Жил бүр оготоно, царцаанаас болж өч төчнөөн бэлчээр сүйтгэгдэж байна хэмээн ам уралдан ярьдаг. Пестицидийн үлдэгдэлтэй хүнсний ногоо худалдаалагдаж буй мэдээллийг дасал болтлоо сонсдог. Гадаадаас импортолж буй ургамал хамгааллын химийн бодисуудын чанар, хэрэглээний тухай халаглан ярьдаг хэрнээ энэ бүхнийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалдаг, хамгаалдаг үндэсний ганц хүрээлэн нь нэг албан байгууллагын булан тохойд ажлын байрны наад захын шаардлага хангахгүй нөхцөлд судалгаа, шинжилгээгээ явуулж байгааг бид анзаардаггүй.
Улсдаа ганц байх Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 60 гаруй жилийн түүхтэй. Монгол орны бэлчээр, ой, хадлан, таримал ургамлын өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтны олшролын прогноз боловсруулсны үндсэн дээр байгаль орчинд халгүй дэвшилтэт арга технологи боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээний үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.
Мөн 8 лабораторитойгоос хөрс, ургамал, бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл шинжилдэг үндэсний хэмжээний лаборатори тус хүрээлэнгийнх. Хагас жарныг элээсэн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид олон жилийн судалгаа шинжилгээнд тулгуурлан байгаль орчинд халгүй, импортыг орлох ургамал хамгааллын био бэлдмэл, дэвшилтэт арга технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсээр буй.
Гэвч шинжлэх ухааныг үл ойшоогчдын балгаар тус тусдаа байх ёстой лаборатори нэг өрөөнд, 50 гаруй мэргэжилтэн, судлаач нар нь 10 хүрэхгүй өрөөнд ажиллаж байна. Тухайн хүрээлэн өнгөрсөн 2013 онд стандартад нийцсэн өөрийн байртай болохоор зураг төслөө хийлгэсэн ч төсөв санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар жил бүр хойшлогдсоор өнөөг хүрчээ. Хэдийгээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хүний амьдрах нэн тэргүүний хэрэгцээ мөн ч 1000 хүрэхгүй сурагчтай зарим суманд 2000 хүүхдийн 4 давхар сургууль баригдаж байгаа нь нууц биш. Энэ мэт тойрог, тойрогтоо зам тавьж, барилга барих УИХ-ын гишүүдийн их өрсөлдөөний тулаанд тухайн барилга баригдах асуудал ялагдсаар өнөөдөртэй золгожээ.
Аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын тулгуур асуудлын нэг нь хүнсний баталгаат байдал юм. Эрүүл баталгаат, хүнсээр хүртээмжтэй хангагдаж байж тухайн улс орны аюулгүй байдал хангагдана гэж үздэг. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг Монгол орны хувьд бэлчээрийн ургамал нь аливаа өвчин хортоноос ангид байж бид эрүүл мах, эрүүл хүнсээр хангагдах нөхцөл бүрдэнэ. Тиймээс л УРГАМАЛ ЭРҮҮЛ БОЛ ХҮНС ЭРҮҮЛ, ХҮНС ЭРҮҮЛ БОЛ ХҮН ЭРҮҮЛ хэмээн тодорхойлдог.
Мөн Монгол орны стратегийн хүнс бэлтгэдэг газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэл хөгжихийн хэрээр химийн бодисын хяналтгүй хэрэглээ нэмэгдэж энэ нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ мэт хүн төрөлхтөний анхдагч хэрэгцээ болсон хүнсний хангамж, эрүүл ахуйн асуудал нь олон хүчин зүйлээс шалтгаалах хэдий ч ургамал, хамгааллын шинжлэх ухаан шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч үндэсний аюулгүй байдлын тулгуур асуудал болсон ургамал, хүнсний ногоо, үр тариаг элдэв өвчин, хортон, мэрэгчдээс сахин хамгаалагч тус байгууллага өөрийн гэсэн байргүй өнөөг хүрч байна.
Тус эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн, дэвшилтэт арга, технологи манай нийгэмд тулгамдаж буй ямар ямар асуудлыг шийдвэрлэдгийг доор дурдав.
Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуульд үндэсний баялаг хэмээн тунхагласан мал сүргийн бэлчээрийн 30-40 сая га талбайд үлийн цагаан оготно тархсанаас 10 сая га бэлчээрт голомт үүсгэж хөнөөл учруулж байна. Үнсэн нурам болтол талхлагдсан бэлчээрт мал идэх өвсгүй болсноос оготно барьж идэж олноороо бөөнтөж үхэж байгааг малчид ярьдаг. Зөвхөн царцааны уршгаар бэлчээрийн ургац 1,5-2,4 ц/га-аар буурдаг болох нь тус хүрээлэнгийн судалгаагаар тогтоогдсон. Тиймээс хүрээлэнгийн эрдэмтэд, биологийн аргаар бэлчээр сүйтгэгчтэй тэмцэх арга, технологийг амжилттай нэвтрүүлсэн.
Хоёрдугаарт, Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийхээ 40-50%, жимс жимсгэнийн 90 орчим хувь, үр, суулгацын ихэнхийг импортоор авдаг манай орны хувьд гаднаас хорио цээртэй өвчин, шавж, хог ургамал, мэрэгч амьтан нэвтэрч, тархах эрсдэл нэмэгдсээр байна. Зарим баримт дурдвал: Монгол оронд байгаагүй шүлхий хачиг, цагаан далавчит, лоолийн дугариг хорхой г.м хөнөөлт организм нутагшин тархсанаас хүлэмжийн таримлын ургац зарим жил 70-80 хувь хүртэл алдагддаг. Үр тариа, төмс, хүнсний ногооны ургац өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтны нөлөөгөөр 20-30%-иар буурдаг. Манай оронд өргөн тариалагдаж байгаа экспортын бүтээгдэхүүний эх үүсвэр болох чацарганын жимсний 70-80% цоохор ялааны уршгаар устаж байна. Энэ бүх судалгааг хүрээлэнгийн судлаачид боловсруулж, тохирох арга технологийг боловсруулдаг.
Гуравдугаарт, Монгол орны ойн бүрхэвч хөнөөлт шавжид идэгдсэний улмаас зөвхөн өнгөрсөн онд 100 гаруй мянган га талбайн ой мод сүйджээ.
Дөрөвдүгээрт, Хөнөөлт организмаас ургацаа хамгаалахын тулд тариаланч, ногоочид, иргэд элдэв төрлийн химийн бодисыг хяналтгүй хэрэглэж байгаа нь ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл үүсч байна. Хүн амын дунд зүрх судасны болон хоол боловсруулах эрхтэн систем, хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас баралтын гол шалтгаан болж байгаа нь ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой болох нь нэгэнт тодорхой болсон байдаг. Үүнээс сэргийлэх байгалийн гаралтай био бүтээгдэхүүнийг туханй хүрээлэнгийн судлаачид боловсруулсан.
Монгол Улс, Oлон улсын Ургамал хамгааллын конвенцийн гишүүн орны хувьд (2009 онд элссэн) хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагаа явуулахад улсын хэмжээнд энэ асуудлыг хариуцдаг цорын ганц хүрээлэн нь ”Улсын онцгой объект” байх учиртай. Харамсалтай нь энэ хүрээлэн өнөөг хүртэл өөрийн гэсэн ажлын байр байхгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд тус хүрээлэнгийн чадавхийг нэмэгдүүлж, судалгааны ажлыг дэлхийн түвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхэд лабораторийн зориулалттай ажлын байр нэн түрүүнд шаардлагатай байна.
УРГАЦЫГ ХҮСВЭЛ УРГАМАЛ ХАМГААЛЛЫГ ХҮС!
Хүрээлэн буй орчин, хүнсний бүтээгдэхүүнд Пестицидийн үлдэгдлийг хянах нь маш чухал байна…
Үлийн цагаан оготны бэлчээрт учруулсан хөнөөл
Төмс, хүнсний ногооны хөнөөлт организмаар бохирлогдсон байдал
Өвчин, хөнөөлт шавжид нэрвэгдсэн ой
Бэлтгэсэн: Р.Батчимэг