь уях эрдмээс нь суралцаж уяач болсон. Нутгийн уяачид ойр хавийн сумын наадмын хурдан морины түрүүг авдаг байлаа. Тариаланд бүх насны морьд уяж, наадамд сойдог Гониожав ах (Г.Гончигжав), Ц.Сэрээнэн гуай, Дагва ах (Лувсандагва) Халзан Баажаа (Д.Бат-Очир) гээд сайн уяачид олон байлаа. Бага байхдаа Намнангийн хүрээнд Чойрын гүн ухааны ном судалж гавж цол хүртсэн Пүүжээ (Г.Пүрэвжал) ахыгаа дагаад л сумуудын наадамд очиж, хурдан морьдын уралдаан, бөх үзнэ. Нутгийн олон ахыг маань “Пүүжээ гавж” гэж нэрлэнэ. Манай хөгшчүүлийн ойрын садан төрөл аймгийн заан Я.Дондов ахынхаа барилдахыг хараад түүн шиг бөх болохыг мөрөөдөж, үеийнхэнтэйгээ байнга л ноцолддог байлаа.
-Тэр үеийн бөхчүүдээс хэнийх нь барилдааныг бахархан харж үздэг байв?
-Спортын гавьяат багш, уулчин Р.Зориг агсаны “Монгол ардын спорт” хэмээх ном 1960 онд хэвлэгдэж гарсан юм. Тэр номноос улсын наадамд долоон удаа түрүүлсэн Б.Түвдэндорж аваргын тухай уншаад бахархахын зэрэгцээ тэгвэл би улсад 20 удаа түрүүлнэ гэж итгэлтэй бодож байснаа эргэн санахад инээдтэй. Ер нь тэгээд “Хүнд өвдөг шороодно гэдэг чинь түрүүлж, болчимгүй мэх хийснээс болдог юм байна. Тиймээс учраа бөхийнхөө барилдааныг судалж, өөрт нь таарсан мэх хийвэл амархан унахгүй” гэдгийг ойлгож, хойшид баримталдаг болсон шүү. Биднээс хоёр ангийн ах аймгийн арслан Д.Юндэн өндөр биетэй, сайхан барилдана. Дээхэн үеийн хүүхдүүд насаа дарж сургуульд сурах тохиолдол байдаг байлаа. Сүүлд сумын хүн эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан Л.Дондов биднээс дөрөв ах, 11 настай хэрнээ манай ангийн сурагч. Тэрбээр шаггүй барилдчихна, биднийг навсайтал нь шидчихээд, ах нартай эн тэнцүү хүч үзнэ шүү дээ. Түүнийг ах нартай барилдахаар түрүүлчихээсэй гэж би дээлийнх нь захыг мушгиж суудагсан. Манай сумын уугуул “өмсөх” мэхээрээ олонд алдаршсан улсын заан Ц.Дамдиндорж гуайг барилдахаар гарахад нь хүмүүс “Өмслөө, өмслөө” гээд хашгирдаг байсан гэдэг. Сүүлийн үед нутгаас маань үндэсний бөхөөр улсын цолтон төрсөнгүй, харин уяачдаас аймгийн заан Я.Дондов ахын хүү Д.Бадрах “Улсын алдарт уяач” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд ах нь баярлаж сууна. Д.Бадрах удам дамжсан уяач л даа. Хүүхэд байхаасаа л нэгдлийн адуун сүргийн дэргэд өссөн. Аав нь барилдахын зэрэгцээ морь уядаг байсан юм.
Би хүүхэд байхаасаа л бөхчүүдийг харчихаад “Бүдүүн хүзүүтэй, хулгар чихтэй, бяртай байвал бөх болдог юм байна. Тэдэн шиг яаж болох вэ” гэж бодно. Хавар болмогц өглөө бүр 6 цагт босож сумын төвөөсөө дугуйгаар 10 гаруй км замыг хар хурдаараа жийж хурдална. Булчинтай болох гэж гар дээрээ олон удаа суниаж, хүзүүгээ бүдүүн болгох гэж хамаг чадлаараа үрж базна. Цээжин биеэ хүйтэн чийгтэй алчуураар үрж арчина. Амьхандаа Ж.Мөнхбат аварга шиг бөх болчих гээд байгаа нь тэр. Бас болоогүй ээ, радиогоор бөх тайлбарладаг улсын арслан Ц.Бадамсэрээжид гуайг дуурайж, морьтой хээр явахдаа ганцаараа ярина. Тэр үед радио ховор ганц нэг айлд харагдана. Хүмүүс Цагаан сар, улсын наадмын бөхийн барилдааны тайлбарыг сонсох гэж радиотай айлд шавчихна. Би хожим сумынхаа наадмын талбайн шонд байрлуулсан “Цагаан хоолой” радиогоор дамжуулж буй улсын наадмын бөхийн барилдааны тайлбарыг бөхийн хорхойтнуудтай хамт зүлгэн дээр суун сонсдог байж билээ.
-Таны үеийнхний хүүхэд нас, сурагч ахуй үеийн дурсамжийг сонсохоор өнөөгийн бидэнд зүүд л юм шиг санагддаг.
-Бидний үеийнхэн өнөөгийн хүүхдүүд шиг элбэг хангалуун өсөөгүй ч адал явдлаар дүүрэн дурсамжтай өнгөрүүлсэн юм шүү. Миний тэр үеийн дурсамжийг сонссон залууст бол зүүд, зэрэглээ шиг санагдах байх. Намайг сурагч байхад 10 жилийн сургуультай сум цөөн байлаа. Тариалан бусад сумаа бодвол 10 жилийн сургууль, нэгдэл, сангийн аж ахуйтай. Газар тариалан хөгжсөн тул хүн олонтой. Сургуульд маань хөрш зэргэлдээ таван сумын сурагчид ирж боловсрол эзэмшинэ. Тэдний дунд сурлагаараа тэргүүлдэг, урлагийн авьяастай, спортод амжилт гаргасан хүүхэд цөөнгүй. Аймгийн соёл урлаг, спортын тэмцээнд сумдаас ирсэн хүүхдүүд Тариалангийн харьяалалтай оролцож, түрүүлдэг байлаа. Тэр үеийн сурагчид “Урт улаан“ гэх галлагаатай модон дүнзэн байранд хичээллэдэг байлаа. Сурагчдын амралт эхлэнгүүт сургуулийнхаа түлээг бэлдэхээр мод цагаална. Сургуулийн хашаанд буулгасан түлээг сурагчид хөрөөдөж, ангийнхаа зуухыг галладаг байв. Биднийг багаас нь ажлын дөртөй болгосон нь хожим эрүүл чийрэг амьдрах, хөдөлмөрт дуртай, хариуцсан ажилдаа эзэн болоход их нөлөөлсөндөө.
-Нутгийнхан тань таныг хүүхэд байхдаа спортоор хичээллэж, тэмцээнд оролцдог байсныг одоо ч дурсаж ярьдаг юм билээ.
-Хүүхэд байхдаа спортын олон төрлөөр хичээллэсэн. Манай суманд ирж ажилласан Пүрвээ цагдаа үндэсний болоод чөлөөт бөх барилддаг байсан юм. Тэрбээр эсгий, туурга дэвсэж байгаад л биднийг барилдуулна. Хүүхдүүдийн барилдахыг нутгийн хөгшид харчихаад “Нохой ноололдож байгаа юм шиг ямар сонин барилдаан бэ” гэдэгсэн. Би сургуулийнхаа чөлөөт бөхийн АШТэмцээний 65 кг-н жинд түрүүлж байлаа. Тэр үед ямар ч спортоор өрсөлдөхөд түрүүлнэ гэж л боддог хүүхэд байсан. 7-р ангид ороход бие ч өндөр болж, өөрийгөө бөхөөр хичээллэх хүн биш гэдгийг ойлгосон юм.
-Та оюутан байхдаа волейболоор хичээллэж эхэлсэн үү?
-Миний анх хичээллэсэн спорт бол 10 наснаас цана, дараа нь ширээний теннис, тэшүүр, волейбол, сагсан бөмбөг, өндрийн харайлт, за тэгээд барилдах бол бүх цаг үед шүү дээ. Би волейболоор 14 наснаасаа эхэлж хичээллэсэн.
Намайг биеийн тамирын ангийн оюутан байхад их, дээд сургуулиудын дунд спортын төрлүүдээр тэмцээн байсхийгээд л зохион байгуулна. УБДС-ийн багийнхан тэр үеийн их, дээд сургуулиудаас хамгийн шилдэг нь байсан. ДАШТ-д оролцсон Монголын волейболын улсын шигшээгийн тамирчдаас хоёр нь манай багт тоглодог байв. МУИС-ийн багийнхан 1980 оны үеэс хүчтэй өрсөлдөх болсон. Монголд волейбол орчин үеийн спортуудаас анх түрүүлж хөгжсөн юм. Манай улсад 1927 оноос анх бууриа зассан энэ спорт өдгөө нийтийнх болж, хүрээгээ тэлсэн. Тухайн үед сумын төвийн гудамжинд бөмбөг өшиглөж гүйдэггүй хүүхэд, волейбол тоглодоггүй байгууллагын ажилтан, бүжиг хийдэггүй залуучууд ховор байсан гэхэд хилсдэхгүй. Биеийн тамир спорт орон даяар ингэж бүх нийтийн болон өрнөж байсан юм.
-Дээд сургуулийнхаа шигшээ багт ид тоглодог байсан та тамирчны карьераа тэгсхийгээд өндөрлүүлсэн байдаг. Цааш нь яагаад үргэлжлүүлээгүй юм бэ?
-Намайг 22 настайдаа тамирчны карьераа өндөрлүүлж, “тэтгэвэрт” гарсан гэхэд хүмүүс үнэмшихгүй биз. Тэр үед биеийн тамир спортын төв байгууллагын ажилтнууд өөрсдийн удирдан зохион байгуулж байгаа уралдаан тэмцээндээ оролцож тэмцэлдэх нь нэр хүндийн хувьд зохимжтой бус гэсэн журам үйлчилж байсан юм. Тиймээс тэмцээнгүй үед чөлөөт цагаараа байнга тоглодог байсан. Намын төв хороо, Сайд нарын зөвлөл болон яам, тусгай газрын сайд, дарга нарын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт Спортын төв ордны “Б” зааланд волейбол, ширээний теннис тоглож өнгөрүүлдэг байлаа. Тэр тоглолтыг нь би зохион байгуулж, тэдэнтэй хамт тоглоно. Багийн спортын тамирчид 40 наснаас ахмад тамирчдын эгнээнд шилждэг байсан үе. Миний хувьд 40 нас хүртлээ ахмадын АШТ-ийг зохион байгуулж, шүүгчээр ажилласан. Хамгийн сүүлд 2001 онд ахмадын волейболын УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж “Аварга, аваргаараа үлдэнэ” гэж хэлээд зодог тайлаад, дахиж тоглоогүй. МБТСЭ-ийн төв зөвлөлийн бүтэц өөрчлөгдөж одоогийн Биеийн тамир, спортын улсын хороо болоход би Захиргаа, боловсон хүчний хэлтэст дотоод ажил, нууцын асуудал хариуцаж ажилласан. Дараа нь Спортын хэлтэст шилжин улсын дасгалжуулагчаар ажилласан. Тэнд байхдаа волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг, ширээний теннис, хоккей зэрэг спортын төрлийг хариуцдаг байлаа. Үүний зэрэгцээ Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажлыг давхар хариуцна.
Эдгээр спортыг улсын хэмжээнд хэрхэн хөгжүүлэх талаар бодлого, төлөвлөгөө боловсруулж, хорооны гишүүдийн хурлын тогтоол гаргуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Тэр үед тэмцээн, уралдааныг улсын төлөвлөгөө, төсөвт тусгасны дагуу зохион байгуулдаг байв. Тэгж ажилласаар 1990 онтой золгосон. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбогдож МҮОХороо бие даан хараат бусаар ажиллах болж би тус хорооны харъяа 60 гаруй спортын холбоодыг хариуцсан захирал, дараа нь олимпийн боловсрол, сургалт, сурталчилгааны төвийн захирал зэрэг албыг хашиж байлаа. Энэ мэтчилэн яривал надад спортын байгууллагад хийгээгүй ажил бараг алга даа.
-Монголчууд 1990 онд зах зээлийн нийгэмд шилжихэд спортын салбар нэг хэсэг эзгүйрч, уналтын байдалд орсныг санаж байна.
-Миний хувьд зах зээлийн нийгэмд шилжсэн зутруухан цагт волейболын спортын буурийг сахиж, галыг нь унтраахгүй цучил нэмсээр дараагийн үетэй золгуулсан. Тийм хүнд үед тэмцээн зохион байгуулах хандивын мөнгө босгох, ивээн тэтгэх байгууллага олох амар байгаагүй ч УАШТ-ийг өнжилгүй яаж ийгээд явуулдаг байлаа. Тэр үед улсын төлөвлөгөө, төсөвгүй болсноор шигшээ багууд тарж, тамирчид гадаадын тэмцээнд оролцохын тулд зардал олох хүндхэн асуудалтай тулгарсан юм.
-Та тийм хүнд үед Монголд волейболын тэмцээнүүдийг тасралтгүй явуулж, элсний волейболын талбай хүртэл байгуулсан байдаг.
-Японы Хирошимад 1994 онд Азийн спортын наадам болоход волейболын эмэгтэй, эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдаа оролцууллаа. Хүмүүс элсний волейбол хэмээх спорт байдаг гэдгийг мэддэггүй байхад 1987 онд гадаадын хэвлэлээс элсний волейболын спортын талаар орчуулж, “Спортын мэдээ” сонинд хэвлүүлэн анхны ойлголтыг өгч билээ. Монголын волейболын холбооноос МҮОХ-той хамтран орчин үеийн олимпын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан элсний волейболын тэмцээнийг 1994 оны наймдугаар сарын 5-7-нд Улаанбаатар хотод байгуулсан хоёр талбайд зохион байгуулсан юм. “Алтан элс” хэмээх клубийг 2000 онд байгуулж, “Сидней-2000-бидний найдвар” уриан доор Дархан-Уул аймгийн “Монгол алт” компанийн амралтын баазад зургаан насны ангиллаар элсний волейболын тэмцээнийг зохион байгуулсан. Хоёр дахь тэмцээнийг 2001 онд мөн тус газарт МҮОХ-ны нэрэмжит болгон зохион байгуулаад шүүгчийн ажлаас зодог тайлсан.
-Та тэр их ажлыг амжуулахын хажуугаар волейболын тэмцээнд шүүгчээр ажилладаг байсан хэрэг үү?
-Би волейболын шүүгчээр олон жил ажилласан. Социалист орнуудын тэмцээнд багаа ахлахаас гадна шүүгчээр ажиллана. Улсын зардал хязгаартай, шүүгч авч явах гэхээр мөнгө олдохгүй. Төв хороо, Засгийн газар тэр үед тэмцээнд амжилт гаргахгүй бол олон тамирчин явуулахгүй, улсын хөрөнгө мөнгийг үр ашиггүй зарцуулах шаардлагагүй гэсэн бодлоготой байлаа. Тиймээс хэмнэхийг аль болох хичээнэ. Би гадаадад болсон тэмцээнийг шүүсэн удаа цөөнгүй. Европын орнуудын өндөр зэрэглэлтэй, тоглолтын ур чадвар, туршлагатай баг тамирчдын тэмцээнийг шүүхэд асуудал гарахгүй, бүх зүйл нь тодорхой болохоор. Харин Монголд болдог тэмцээнүүдийг шүүх амаргүй шүү. Тамирчид алдаа гаргасан бол дараагийн тоглолтдоо засаж залруулж болдог бол шүүгч алдаа гаргах эрхгүй. Тэмцээнийг зөв, шударга шүүхгүй бол хэл ам, маргаан гарна. Тэмцээнд оролцох гэж нойр, хоолоо мартаж, олон сар хичээсэн хөдөлмөрийг нь алдаатай шүүж, ганцхан хормын дотор баллачихвал дэндүү харамсмаар шүү дээ. Тэгэхээр шүүгч байна гэдэг өндөр, үүрэг хариуцлагатай ажил. Шүүгчээр ажиллахын хажуугаар өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн багийн медалийн төлөөх тоглолтыг тайлбарлаж, (Комментатор хийх) үзэгчдэд хүргэдэг байлаа. Комментатораар бараг 20-иод жил ажилласан байх шүү. Спортын байгууллагаас ажил, амьдралынхаа гараагаа эхлүүлснээ хамгийн зав алхам болсон гэж боддог.
-Тэмцээн зохион байгуулж, шүүх гээд олон ажлын ард гарахад гэр бүлийн тань дэм тус их нөлөөлдөг байв уу?
-Намайг ажил, тэмцээн, томилолт гээд завгүй явахад гэр бүл минь ойлгож, сэтгэл тайван ажлыг маань хийлгэдэг байлаа. Би гэдэг хүн гэртээ өнжих нь цөөн. Төлөвлөгөөний дагуу тэмцээн зохион байгуулж, шүүгчээр ажиллана. Өглөө гараад орой л гэрийн бараа харна. Гэрийнхэн минь халуун, хоол цайтай, бүх зүйл бэлэн угтдагсан. Манайхан надад зав гаргадаггүй, анхаарал халамж тавьсангүй гэж гомдоллож байгаагүй. Хоёр хүүхэд минь өөрийн сонирхсон мэргэжлээр боловсрол эзэмшсэн. Би спортын ертөнцийн хэцүү бүхнийг өөрөө мэддэг болохоор тэднийгээ тамирчин бол гэж ятгалгүй, сонирхлыг нь дэмжсэн.
-Монголд волейболын спорт хөгжсөний 80 жилийн түүхээр ном бичиж хэвлүүлсэн байх аа?
- Би 2007 онд Монголд волейболын спорт хөгжсөн түүхийн талаар ном бичиж, хэвлүүлсэн. Ном бичихийн тулд чамгүй судалгаа хийж, цаг хугацаа ч зарцуулсан. 1970-аад оноос өмнөх үеийн түүхийг мэдэх хүмүүстэй ярилцаж, баримт цуглуулсан юм. Үүнээс хойших үеийн хөгжилд гар, бие оролцож явсан болохоор мэддэг байлаа. Энэ спортоор хичээллэж, ДАШТ-д оролцсон тамирчдын зураг баримт болж, ном бичихэд их тусалсан. Тэд тэмцээний үйл явцыг харуулсан зургийнхаа ард он, сар өдөр, ямар тэмцээнд оролцсоноо тодорхой бичсэн байлаа. Тэд одоо байхгүй ч зураг нь баримт болон үлдэж, ном бичих ажлыг минь төвөггүй үргэлжлүүлсэн юм.
-Волейболын спортын тухай шүлэг бичиж, дуу болгосныг тань сонссон. Яруу найраг, сонирхож, шүлэг хэзээнээс бичиж эхлэв?
-Би өөрийн бичсэн шүлгэндээ нэрт хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрөөр ая зохиолгож дуу болгосон. Монголын волейболын холбооны 50 жилийн ойг тохиолдуулан нийт волейболчиддоо зориулж “Монголын волейболчдын алдар” хэмээх дуу бүтээснийг дуучин Б.Батжаргал агсан дуулж олонд хүргэж билээ. Дараа нь Гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Шоовдор эгчид зориулан “Нисдэг бөмбөгийн хатан хаан” дуу бүтээснийг Гавьяат жүжигчин У.Далантай амилуулсан. ОУОХ-ны гишүүн Ш.Магван гуайн 80 насны ойд зориулсан “Олимпын өвөө” хэмээх дууг УДБЭТ-ын гоцлол дуучин А.Сайнбаяр, Алдар нийгэмлэгээр овоглосон нэрт волейболчин гэр бүлийн хос Г.Дэмбэрэлсайхан, П.Хандсүрэн нарт зориулж “Залуу насны дурсамж” дуу бүтээснийг УДБЭТ-ын гоцлол дуучин МУ-ын Гавьяат жүжигчин З.Оюунбилэг, гоцлол дуучин А.Сайнбаяр нар дуулж олны сонорыг мялаасан.