Манай улс өмнөд хөршийн Засгийн газартай хамтран “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” олон улсын төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт 2018 оноос туршилт, судалгаа эхлүүлсэн хоёр орны судлаачид Эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны төвтэй болжээ. Суурин судалгааны төвтэй болсноор Монгол орны бэлчээрийн талхлалт, газрын доройтлын зэргийг үнэлж, үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох юм. Түүнчлэн эрс тэс уур амьсгалтай, газар зүйн олон хэв шинж бүхий бэлчээрийг нөхөн сэргээх технологи нутагшуулах, олон наст, үет, буурцагт ургамлын сортуудыг тариалж, нөхөн сэргээх аж. Судлаачдын тандалтаар Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумд бэлчээр хамгийн их доройтсон нь тодорхой болжээ. 2006 онд Булган аймгийн нийт газар нутгийн 16.4 хувь нь доройтсон гэж үнэлэгдсэн бол өнгөрсөн жил 45.9 болж өсжээ. Хүчтэй доройтож, эвдэрсэн газрын хэмжээ сүүлийн 13 жилд 9.6 хувиар нэмэгдсэн байна. Эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны төв жил бүр дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл ажиллах юм.
Булган аймгийн бэлчээрийн үнэлгээ