Кот-д’Ивуарт өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд “ялсан” эрх баригч намын тэргүүн Лоран Гбагбо, сөрөг хүчний намын Алласан Уаттара нар өөрсдийгөө Ерөнхийлөгч хэмээн зарлаж, тус тусдаа Засгийн газраа байгуулж эхэлсэн нь нийтийг хамарсан үймээн дэгдээж, мөргөлдөөнд хүргэж байна. Сонгуулийн төв хорооны дүнгээр Алласан Уаттара олонхийн санал авсан ч Лоран Гбагбо тус улсын хэд хэдэн мужид болсон санал хураалтыг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан юм.
НҮБ болон АНУ тэргүүтэй хэсэг орон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Сүүлийн гурван долоо хоногт гарсан мөргөлдөөнд 50 гаруй хүн амиа алдаж, 200 орчим хүн бэртэж гэмтсэн нь байдал хурцдаж байгааг гэрчилнэ. Тус улсад ажиллаж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчдын мэдээлж буйгаар зөрчлийг ямар нэгэн аргаар шийдэхгүй бол иргэний дайн ч гарч болзошгүй аж.
Анх 2005 онд товлогдсон ч хэд хэдэн удаа хойшилсон эл сонгуулийн явцыг ажигласан гадаадын мэргэжилтнүүд энэ талаар анхааруулж байсан юм. Кот-д’Ивуарын Ерөнхийлөгч Лоран Гбагбо олон улсын баг бүрдүүлж сонгуулийн дүнг нягтлан шалгахыг зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Тэрбээр “Африкийн холбооны төлөөлөгчдөөр ахлуулсан баг сонгуулийн дүнг шалгахыг зөвшөөрч байна.
Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд НҮБ, АНУ, Франц, ОХУ болон Хятадын төлөөлөгч орж болно” хэмээн мэдэгдсэн байна. Мөн цус урсгасан дайн, мөргөлдөөнийг хүсэхгүй байгаагаа тэрбээр онцолжээ. Африкийн хамгийн тогтвортой орнуудын тоонд зүй ёсоор багтдаг байсан тус улсад 2002 оны төрийн эргэлтээс болж, иргэний дайн дэгдэж байсан юм.
Х.ОДОНЧИМЭГ