Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс айл өрхүүдийн болон зарим үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны төлбөрийг төрөөс хариуцах шийдвэртэй холбоотойгоор өчигдөр мэдээлэл хийлээ. Уг шийдвэрийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Цэвэр, бохир усны хэрэглээг зохицуулах түр журам боловсруулжээ. Өнгөрсөн оны судалгаагаар хот, суурин газрын ус хангамжийн үйлчилгээнд 755.7 мянган хэрэглэгч хамрагдаж байгаагаас 728.1 мянга нь айл өрх, 27.8 мянга нь аж ахуйн нэгж, байгууллага байна. Эдгээрээс 341.1 мянга нь орон сууцны айл аж. Төрөөс хариуцах төлбөрт цэвэр, бохир усны төлбөр, суурь хураамж, гэр хорооллын худгаас болон зөөврөөр хүргэх усны төлбөр, бохир татан зайлуулах үйлчилгээ багтжээ. Гэхдээ иргэд арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө хэрэглэсэн цэвэр, бохир усны хуримтлагдсан өр төлбөрөө өөрсдөө төлнө. Тухайлбал, орон сууцын айлууд контортоо цэвэр, бохир усны тоолуурын заалтаа цаг тухайд нь өгдөггүйгээс их хэмжээний өр хуримтлагдсан тул төлж барагдуулахыг албаныхан зөвлөлөө.