АНУ одоогоос арван жилийн өмнө энх тайвныг сахиулахаар Афганистан улсад цэргээ оруулсан бөгөөд айсуй жил 11 дэх онтойгоо золгох нь. Тажикистан, Узбекистан зэрэг орнуудад цэргийн бааз байгуулаад зогсохгүй Өмнөд Солонгос болон манай улстай ч цэргийн дасгал сургуулилалт хамтран хийдэг энэ улс ирэх арванд дайны бэлтгэлийг Ази тивд хийж буй талаар www.opednews.com цахим хуудсанд тэмдэглэжээ. Түүнийг орчуулан хүргэе.
АНУ-ын 234 жилийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн урт хугацааны дайн Афганистантай холбогдоно. Тодруулбал, хоёрхон долоо хоногийн дараа хуанлийн хуудас эргэж, арваннэг дэх онтойгоо золгох аж. Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагааны дуусах хугацааг 2014 оноор хязгаарласан ч түүний хөрш Пакистан, түүгээр зогсохгүй Ази тив АНУ-ын цэрэг, дайны стратеги, үйл ажиллагааны талбар болжээ. АНУ 100 мянган цэрэг гаргаж, мөн түүний хагастай тэнцэхүйц тооны цэргийг НАТОгийн (Умард Атлантын гэрээнд нэгдсэн орнуудын байгууллага) эвсэл, түнш орнуудаасаа татаж, 2001 оны аравдугаар сарын 7-нд Афганистанд нэвтрэн орсноос хойш зэвсэгт мөргөлдөөн, иргэний эмх замбараагүй байдал тэнд бий болжээ.
Түүнчлэн шөнө дундын дайралт, бөмбөг тэсрэлт, амиа хорлох зэрэг нь Афганистан, Пакистан, Иранд хэвийн үзэгдэл болсон. Тагнуулын төв газраас илгээсэн сөнөөгч онгоцны халдлага зөвхөн энэ онд л гэхэд 108-аас хол давсан нь өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Пентагон болон НАТО-гийн эвсэл Төв болон Өмнөд Азийн Кыргызстан, Тажикистан, Узбекистан, Пакистан, Казахстан, Туркменистан зэрэг хэд хэдэн улсад цэргийн бэлэн байдал зарлажээ. Түүгээр зогсохгүй Хятадаас зүүн тийш, Оросын хойд хэсэг, Иранаас баруун тийшэх орнуудад цэргийн бааз байгуулсан байна.
Харин Монголд Номхон далайн цэргийн хороо, АНУ-ын Номхон далайн арми “Хааны эрэлд” цэргийн дасгал сургуулилалтыг хийдэг байна. Энэ оны “Хааны эрэлд”-д АНУ, Монголоос гадна Канад, Франц, Герман, Энэтхэг, Япон, Сингапур, Өмнөд Солонгосын цэргүүд оролцжээ. Ази, Номхон далайн ор - нуудаас гадна Хүйтэн дайны үеийн аюулгүйн гэрээнд нэгдсэн Австрали, Япон, Филиппин, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Тайланд мөн Бангладеш, Сингапур, Вьет - нам, Шри Ланк, Индонез, Зүүн Тиморын арал, Бруней, Малайз, Камбож зэрэг улсад АНУ цэргийн дасгал сургуулилалт зохион байгуулдаг аж.
Өнгөрсөн долдугаар сард Камбожид болсон “Angkor Sentinel” хэмээх хоёр долоо хоногийн цэргийн дасгал сургуулилалтыг АНУ зохион байгуулсан бөгөөд Их Британи, Франц, Герман, Ита - ли, Австрали, Энэтхэг, Индонез, Япон, Монгол, Филиппин зэрэг 26 улсаас оролцжээ. Үүнийг Камбожийн Ерөнхий сайд Хун Сен “АНУ Камбожийн хооронд цэрэг, дайны хамтын ажиллагаа хүчирхэгжсэний илрэл” хэмээн тодорхойлсон байна. Цаашилбал, ирэх оны тавдугаар сард “Angkor Sentinel-2011” ажиллагааг мөн л Камбожид зохион байгуулахаар болжээ.
Пентагоны талаар бас нэгэн баримт сөхөхөд тэд Гуамд 12.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, цэргийн “супер бааз” байгуулж буй аж. Энэ байгууламжид пуужингийн хамгаалалтын систем, цөмийн эрчим хүчээр цэнэглэгдсэн нисэх хүчин байрлах гэнэ. Түүнчлэн Шри Ланкаас өмнө зүгт 700 милийн зайд орших Их Британийн эзэмшдэг Энэтхэгийн далайн Диего Гарсиа хэмээх шүрэн арлын дэд бүтцийг сайжруулахад АНУ 197 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ талаар Оросын шинжээч Андрей Кортунов “цаашид цэрэг байршуулж, дайны зорилгоор ашиглах төлөвтэй” хэмээн тэмдэглэж буй аж.
Түүнчлэн Номхон далайн хойд хэсэгт Америкийн цэргийн байгууламж олон бий хэмээн тодотгожээ. Энэ сарын 1-нд АНУ, Өмнөд Солонгосын цэргүүд хамтран Улаан тэнгист дөрвөн өдрийн сургуулилалт хийсэн ба түүнийгээ “Хурц сэлэм 2011” хэмээн нэрийджээ. Америкийн цэргийн захирагч Майкл Муллен, хамтрагч Өмнөд Солонгосын генерал Хан Мин Күд “Хоёр тал цэрэг, дайны салбарт нягт хамтран ажиллана” гэсэн бол өнгөрсөн 15-нд генерал Уолтер Шарп Муллений мэдэгдлийг улам баталгаажуулж “Хойд Солонгосын дайралтад хариу цохилт үзүүлэхэд нь Өмнөд Солонгост бүхий л боломжоороо тусална” хэмээн амлажээ. Улирч буй аравны эхээр л Азийн дайнд оролцож эхэлсэн АНУ айсуй аравны дунд үе хүртэл мөн тэндээ байх нь. Харин XXI зуунд Пентагоны цэрэг, дайны үндсэн фронт нь Ази тив байх нь.
Б.ЦЭЦЭГСҮРЭН