Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг өнөөдөр /2021.03.30/ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-д гардуулан өглөө.
Тус оношлуур нь маш богино буюу 90 минутын хугацаанд коронавирусийг тодорхойлно. Оношлуурыг бүтээхэд Боловсрол, шинжлэх, ухааны яамнаас 47 сая төгрөгийн санхүүжилт гаргасан байна.
Нэг удаагийн шинжилгээний түүхий эд орсон өртөг 31200 төгрөг. Гэхдээ энэ өртгийг цаашид 7800 төгрөг болгож бууруулах боломжтой аж.
Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар хэлэхдээ “Шүлсэнд коронавирусийг тодорхойлох эрхээ өнөөдөр албан ёсоор авч байгаадаа баяртай байна. Албан ёсны эрхээ ийнхүү авсан тул өнөөдрөөс шуурхай бэлтгэл ажилдаа орж, ойрын 1-2 хоногт PCR оношилгооны мэргэжилтнүүдэд уг оношлуурын талаар сургалт явуулна. Мөн дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор шүлснээс коронавирусийг тодорхойлж эхэлнэ" гэлээ.
Одоогоор 4000 нэгж шинжилгээний оношлуурыг бэлэн болгосон гэж АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар мэдээллээ. Тэрбээр, “Хангалттай нөөцийг бүрдүүлэхийн тулд тоног төхөөрөмж шаардлагатай байна. Монгол улсад химийн үйлдвэр хангалттай сайн хөгжөөгүй учраас шаардлагатай урвалж оношлуурыг Герман болон Японоос татаж авахаас өөр арга байхгүй. Хэрэв шаардлагатай техник хэрэгсэл хүртээмжтэй байвал өдөрт 20 мянган сорьцын оношлуур бүтээх боломжтой.
Мөн шүлснээс коронавирусийг илрүүлэх энэхүү “PCR-ийн оношлуур нь хүний биед коронавирусийн 6-12 хуулбар байхад илрүүлэх чадвартай буюу нэлээд өндөр мэдрэг чанартай гэсэн үг. Бид уг оношлуурыг коронавирусийн гомологийн 20 гаруй төрлийн вирустэй харьцуулан судалгаа хийхэд ямар нэг байдлаар солилцох урвалд ороогүй. Өөрөөр хэлбэл, энэхүү оношлуур нь SARS CoV2 вирусийг маш үнэнчээр тодорхойлдог болох нь тогтоогдсон. Тиймээс эрүүл мэндийн салбарт хэрэглэхэд хангалттай түвшинд байна гэж үнэлэгдэж байна ” гэдгийг хэлэв.
Шүлснээс шинжилгээ авч коронавирус илрүүлэх оношлуурын төслийг АШУҮИС-ийн эрдэмтэд 2020 оны арванхоёрдугаар сард эхлүүлж, хоёрдугаар 21-24-ны хооронд ХӨСҮТ-д клиникийн туршилтаа хийжээ. Уг төслийг Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар, Профессор, академич Г.Болдбаатар зэрэг АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.