АН-ын нийслэлийн хорооноос ИТХ-д 45 мандатын 37-д нь нэр дэвшүүлжээ. Бусад найман суудалд МАХН-аас гишүүдээ сойх юм. АН, ШИНЭН, МАХН энэ удаагийн орон нутгийн сонгуульд саналаа хуваахгүйн тулд эвсэн оролцож буй. Өөрөөр хэлбэл, АН-аас 37 нэр дэвшигч очсон тойрогт МАХН хүнээ илгээхгүй хэмээн тохиролцсон. Харин ШИНЭН-ыг Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас гарч байгуулсан билээ. Иймд зарим хүнийг АН-ын нэрийн өмнөөс дэвшүүлэхээр болсон байна.
Нийт нэр дэвшигчийнх нь 13 хувь нь 25-35, 57 хувь нь 35-45, 28.9 хувь нь 45-50 настай аж. Тэдний дундаж нас 41 байна. Мөн 11 эмэгтэйг нэр дэвшүүлжээ. Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргаар ажиллаж байсан 18 нэр дэвшигч байгаа бол 27 нь анх удаа өрсөлдөх гэнэ.
Энэ талаар АН-ын нийслэлийн хорооны дарга Д.Пүрэвдаваа, МАХН-ын нийслэлийн хорооны дарга Э.Эрдэнэжамъян нар мэдээлэв. Д.Пүрэвдаваа “Залуу, эрч хүчтэй, хамгийн гол нь хотоо гэсэн сэтгэлтэй хүмүүс шинэ санаа, санаачилгаар дүүрэн өрсөлдөнө. Бид хийж бүтээх хүсэл дүүрэн сонгуульд оролцож байна. Эх орон уруудан доройтох зам руугаа орж буй энэ үед бид эрс шийдэмгий алхам хийнэ. Дүүжин замаар жуулчид л зорчих боломжтой. Үүгээр нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг шийдэхгүй. Замын түгжрэл өдгөө дээд хэмжээндээ хүрлээ. Нийтийн тээврийг хөгжүүлж, аюулгүй байдлыг хангах, технологийн шийдэлтэй уялдуулах зэрэг арга хэмжээ авч байж Улаанбаатарыг хөгжүүлнэ. Улаанбаатарын иргэдэд үзүүлж буй 500 гаруй үйлчилгээг зайнаас, цахим технологи ашиглаж нэвтрүүлнэ” гэсэн бол Э.Эрдэнэжамън “Намууд эл нэгдлийг бий болгоход нэлээд хугацаа, хүчин зүтгэл шаардлаа. Иргэд, энд нэгдсэн намуудын гишүүд, дэмжигчид ч үүнийг хүссэн. Хэдийгээр энэ эсвэлд багтаагүй ч бидэнтэй нэгдэж ажиллахаа илэрхийлсэн олон нам бий. Намууд тус бүртээ нэр дэвшигчээ тодруулсан. Бүгдийг нь шигшиж нэр дэвшүүллээ” хэмээв.