Украины Ерөнхий сайд асан, “улаан шар хувьсгал”-ын загалмайлсан эх Юлия Тимошенког албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэдэг, авлига авсан хэргээр эрүү үүсгэн шалгаж эхэллээ. Энэ долоо хоногт гурав дахь удаагаа шүүхэд дуудагдаад байгаа түүнийг Киевээс гарахыг хоригложээ. Тус улсын эрүүгийн хуулийн 365 дугаар заалтыг зөрчсөн гэх түүнийг баривчлах нь зүйтэй хэмээн ажиглагчид нь үзэж буй.
Киотогийн протоколд заасны дагуу хүлэмжийн хийг багасгахад зориулан улсаас гаргаж буй мөнгийг Юлия Тимошенко завшсан гэх яриа өнгөрсөн жилээс гарсан. Украины Прокурорын төв газарт өмгөөлөгчгүй хүрэлцэн ирсэн тэрбээр “Үндэслэлгүй гүтгэлэг ашиглаж сөрөг хүчнийхнийг хоморголон баривчилж эхэлсэн нь үнэхээр харамсалтай” гэж мэдэгдсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович ардчилсан нийгэмд байж боломгүй зан гаргаж буйг тэрбээр мөн онцлов. Ирэх даваа гаригт мэдүүлэг өгөх “төмөр хатагтай” өмгөөлөгчтэйгээ хамт ирэхээ ч мэдэгдсэн юм.
Юлия Тимошенкогийн хамтрагч Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко, Байгалийн нөөцийн сайд асан Георгий Филипчук нарыг ч мөн дээрх зүйл ангиар эрүү үүсгэн саатуулжээ. Хууль зөрчсөн нь тогтоогдвол тэдэнд 3-6 жилийн ял оноож магадгүй байна. “Юлия Тимошенког шалгаж байгаад улс төрийн ямар нэг ашиг сонирхол байхгүй” хэмээн Украины эрх баригчид мэдэгдсэн юм.
Улстөрчийнх нь нэр хүнд сүүлийн жилүүдэд буурсаар байгаа “төмөр хатагтай” байцаалт, шалгалтын дүнд буруугүй гэдэг нь тогтоогдоно хэмээн найдаж байгаа гэнэ. Харин олон улсын тусламжийг завшсан нь үнэн бол түүний карьерт төгсгөл ирнэ хэмээн тоймчид онцолж байна.
Х.ОДОНЧИМЭГ