Сүүлийн үед дэлхийн баячууд тэр дундаа хөгжингүй орны тэрбумтнууд аль болох тансаг хэрэглээнээс татгалзах болжээ. Тэд эд баялгаа гайхуулах нь бүдүүлэг хэмээн маш энгийн амьдрахыг илүүд үзэж байна. Гэхдээ тэдгээрээс огт өөр төрлийн баячууд бас байх аж. Тэд нэг төгрөг болгоны хойноос үхэн хатан зууралддаг бөгөөд хэдэн тэрбум мөнгөтэй байх нь тийм чухал биш бололтой. Хорвоо ертөнцийг ядуу гэж үздэг хүнийг мөнгө баян болгож чаддаггүй гэдэг. Их мөнгө тийм хүмүүсийн хачин жигтэй зан аашийг улам тодотгодог аж. Тэдгээр тэрбумтнуудын хэт нарийн харамч нэг ёсны нүгэл нь эргэн тойрныхныг гайхшруулахын зэрэгцээ хувийн амьдралыг нь ихэд сонирхдог аж Нарийн, харамч зангаараа алдартай таван тэрбумтныг толилуулж байна.
1.Алдарт жүжигчин Чарли Чаплин бол маш баян хүн байсан бөгөөд долоо хоногт одоогийнхоор 220,000 доллар олдог байжээ. Гэхдээ түүнтэй нэг цаг үед амьдардаг байсан хүмүүс Чаплиныг хэмнэлттэй амьдрах эмгэгтэй хүн гэж нэгэнт тодорхойлсон байдаг. Тухайлбал, тэрээр хүмүүстэй наргиж цэнгэж, хооллох дуртай байсан боловч төлбөрөө хийх гэж хэзээ ч зүтгэдэггүй байсан байна. Тэр хүмүүс дундаас алдарт Чаплиныг даах нэгэн гарч л таараа шүү дээ. Баячуудын амьдардаг Беверли Хиллс дүүрэгт шинэ байшин бариулахдаа жинхэнэ барилгачдыг бус харин киноны тайз хийдэг багийг хөлсөлжээ. Мэдээж үүний үр дүнд хүчтэй салхинд уначих шахсан байшин боссон аж. Энэ байшиндаа Чаплин өөрийн олон эхнэрийн нэг Милдред Харрисаа авчирсан ч бүсгүй тэр байшинд удаж чадалгүй хоёр жилийн дараа жүжигчнээс салсан байна.
2.Гучаад жилийн өмнө Жон Гетти 4 сая долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүн байлаа. Газрын тосны магнат түүнээс саятан битгий хэл жирийн нэгнээс гарахааргүй нарийн зан илэрдэг байв.Тэрээр өөрийн гэрт гудамжны төлбөртэй утас суурилуулсан нь тэднийд ирсэн зочдын ярианы ярианы төлбөрийг төлөхгүйн тулд ингэжээ. 1973 онд Геттигийн ач хүүг хулгайлан барьцаалсан боловч өвөө барьцааны мөнгийг төлөхөөс эрс татгалзжээ. Гагцхүү жаалхүүгийн огтолсон чих бүхий дугтуй хүлээн авсны дараа л Геттигийн зүрх бага зэрэг хайлсан аж. 10 хоногийн дотор 3.2 сая доллар төлөхгүй бол ач хүүг хэсэг хэсгээр нь шуудангаар илгээх болно гэсэн гэмт этгээдүүдийн амлалт ч саятны харамч нарийн занг өөрчлөөгүй байна. Тэрээр гэмт этгээдүүдэд жилийн 4% хүүтэй зээл хэлбэрээр олгохыг зөвшөөрснөөр сая гаруй доллар хэмнэн нийт 2 сая доллараар ач хүүгээ суллажээ. Геттигийн тайлбарласнаар бусад 14 ач зээ нараа хулгайлагдах эрсдэлд оруулахыг хүсээгүй үүнээс ийм алхам хийсэн аж. Харамсалтай нь хулгайлагдсан ач хүү амьдралд нь тохиолдсон аймшигт явдлаас болж сэтгэцийн эмгэгтэй болж хар тамхинд донтсоноор эцэст нь хараагүй болсон байна. Жон Гетти тэнгэрт халихдаа 142 сая долларын эргэлттэй, 12000 ажилтантай компани, нийт 4 тэрбум долларын хөрөнгө үлдээжээ.
3.Генриетта Грини ХХ зууны Америкийн агуу санхүүч байв. Түүнийг нас барахад хөрөнгө нь 100 сая доллароор хэмжигдэж байжээ. Энэ мөнгө өнөөдөр 20 орчим тэрбум доллартой тэнцдэг. Гринигийн эзэмшилд бүхэл бүтэн орон сууцны хороолол байсан ч эмэгтэй өөрөө бүх насаараа хямдхан сууц хөлсөн суудаг байж.Өглөөний цайгаа нийтийн халаалтын паран дээр халаадаг байсан бөгөөд цахилгаан зуухан дээр хийх нь хэтэрхий үнэтэй хэмээн үздэг байв. Хүүгийнх нь хөл үрэвсээд байхад үнэ төлбөргүй эмнэлэг хайсаар цаг алдсан тул хүүгийнх нь хөлийг нь тайрсан байдаг. Түүний гэрийн үйлчлэгч хэтэрхий үнэтэй сүү авсан гэж үзсэн Гринигийн сэтгэл хэт хөдөлсний улмаас цус харван 82 насандаа нас баржээ.
4. Газрын тосны магнат Гарольд Хант асар баян хүн байсан. Тэрээр эцгийнхээ үлдээсэн 6000 доллароор бизнесээ эхлүүлсэн байна. Зөв хөрөнгө оруулалт түүний амжилтад хүргэснээр "Hunt Oil" компанийг үүсгэн байгуулж газрын тосны чиглэлээр ажиллах болжээ. Түүний ажил маш амжилттай явсан бөгөөд амьдралынхаа эцэс гэхэд 3-5 тэрбум долларын хөрөнгөтэй болсон аж. Хэдий хөрөнгө нь тэрбумаар тоологдох ч Хант зогсоолын 50 цент хэмнэх үүднээс машинаа ажлын газраасаа хэдэн гудамжны цаана үлдээдэг байж. Бас үсчинд мөнгө үрэхгүйн тулд өөрөө үсээ засаж, нэг хувцсаа салбарч хуучиртал нь өмсдөг нэгэн байв.
5. 2020 онд “Forbs” сэтгүүлийн хувилбараар дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад 85 тэрбум долларын хөрөнгөөрөө дөрөвт бичигдсэн Уоррен Баффет маш даруухан машин унадаг бөгөөд бүгд түүнийг THRIFTY (арвич хямгач) гэсэн бичигтэй дугаараар нь таньдаг гэнэ. Энэ нь яахын аргагүй түүний мөн чанарыг илтгэх аж. 40 гаруй жилийн өмнө 30,000 доллароор худалдаж авсан жижигхэн байранд амьдардаг. Тансаг эд зүйл худалдаж авдаггүй. 90 нас зооглож байгаа ч тэрээр түргэн хоолны газар хооллодог.