АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс бямба гарагт хөөрсөн “Crew Dragon” хөлөг онгоц 19 цаг ниссэний дараа аялж олон улсын сансрын станцад (ОУСС) амжилттай хүрчээ. NASA- ийн сансрын нисгэгч Р.Бенкен, Д.Херли нар ОУСС-д 110 хүртэлх хоног байх төлөвтэй аж. “NASA”-гийн дарга Жим Бриденстайн “SpaceX” компанийн “Crew Dragon”-ы гүйцэтгэсэн даалгаварт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. “NASA”-гийн хувьд “Space Shuttle” хөтөлбөр 2011 онд зогссоноос хойш сансрын нисгэгчдийг ОУСС-д хүргэх сансрын хөлөг бүтээх чиглэлд хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн нь маргаан дагуулаад байсан хэдий ч ийнхүү амжилтад хүрсэн байна. 2002 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш энэ цаг мөчийн төлөө хөдөлмөрлөсөн “SpaceX” компанийн хувьд энэ бол маш том амжилт юм.