Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2020” тайланг өчигдөр танилцуулав. Энэ оны эхний хагас жилд манай улсын эдийн засаг 9.7 хувиар агшин, экспортын хэмжээ 31.2 хувиар буурч, урсгал дансны алдагдал ДНБ-ий 14.7 хувь хүртэл өсжээ. Мөн зургаан сарын хугацаанд валютын нөөц 18.2 хувиар багассан бол 27 939 иргэн ажилгүй болсон аж. Энэ нь дээрх банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан төсөөллөөс бүх үзүүлэлтээрээ “муудсан” дүн гэнэ. Тэгвэл оны эцэст эдийн засаг 2.6 хувиар агшин, дундаж инфляц 5.6 хувьтай байх төсөөллийг танилцуулав. Мөн Монгол Улсын эдийн засаг ирэх онд 5.1 хувиар өсөн, инфляц 8.2 нэгжид хүрэх таамаг гаргажээ. Эдийн засаг ийнхүү сэргэхэд нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтын хэмжээ өсөн, олон улсын зах зээлд алт, зэсийн ханш нэмэгдэж буй нь дэмжлэг болохыг тус банкны ахлах эдийн засагч С.Болд дурдлаа. Гэхдээ цар тахлын нөлөөгөөр ажилгүйдэл нэмэгдсэн, гадаад өр төлөх хугацаа давхцан, төсвийн алдагдал өссөн зэргээс шалтгаалан эдийн засгийн нөхцөл дээрдэхгүй байх магадлалтай гэв. Түүнчлэн АХБ-ны суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий “Цар тахлын дараа улс орнууд эдийн засгаа сэргээх, ажилгүйдлийг бууруулж, үйлдвэржилтээ нэмэгдүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлага тулгарна. Богино хугацаанд хөл дээрээ босохын тулд юуны түрүүнд хүн амын эрүүл мэндийн эдийн засгийг хөгжүүлэхийг чухалчлах учиртай” гэлээ. Түүнчлэн улсын хэмжээнд эдийн засгаа чадавхжуулах, бүх салбар дахь технологийг сайжруулж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх нь цар тахлын үед болон дараа нийгэм, эдийн засагт гарах сөрөг нөлөөг бууруулж, хямралаас сэргийлэхэд дэм болохыг онцлов.