Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өчигдөр мэдээлэл өгөв. Дээрх чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэх шаардлагыг жолооч нар Засгийн газар, холбогдох яамд, нүүрсний компаниудад тавиад буй аж. Тодруулбал, тэд “Эрдэнэс Тавантолгой” компанийг борлуулж буй нүүрснийхээ тээврийн тарифыг нэмэгдүүлэхэд анхаарахыг хүсжээ.
“Эрдэнэс Тавантолгой” нь нүүрс олборлож, борлуулдаг компани. Тэднийхээс нүүрс авсан компаниуд тээвэрлэлтээ өөрсдөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ямар үнээр, аль компаниар тээвэрлүүлэхийг тухайн худалдан авагч хариуцдаг. Гэвч Монголын тээврийн компаниудын, жолооч нарын эрх ашиг хохирсон тохиолдол гарсан учраас үүнд анхаарч, нүүрсний тээврийн үнийг 80+ хэмжээнд (нэг тонн нүүрсийг 80 юаниас доошгүй үнээр тооцож тээвэрлэх) барихаар шийдвэрлэснийг мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Б.Цэндмаа