Хаалганы цаадах гэр бүлийн хүчирхийлэл газар авсан. Төсөөлөх аргагүй аймшигт зүйлүүд гэр бүлийн орчинд л өрнөдөг. Хууль зүй, дотоод хэргийн яам хангалттай урьдчилан сэргийлээгүйгээс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааг дорвитой зохицуулаагүйгээс, Боловсрол, шинжлэх ухааны яам 19 дүгээр зууны аргаар, 20 дугаар зууны багш нараар 21 дүгээр зууны хүүхдүүдэд хичээл заалгадгаас, Соёлын яамныхан садар самуун, хүчирхийлэл сурталчилдаг урлагийнхандаа хяналт чадаагүйгээс, Эрүүл мэндийн яам гэр бүл төлөвлөлтөд олигтой нэмэр болдоггүйгээс хүүхдүүд биеэрээ, сэтгэлээрээ, оюунаа санаа, буй бүхнээрээ хохирдог. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй, салангид, урагшгүй ажиллагааны горыг хүүхэд амсаж байна. Шуудхан хэлэхэд хүүхдийн төлөө байгууллага, алба, нэгж, мэргэжилтнүүдийн тоо багадаагүй. Тэдний ажилдаа хандах хандлага, чадвар, сэтгэл дутсанаас, хүүхдийг хүчирхийлэхээс өмнө урьдчилан сэргийлээгүйгээс, хүүхэд гэртээ, ангидаа, нийгэмдээ ч ад болж, их бага хэмжээгээр хохирсоор байна.
Төрийн байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар 2020 оны наймдугаар сарын 20-ны байдлаар “Хүүхдийн тусламжийн утас-108 төв”-д нийт 2717 дуудлага иржээ. Үүнээс эрсдэлийн түвшин өндөр 2131, эрсдэлийн түвшин дунд 269, эрсдэлийн түвшин бага 237 хүүхэд байна. Мөн нийслэлийн асрамж, халамжийн 28 төвд 867 орчим хүүхэд амьдарч буй. Засгийн газар, төрийн яамдууд хүндээ өгөөжгүй бодлого тодорхойлдгийн, харьяа байгууллагууд чадваргүй, сэтгэлгүй боловсон хүчнээр дүүрсний тод илрэл энэ.
Хүүхэд хамгийн сул дорой. Гэрт ямар нэг хэрүүл, зодоон болоход тэд хамгийн их айдаг. Энэ байдал олон давтагдвал хүүхэд зодуулж буй ээждээ, дүүдээ санаа зовж эхэлдэг. Аав битгий уугаасай, ээж бүү уйлаасай, багш багахан загнаасай, найзууд битгий шоолоосой, зүсэм талх идчихсэн хэмээн байнга шаналдаг. Хүүхдийн сэтгэл зүйд энэ нь маш хортой, бас халтай.
Зарим ээж хүчирхийлэлд уусаж, хүүхдээ үл хайхарч эхэлдэг. Түүнд хүүхэд өлссөн үү, хичээлээ хийсэн үү, өмсөх хувцас бий бил үү, сургуульдаа явах мөнгөтэй юү гэдэг нь огт “падгүй”. Уг нь тэд аюулгүй дулаан газарт, өмсөх хувцастай, идэх хоолтой, цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж, сэтгэл санаа тайван, эрүүл саруул өсөж торних учиртай. Том зургаараа төр засаг, шууд утгаараа аав, ээжүүд энэ эрхийг нь бүрэн дүүрэн хангаагүйгээс хүүхэд наад зах нь өлсөж, өлсөхийн хэрээр тархинд нь тэжээл дутагдаж, хөгжих боломж нь хумигддаг гэх. Аав яагаад архи уудаг, ажил хийнэ гэж болохыг тэд мэдэхгүй. Хайрлах, халамжлахыг мэдэхгүй, зөвхөн хүчирхийллээр амьдралаа төсөөлж, гэрэл гэгээ рүү тэмүүлэхээ болино. Дутуу дулимагийн мэдрэмжтэй өснө. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй тэд цагдаа дуудаж мэдэхгүй, гарч зугтааж чадахгүй, зодуулах л ёстой хэмээн сэтгэдэг болно. Бага зодвол баярлана. Их зодуулсан ч гомдохгүй. Хамгаалах байранд хүргэгдсэн бага насныхан “Аав минь ирээсэй. Ээж минь намайг аваасай” хэмээн бэтгэрнэ. Ээжийгээ зурж санааширна. Аавыгаа зурж бөмбөрүүлнэ. Гэр бүлийнхнээ, бүлтгэр жаахан дүүгээ санаж санааширна. Харин өсвөр насныхан өс санаж, шүд зууна. “Том болоод аавыгаа ална” хэмээн гар зангидна. Насанд хүрээгүй ч илүү хэрсүү, улам муу санаатай болдог. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол нөхцөл байдал улам хүндэрнэ. Наад зах нь өөртөө итгэлгүй болдог. Хүчирхийллийн дүр зураг охидын бие мах бод, сэтгэл санаа, тархинд шууд нөлөөлдөг. Хэн нэгнийг хүчинджээ гэж сонсох бүрд өөрт тохиолдсон аймшигт агшин бодол санаанд нь ургаж эхэлдэг. Зарим нэг нь сонин хэвлэлд гарсан аливаа хүчингийн тухай мэдээллийг уншаад өөрийнх нь тухай бичсэн хэмээн төсөөлж, цусаа ханахаар мэс шүүрнэ. Өөрөөр хэлбэл, насан туршийн эмгэгтэй болдог. Хүүхдүүд ийм ирээдүйг хүсээгүй, ийм болгохгүйн тулд бид бүгдээрээ хичээх учиртай.
Монгол Улсын Засгийн газар эдгээр хохирогч хүүхдүүдэд цогц үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Тэдэнд хуулийн зөвлөгөө, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөөг цогцоор үзүүлдэг ТББ ч цөөн. Хамгаалах байранд хохирогчид нэг, хоёр сар, ихдээ жил гаруйн хугацаанд байдаг. Гэвч цогц үйлчилгээ үзүүлэх, насан туршид нь хамгаалах бодлого дутмагаас эргээд л нөгөө хүчиндүүлсэн орчиндоо, өнөөх араатантайгаа нэг дээвэр дор амьдрах болдог.
Ер нь хүчингийн хэргийг шийдвэрлэх хуулийн үйл явц их удаан. Шалгана, хянана, шүүхэд очлоо ч шуурхай шийдэх боломж хомс. Хохирогчийн ээж мэдүүлгээсээ буцсан бол хүчингийн хэрэг шийдэгдэлгүй замхарна. Тиймээс Хамгаалах байранд амьдарч хананаас усаа авч, хоосон хонох, даарахын зовлонгүй, айдасгүй, тайван газарт дадаж эхэлсэн хүүхдүүд эргээд жихүүн, хоол, ундгүй, хохь хөндий гэртээ хүчирхийлэгчийн хүйтэн харцанд дор амьдрах болдог. Энэ үед охидод, хохирогч хүүхдүүдэд хамгийн их дэм болох хүмүүс нь Хамтарсан багийнхан. Уг нь дарга нар хүүхэд хамгаалах хийгээд гэр бүлийн хүчирхийллийг нухчин дарах хууль эрх зүйн орчин бүрдсэн ярьцгаадаг. Даанч бүрэн дүүрэн хэрэгжүүлдэггүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.1-т “Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ТББ-ын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг дарга ахална”, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15.1-т “Аймаг, дүүргийн Засаг дарга орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулна” гэж заажээ. Дээрх хуулиудыг батлаад багагүй хугацаа өнгөрсөн ч ихэнх Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл жигдрээгүй байна. Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хэмээн хуульд хоёр нэрээр тусгасан ч угтаа нэг л баг. Тэд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх нэг л зорилготой. Даанч хороодын дарга нар нам албан тушаал дагаж намирахаас бус, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох талаар төдийлөн анхаарал тавьдаггүй. Уг нь хамтарсан багийнхан хүүхдүүдийг гэрт нь эргэн нэгтгэхээс өмнө аюулгүй байдлын үнэлгээ, судалгаа хийж, тасралтгүй ажиллах учиртай. Хамтарсан баг, хороо ажлаа дорвитой хийдгүйгээс хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг одоогоор цөөн хэдэн ТББ л нугалж буй. Харин төрийн байгууллага тэдний хийснийг өөртөө нааж ярьдгаас бус олигтойхон дэмжиж байсан удаагүй. Наад зах нь Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гэж бий. Төрийн байгууллагаас эл үйлчилгээ үзүүлэх тендер зарладаг нэртэй. Тодорхой хэлбэл, Хамгаалах байрныхан хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлсний хувьсах зардлыг төрөөс олгох хэлбэр. Гэхдээ 2021 оны Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний тендерийг өнөөдрийг хүртэл зарлаагүй, нам жим байна. Ер нь жилийн эхэнд зарлах учиртай уг тендерийг байнга оройтуулдаг. Зарим жилд арваннэгдүгээр сард зарлана, эсвэл огт зарладаггүй. Зарлалаа ч 200 хүнд үйлчилсэн байхад 20, 30 хүүхдийн хувьсах зардал өгөх жишээтэй. Өөрсдөө хүүхэд хамгааллын ажлаа дорвитой хийж чадахгүй хэрнээ жаахан татаас өгөхдөө дээрх мэтээр харамын сэтгэл гаргахдаа санаа зовдоггүй. Ийм болохоор л Монгол Улсын Засгийн газар гэр бүлийн хүчирхийлэлд цэг тавьж чадахгүй нь гэж хүний эрхийн хамгаалагчид шүүмжлээд байгаа юм.