ХӨСҮТ-ийн ажилтнууд танил хүнийхээ коронавирусийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлджээ. Уг зүй бус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтэн, тэр ч бүү хэл жолооч нь оролцсон гэнэ. Тэд нийслэлээс орон нутаг болон гадаад руу явах хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авч, хариу нь эерэг гарсан бол сөрөг гэж солиод тодорхой төлбөр авдаг сурагтай. Улмаар энэ нь бизнес болж тодорхой хэмжээний үнэлгээтэй болсон гэнэ. Мөн ХӨСҮТ-ийн жолооч коронавирусийн шинжилгээний хариуг “шуурхай гаргаж өгнө” хэмээн 20 000 төгрөг авдаг аж.
ХӨСҮТ-ийн дэд дарга Э.Тэмүүлэнгээс энэ талаар тодруулахад үгүйсгэсэн хариулт өглөө. Харин дээрх үйл явдал үнэн болохыг Шадар сайд С.Амарсайхан бататгаж “ХӨСҮТ-ийн ажилтнууд танил талаараа өөр хүний өмнөөс өөр хүнээс шинжилгээ авдаг, нөхрийнхөө өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгдөг асуудал гарсан. Нөхөр нь сөрөг гэсэн шинжилгээний бичигтэй гээд хөдөө явсан байна. Гэтэл нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарсан. Ингэснээр ойрын хавьтлаа хөөж байна гэсээр байтал жинхэнэ батлагдсан тохиолдол гээд байгаа нь сөрөг, батлагдаагүй тохиолдол нь эерэг гараад, энэ тэнд халдвар тархах эрсдэл үүсэж байна. Энэ бол ХӨСҮТ-ийн олон ноцтой асуудлын нэг нь. Ийм асуудлууд үүсэж байгаа учраас тандалт судалгааны ажил үр дүнгүй болоод байна. Хариуцлагатай ажилчид нь хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа учраас тархалтын үр дүн буурахгүй байна” гэдгийг хэлэв.
ХӨСҮТ-ийхний энэ мэт хариуцлагагүй үйлдэл хэрээс хэтэрч халдвартай иргэдийн эмнэлэгт хэвтүүлэх бус , гэрт нь хорьж буй. Энэ нь халдвар тарах эрсдэлийг нэмэгдүүллээ хэмээн иргэд айж байна.