Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдрийн 06.00 цагаас эхлэн гуравдугаар сарын 21-ний 23.00 цаг хүртэл тав хоног хязгаарлалтын дэглэм тогтоосон. Ингэхдээ иргэддээ урьдчилж мэдэгдэхгүйгээр гэнэт хөл хорио тогтоох шийдвэр гаргасан аж. Уг гэнэтийн шийдвэр тус хорооны иргэдийг бухимдуулав. Хөл хорио тогтоож тус хороонд оршин суудаг иргэдээс коронавирусийн шинжилгээ авах юм байна. Тус дүүргийн засаг дарга Н.Баярмөнх энэ талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд иргэдээс хэд хэдэн удаа шинжилгээ авсан. Иргэдэд урьдчилан мэдэгдсэн ч зуслан руугаа эсвэл хорооноосоо гараад өөр тийшээ явах тохиолдол гарсан. Ингэснээр шинжилгээг үр дүнгүй болгодог тул энэ удаад иргэдэд цагийг нь тулгаж мэдээлсэн. Мөн өрх бүрд зарлан мэдээлэл хүргэж, шаардлагатай утасны дугааруудыг өгсөн” гэж хэллээ. Хөл хорио тогтоосон ч хороо дотроо дэлгүүр, эмийн сан ороход асуудалгүй гэнэ.
Үнэхээр нөхцөл байдал хүндхэн халдвар олноор илэрсэн бол иргэдээ хороо дотроо чөлөөтэй явуулах нь халдвар улам дэгдэх аюултай. Тус хороо нь дүүргийн хэмжээнд хамгийн олон хүн амтай хороо бөгөөд хороолол, хотхон ихтэй газар.
Тэгвэл тус дүүргийн 26-р хороонд халдварын хичнээн тохиолдол илэрсэн талаар ЭМЯ болон НОК-оос тодруулсан боловч тодорхой мэдээллийг өгсөнгүй. Харин дүүргийн онцгой комиссоос мэдээллийг нь тодруул гэх юм. Дүүргийн онцгой комисс нь “бид мэдэхгүй” гэсэн хариулт өглөө.
Халдварын нөхцөл байдал хүнд байгаа ч иргэд гарын үсэг цуглуулж, 26-р хорооны Засаг даргаа эргэн ажиллуулна хэмээн бужигнаж байх юм. Энэ нь халдвар улам тархах нөхцөлийг бүрдүүлж байгааг зарим иргэн хэллээ. Тус хорооны Засаг даргыг урд шөнө, ажлаас нь чөлөөлж, улмаар гэнэт хөл хорио тогтоосон байна.