Беларусийн Сонгуулийн төв хорооны тэргүүн Лидия Ермошина “Ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуульд хүн амын 90.66 хувь нь оролцсоноос одоогийн Ерөнхийлөгч А.Лукашенко 79.67 хувийн санал авч ялалт байгууллаа” хэмээн мэдэгдэв. Гаднынханд “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээн ад үзэгддэг, ард түмэндээ бол “Загалмайлсан аав” нь гэгддэг Александр Григорьевичийн хаанчлал юутай ч дахиад дөрвөн жил үргэлжлэх нь. Тус сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Виталий Рымашевский, Николай Статкевич, Григорий Коcтусев, Андрей Санников нарыг баривчлан саатуулж байсан.
Сонгуулийн кампанит ажил ид өрнөж байх үед эрс номхрон, сөрөг хүчнийхэндээ амжилт хүсэж байсан А.Лукашенко одоо л төмөр нударгаа харуулах нь хэмээн ажиглагчид үзэж байна. Түүнийг сонгуулийн дүн будлиантуулсан, хүмүүсээс санал худалдан авсан гэж үзсэн сөрөг хүчнийхэн хэдэн мянган хүний хамт Минск дэх Тусгаар тогтнолын талбайд жагсан, Сонгуулийн төв хорооны байр руу дайрсан нь үймээн үүсгэж хүний цус урсгахад хүргэжээ. Бухимдсан олон руу цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулагч ашиглан дайрснаас хэд хэдэн хүн хүнд гэмтэл авсан аж.
Беларусийн Дотоод хэргийн яамны ажилтнууд үймээнийг зохион байгуулсан гэх арваад хүнийг баривчлав. 17 жил энэ улсыг удирдахдаа А.Лукашенко өөрийн дэглэмээ тогтоож, хууль тогтоох дээд байгууллагаас эхлээд хууль сахиулах шатныхныг хүртэл атгаж чадсан нь ойлгомжтой. Дахин санал хураалт явуулахыг шаардсан 20 мянган хүний хөлд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Виталий Рымашевский хүртэл дайрагдаж, тархиндаа хүнд гэмтэл авсныг эмнэлэгт хүр гэсэн байна.
А.Лукашенко той өрсөлдөж зүрхэлснийхээ төлөө амссан шийтгэл үүгээр ч дууссангүй. Сөрөг хүчнээс нэр дэвшигч Владимир Некляевыг өчигдөр өглөө үл таних этгээдүүд зодож, хүнд гэмтээжээ. Ямар нэг дарамт, шахалтгүйгээр шударга сонгууль явуулахыг шаардаж буй энэ хүмүүс бүх нийтийн ажил хаялтад уриалж, түүнчлэн тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдэв. “Олон нийтийн хэв журам зөрчсөн эдгээр хүнд шийтгэл хүлээлгэх нь зүйн хэрэг” хэмээн Ерөнхийлөгч уг явдлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
ҮНЭНИЙГ БИТГИЙ ЯРЬ
ОХУ-ын НТВ сувгаар үзүүлсэн “Крёстный батька” (Загалмайлсан аав) баримтат кинонд Беларусийн иргэд Ерөнхийлөгчдөө хэрхэн хандаж буйг өгүүлсэн байдаг. Нүүрээ харуулахыг хүсээгүй тэр хүмүүс “Хана хүртэл чихтэй, Батька бүхнийг олоод л сонсчихно” хэмээн ярьж байсныг нь санаж байна. Олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар тус улсын иргэдийн дийлэнх нь Батькаг дэмждэг нь тогтоогдож, А.Лукашенког баярлуулж, сөрөг хүчнийхнийг гонсойлгож байв.
Харин энэ нь хөндлөнгөөс ажиглаж буй улс төрийн тоймчдыг эмзэглүүлсэн байх. Нэг хүний тогтоосон дэглэмд нухлагдсан энэ ард түмэн дэмждэгтээ бус, айдагтаа ингэж хэлдэг гэдэгтэй олон хүн санал нэгдсэн. Тэрбээр төрд тэрсэлсэн, үнэнийг хайсан хэнийг ч зүгээр орхидоггүй. Дөрвөн удаагийн сонгуулиар дөрвөн өөр байр суурь илэрхийлэн, дөрвөн өөр мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн А.Лукашенко өөрийн зургаан настай хүүгээ хаа сайгүй дагуулж явдаг, түүндээ л өөрийн нууцаа дэлгэдэг гэлцдэг нь үнэн болов уу (диктаторуудын моод ч юм шиг).
Дашрамд хэлэхэд, сонгууль, жагсаал, зодуулсан нэр дэвшигчийн тухай АНУ болон Европын холбоо хэлэлцэж эхлэв. Европарламентын тэр - гүүн Ежи Бузек “Болсон явдлыг олон улсын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Хүний эрхийг зөрчиж, ардчилсан ёсыг уландаа гишгэсэн энэ үйлдлийг зүгээр өнгөрөөх ёсгүй” хэмээжээ.
Х.ОДОНЧИМЭГ