Ханхүү Харри болон түүний гэргийн Меган нары алдарт хөтлөгч Опри Уинфрид өгсөн ярилцлага өнгөрсөн Ням гарагт CBS телевизийн сувгаар цацагдаж, бараг хоёр цаг үргэлжилжээ. Сассексийн гүн, гүнгийн авхай хоёрын АНУ-д ирснээс хойш өгч буй уг ярилцлагыг “Британийн хааны гэр бүлийн эсрэг дайны эхлэл” гэж барууны хэвлэлүүд шуугьж байна. Харри, Меган нар Британийн шар хэвлэлүүдийг дүүргэсэн өөрсдийнх нь тухай түүхүүдийн талаар үзэл бодлоо хуваалцан, хааны гэр бүлийн гишүүний хариуцлагаас татгалзахад хүргэсэн шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлаж мөн хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр төлөвлөж байгаагаа ярьжээ. Хоёр дахь хүүхэд нь энэ зун төрөх бөгөөд эмч нарын оношилсноор охин аж.
Амиа хорлох бодол
Меганы өгүүлснээр, тэрбээр хатан хааны гэр бүлийн гишүүн болсныхоо дараа маш ихээр ганцаардаж, байнга л амиа хорлох бодол орж ирдэг байжээ. Тэрээр хатан хааны ордны хэд хэдэн ажилтанд хандаж, эмнэлэгт хэвтэж, мэргэжлийн эмчид үзүүлэхийг хүсэхэд ийм алхам нь хааны гэр бүлийн нэр төрд таагүй үр дагавар дагуулна гээд татгалзсан байна. Энэ явдал Меган, Харри хааны гэр бүлийг орхих болсон шалтгаануудын нэг болжээ.
Анхны хүүхэд
Меган Маркл анхны хүүхдээ тээж байх байхдаа, удахгүй мэндлэх хүүхдэд нь ямар нэгэн цол хэргэм олгохгүй бөгөөд бусад хааны гэр бүлийн гишүүдийн адил хамгаалалт авахгүй тухай нэг бус удаа сонсож байжээ. Энэ нь уламжлалыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэж Меган үзэж байгаагаа ярьсан байна. "Яагаад ийм зүйл болсон талаар та ямар бодолтой байна вэ? Арьсны өнгөнөөс нь болсон юм болов уу?" хэмээн Опра асуухад "Би танд чин үнэнээр нь л хариулья. Намайг жирэмсэн байх үед хүүд хамгаалалт гаргахгүй, хэргэм зэрэг олгохгүй гэсэн яриа гарч байсны дээр хүү маань төрөхөд арьс нь хэр бор байх бол гэсэн болгоомжлол л тэдэнд байсан" хэмээн Меган хариулжээ. Хааны гэр бүлийн гишүүдийн хэн нь ийм бодолтой, хэн ингэж хэлсэн юм гэсэн Опригийн асуултад Харри, Меган хоёр нэрлэхээс татгалзсан байна.
Хааны гэр бүл
Ханхүү Харри хатан хаантай "маш сайн" харилцаатай байдаг, хэдий өөр өөр замаар явж салсан ч ахыгаа хайрладаг, эцэг Чарльзд урам хугарсан тухай ярьжээ. Харригийн өгүүлснээр Их Британийн хаан ширээг залгамжлагч болох эцэг нь түүнийг Меган Марклын хамт хааны гэр бүлийн ахмад гишүүдийн статусаас татгалзах шийдвэр гаргасныг мэдээд хүүтэйгээ ярихаа больжээ. "Мэдээж, би түүнийг үргэлж хайрлана, гэхдээ энд маш их сэтгэлийн шарх байдаг. Миний цаашдын зорилгын нэг бол бидний харилцааг засаж сайжруулахыг хичээх болно" гэж Харри хэлжээ.
Үүнээс гадна Мэганыг хааны гэр бүл хүлээн зөвшөөрсөн хэдий ч гишүүд нь "энэ байгууллагыг [хааны гэр бүл] удирддаг хүмүүсээс” өөр гэж Меган ярьсан байна. "Хатан хаан надад үргэлж сайхан ханддаг байсан" гэж тэрбээр ярьжээ.
Хурим
Харри, Меган нар хуримаа дэлхийн томоохон телевизийн сувгууд шууд дамжуулсан албан ёслолоос гурван өдрийн өмнө хийсэн гэж Опрад ярьжээ. "Энэ бол олон нийтэд зориулсан шоу байсан. Харин бид хуримаа зөвхөн өөрсдөдөө зориулахыг хүссэн тул албан ёсны ёслолоос гурав хоногийн өмнө бие биедээ үхтлээ үнэнч байх гэрлэлтийн тангаргаа өргөчихсөн байсан юм" хэмээн Меган өгүүлжээ. Тэдний өгүүлснээр нууц хуримд ямар ч зочид, тэр бүү хэл гэр бүлийн гишүүдийг ч уриагүй гэнэ. Энэ хуримын үеэр авсан гэрэл зургуудаар өдгөө гэрийнхээ ханыг гоёсон гэж Меган ярьсан байна.
Дуугүй байх
Хуримын дараа хааны гэр бүлийн гишүүд Меган Марклыг олон нийтийн өмнө үг хэлэхээс татгалзаж байхыг тулгасан тухай Сассексийн гүнгийн авхай хэлжээ. Уг ярилцлагын дараа гарах хариу үйлдлийн талаар асуухад Меган “Харри бид хоёрт тохиолдсон бүх зүйлийн дараа Букингемын ордон биднийг дуугүй байна гэдэгт найдаж болохыг ойлгохгүй байна” гэжээ. "Дуугарна гэдэг нь аливаа зүйлийг алдах эрсдэлтэй гэсэн үг. Бид аль хэдийн их зүйл алдсан" гэж тэрбээр хариулсан байна.