Вакцины хоёр дахь тунг эхний хийлгэж байсан вакцинаасаа өөрийг хийлгэж болох эсэх талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.
Тэрбээр, "ДЭМБ-аас "АстраЗенека" вакцины тун хоорондын зайг 8-12 долоо хоног болгохыг зөвлөж буй. Ингэснээр дархлаа тогтоох чадвар нь илүү байгаа юм. Бусад вакцины тухайд 3-4 долоо хоногийн дараа хийнэ. Эрдэмтэн судлаачид хоёр өөр үйлдвэрийн тунг хийлгэвэл дархлаа хэрхэн тогтох талаар судалгаа шинжилгээ хийж байна. Одоогоор батлагдсан мэдээлэл алга.
Мөн вакцин хийлгэснээс 14-28 хоногийн дараа дархлаа тогтох учир халдвараас хамгаалах дэглэмээ барьсаар байхыг иргэддээ анхааруулж байна. Дэлхий дээр вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүс зэрэгцэн амьдрах учир халдвар хамгааллын дэглэмээ байнга баримтлах хэрэгтэй" гэлээ.