Түүнийг чөлөөт сэтгүүлч, ил тод байдлыг эрхэмлэгч, гаж донтон, хариуцлагагүй этгээд гэхчnлэн янз бүрээр нэрлэдэг. XIX зууны үед Австралийг зорин ирсэн шотланд, ирланд цагаачдын удам, Италийн рок сэтгүүлийн нүүрийг чимэгч, хэвлэлийн баатар, зарим орны эрх баригчдын нүдэнд торсон хог, шүдэнд орсон мах ... Жулиан Ассанж гэж хэн бэ?
Тэрбээр Австралийн зүүн хойд хэсэгт орших Таунсвилл хотод 1971 онд төржээ. Хойд эцэг нь явуулын театрын захирал байсан тул түүний бага нас байнгын нүүдэл дунд өнгөрчээ. Энэ л цыган маягийн амьдрал түүний нүдийг нээн, шударга болоод шударга бус, үнэн худлын тухай эргэцүүлэхэд хүргэсэн гэдэг. 16 настай байхдаа Жулиан модем худалдан авч, дэлхийг хэрсэн аалзны торон сүлжээнд ажиллаж эхэлснээр амьдралынхаа замыг сонгосон.
Mendax буюу “Гайхамшигт худалч” нэрээр интернэтийн ертөнц өд алдаршсан тэрбээр томоохон компаниудын цахим хуудас болон дотоод сүлжээ рүү нэвтрэн мэдээлэл хулгайлдаг болов. Төдөлгүй Канадын “Nortel” холбоо харилцааны компанийн сүлжээнд халдсан хэргээр баривчлагдан торгуульж байв. Мельбурнийн их сургуульд элсэн орсон ч боловсролын салбарт хийж буй хөрөнгө оруулалт “но”-той санагдаад байхаар нь сургуулиа хаячихсан тэр нэлээд хүнд гарын тоонд ордог байлаа. Түүнээс хойш Жулиан хэд хэдэн мэргэжил сольсон ч компьютер, интернэт түүний амьдралд урьдын адил бүхнээс дээгүүрт тавигдаж байв.
“wikileaks”-ээс бүх юм эхэлсэн
Сэтгүүлчдэд ээлтэй, ил тод байдлыг эрхэмлэдэг Шведэд төвтэй, нарийн ширийн асуудлыг сөхөн, нийтэд хүргэх зорилготой “Wikileaks” цахим хуудсыг 2006 онд тэрбээр үндэслэснээс өнөөдрийн их дуулиан болон бусад зүйл эхэлжээ. Пентагоноос эхлэн сансар судлал хүртэл өргөн сэдвээр ноцтой, халуун бас дуулиан дагуулсан баримтуудыг нийтлэн дэлхийн чихийг дэлдийлгэсэн энэ мэдээллийн хэрэгсэл өнөөдөр бараг л феномен болоод байна. “Түшмэдийг цаазлах тухай Сомалийн лалын шүүхийн шийдвэр” гэх анхны нийтлэлийг нь тэр үед хүмүүс хэвлэлийнхэн зүгээр болжмор нисгэж байна хэмээн хүлээн авчээ.
Мэдээллийн эх сурвалжаа хэнд ч хэлдэггүй жудагтай Жулиан Ассанж “Афганистаны дайны тэмдэглэл” нийтлэлээ интернэтэд тавиад зогсохгүй дэлхийд данстай томоохон хэвлэлүүдэд илгээсэн нь хүчирхэг Америкийг Пентагонтой нь донсолгоод авсан. Энхийг сахиулах, хүний эрхийг хамгаалах зэрэг чихэнд чимэгтэй үгсээр бамбай хийсэн энэ дайны цаад учир шалтгааныг мөн хэчнээн энгийн иргэний цус урсаж байгааг хүмүүст хүргэж чадсан нь жинхэнэ тэсрэлт болов. Уг нь хүн бүр дотроо тааварлаж байдаг, тэгсэн атлаа зоригтойхон хэлчихэж чаддаггүй тэр үнэнийг “Wikileaks” гуйвуулалгүй, чимэг зүүлтгүйгээр, баримтаар гаргаж ирсэн нь тэдний хувьд амжилт, бас хэн нэгний хувьд азгүйтэл байв.
Дараа нь “Ирак vs Пентагон” гэсэн танил схемээр дахиад л шуугиан дэгдээв. Энэ удаа Америк харин чимээгүй болчихов. Иракийн дайны талаарх баримтууд сүлжээнд тавигдсаны хажуугаар Цагаан ордон нүдээ аниад өнгөрс өн. Одоогийнхтойгоо харьцуулбал цөөн хэрэглэгчтэй байсан энэхүү цахим хуудас бүхний сонирхлыг татаж, өөрийн гэсэн шүтэн бишрэгч, дэмжигчидтэй болж, энэ хэрээрээ эрсдэл дагуулж, Жулиан Ассанж бараг л 1970-аад оны Жим Моррисон шиг, 2000 оны Бритни Спирс шиг “хэвлэлийн баатар” болов.
Өнөө хүртэл тогтсон орон гэргүй, гэр бүлгүй, цонхны хөшгөөр өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлан, интернэтээр амьсгалж амьдардаг түүнийг хэрэгт чихэж, амыг нь барих сонирхол хэн нэгэнд төрсөн ч байж болох. Юм хоёр талтай гэдэг дээ. Нэрээ “Мисс А” хэмээн нууцалсан швед бүсгүй “Жулиан Ассанж намайг хүчиндсэн” хэмээн зарлав. Бас л нэр нь үл мэдэгдэх өөр нэг бүсгүй ийм шалтгаанаар шүүхэд хандлаа. Стокгольмийн нэг сонинд “Афганы дайны мэдээллийг нийтэд дэлгэснээс болж намайг гүтгэж байна” гэж Жулиан захиа бичсэний дараа энэ хэргийг хүчингүй болгож, түүнийг буруутгахаа зогсоосон байна.
Дипломатууд ч хов ярьдаг
Дэлхийн олон оронд ажиллаж буй Америкийн дипломатуудын нууц зэрэглэлтэй захидал, цахилгаануудыг гартаа оруулсан “Wikileaks” дахиад л “бөмбөг дэлбэлэв”. Улс орнуудын удирдагчдыг янз янзаар (ихэнх нь таагүй) хэлж, макро асуудлуудын микро хэсгийг Цагаан ордонд дуулгадаг эх сурвалжуудын нэр ус, тоо баримт нийтэд дэлгэгдлээ. Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ, Цагаан ордон Жулиан Ассанжийг хууль бус үйлдэлд буруутган зэмлэж, Интерполоор эрэн сурвалжилж, Их Британийн цагдаа нар түүнийг баривчлан Вестминстрийн шүүхэд шилжүүлэв. Өмнө нь хаагдсан хүчингийн хэргийг дахин шалгахаар болж, Швейцарийн банкин дахь түүний дансны гүйлгээг хааж, “Visa” болон “Mastercard” “Wikileaks”-ийн хандивыг шилжүүлэхээ зогсоов. Түүнчлэн “Facebook”, “Twitter” дэх Жулиан Ассанжийн аккаунтыг ч хаажээ. Хакерууд түүнийг өөрийн хүн хэмээн өмгөөлж, иргэд түүнийг дэмжих хөдөлгөөн эрчимтэй өрнүүлж эхэллээ.
Шоронгоос Нобелийн шагнал руу явах уу
Кенийн эрх баригчид авлига авдгийг илчилсэн баримт нийтэлснийх нь төлөө хүний эрхийг хамгаалах “Amnesty international” байгууллагаас Ассанжид Олон улсын шагнал олгосон юм. “The Guardian” сонин дэлхийн хамгийн нөлөөтэй иргэдийг тодруулахад тэрбээр 58 дугаар байрт жагслаа. “Татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгддэг Засгийн газар ямар нэгэн зүйлийг нуун далдална гэдэг эрүүл бус сэтгэлгээ. Тэгээд ч булхайтай, эргэлзээтэй, ноцтой юмыг л хүн нуудаг шүү дээ” хэмээн тэрбээр нэгэнтээ өгүүлсэн билээ.
Ардчилсан, хүнлэг эрин зуунд хэн нэгний ашиг сонирхлоос болж хүний амь үрэгдэж, сэтгэлгээний төөрөгдөлд орсоор байгааг зогсоохыг эрмэлздэг гэж түүнийг дэмжигчид үзэж байгаа юм. Нэг өнцгөөс харахад, мэдээлэл гэдэг өөрийн үнэ цэнэтэй, зах зээлтэй бараа болсон өнөөгийн нийгэмд тэр авьяас чадвараа ашиглан мөнгө олж, өөрийгөө нэрд гаргаж байгаа овжин этгээд мэт харагддаг.
Өөр нэг өнцгөөс харвал одоо, ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэгч. Түүнийг шоронд суулгах, эсвэл суллах нь одоо тодорхойгүй байгаа. Зарим ажиглагчийн үзэж буйгаар Жулиан Ассанж ирэх оны Нобелийн шагналыг хүртэх магадлал өндөр байгаа гэнэ. Юутай ч вэб анчин, мэдээллийн хулгайч, Америкийн эсрэг үзэлтэн гэгдэн хавчигдаж буй түүнийг дэмжих, туслах хүн мундахгүй нь.
Х.ОДОНЧИМЭГ